solongonews
Нууц амраг буюу урилгагүй зочдын талаар
2015-12-28 18:21
 
“Тэр өдөр аав минь өөр эмэгтэйтэй хөтлөлцөөд явж байхыг би харчихсан. Тэр хүүхнээ үнсэж үнгэж байгаа нь үнэхээр гутмаар. Тэр цагаас хойш би аавтайгаа юм ярихаа больсон ч ээждээ юу ч хэлээгүй. Аав өнгөрсний дараа ч би харамсаагүй. Одоо ч харамсдаггүй, харин ч үзэн яддаг” гэж нэгэн танил минь ярьсан юм. Хатуу үг байгаа биз.
 
Тэнгэр нүдтэй гэдэг. Бидний болохгүй, бүтэхгүй байгааг тэр яаж ийж байгаад л илчилчихдэг. Магадгүй хэзээ ч хэн ч мэдэхгүй гэж бодсон зүйлийг маань хүртэл бусдын нүдэнд өртүүлчихдэг үйлийн үрийн эзэн юм шиг. Гэр бүлээсээ урваж, хайраар дүүрэн гэрт өсөх учиртай үрсээ өнчрүүлж, орчлонгоос одсоныхоо дараа ч хамгийн хайртай хүмүүстээ үзэн ядагдаж, хараал харуулсын бай болж ясаа өндөлзүүлнэ гэдэг юутай аймшигтай. 
 
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт Дархан аварга Х.Баянмөнх гуай “Энэ биеэ ханиасаа өөр хүнтэй хуваалцаж явсангүй. Элдэв юм харж, илүүд дурлаж үзээгүй” хэмээн хэлж байсныг нь мартдаггүй юм. Монгол үндэстний их бахархал, эр бяраараа шагшигдсан энэ эрхэм хүмүүний амнаас ийм үг унахад эр хүний жудаг, ханилсан ханиа дээдэлсэн монгол ухааныг мэдэрч билээ.
 
“Ханилснаа зовоовол өөрөө л зовно доо” гэсэн дууны үг ч бас толгойд байнга л буудаг юм. Даанч амьдралд жин дараад байгаа нууц амрагтай холбоотой яриа, бүр үйлдэл дээрээ баригдсан тохиолдлууд, үр хүүхэд, хань ижлийнхээ нулимсанд цадах болоогүй хүмүүсийг яах вэ. Тэнгэрийн гэсгээл гэж байдаг бол хэзээ нэг цагт ирэх нь тодорхой боловч хэн нэгэн энэ буруу зам руу хальтрахаас нь өмнө татаж авах боломж байдаггүй юм болов уу. 
 
Нууц амрагтай болсон эрчүүд, эмэгтэйчүүдийн талаарх судалгааг авч үзвэл гэр бүлийн үл ойлголцол, халамж анхаарал дутагдсанаас, ажил мэргэжлийн онцлогоос зэрэг ерөнхий тайлбарыг шалтгаанаа болгосон байх юм.
 
Тэдэнд өөрсдийгөө зөвтгөх мянга түмэн шалтгаан байвч үр хүүхэд, хань ижлээ халамжлан асрах, тэнгэр хагарч байсан ч нэгнээ түшинэ гэсэн ханийн тангарагт тамгалагдсан мохошгүй үнэн ганц л бий. Энэ үнэнд захирагдаж, бартаатай боловч бахдалтай амьдралыг туулсан хүмүүс насны эцэст харамсах зүйлгүй амар амгалан нүд аних нь юутай их зол. 
 
Нууц амраг буюу урилгагүй зочид гэр бүлийн амьдралд шургалан орж ирэхэд тэр айлын амьдрал цаанаасаа л уруудаад эхэлдэг гэдэг нь бодит үнэн. Аав нь сүүлэрдэг айлын хүүхдүүд өвчин ороогоод салдаггүй. Ямар сайндаа л гэр бүлийн хэрүүлтэй айлын хүүхдүүд нярай, балчир, өсвөр насныхан гэлтгүй цаанаасаа л өвдөж зовоод байдаг байхав.
 
Хэнд ч гэм хийгээгүй нялх үрс эцэг болсон тэр нэгэн хамжааргагүй хүний өмнөөс энэ биеэрээ өвчин зовлонгоор хэмжигдэх хариуцлага хүлээнэ гэдэг юутай их зовлон. Айлын эзэгтэй сүүлрээд эхэлбэл гэрийн эзний ажил үйлс доройтож, цаанаасаа л нурмайгаад ирдэг. Гэр орноо хэчнээн өөд татъя гэж хичээвч өөрийнх нь амжилтыг эмийнх нь бузар буртаглаад байдгаас тэр гэлтэй. Ийм болохоор л “Эрийн бузар үрд, эмийн бузар эрд” гэж үг гарсан биз. 
 
Балчир үрсийнхээ хүүхэд насыг хар бараан дурсамж дунд үлдээхгүйн тулд, хамгийн нандин үеийг нь аз жаргал баяр хөөрөөр үдэж чадвал эцэг, эх болсон бид хэчнээн олон тэрбум төгрөг үлдээснээс илүүг тэдэндээ бэлэглэнэ гэсэн үг. Эцэг эх нь нэгэндээ хайр халамжаар дүүрэн гэрт өссөн хүүхэд бусдыг хайрлаж, бусдад хайрлагдаж өсдөг. Харин гэрт нь асуудалтай, эцэг эх нь явдалтай, хэрүүлтэй айлд өссөн хүүхэд буруу хүмүүжилд сурдаг болохоор бусдын ад болдог нь бодит үнэн.
 
Үр хүүхдийнхээ төлөө өнөөдрөөс эхлээд өөрсдийгөө өөрчилье. Өөлөхийн аргагүй амьдрал хаана ч байдаггүй болохоор болохоос нь болохгүй хүртэл нь тэмцье. Ойлголцол байхгүй л бол хайр байхгүй учраас аль аль нь хаана хаанаа найр тавих үедээ тавьж, буулт хийх үедээ буулт хийж, айвуу тайвуу ухаанаар хандъя.
 
Яагаад гэвэл бидний үргэлжлэл үр хүүхэд. Харин үргэлжлэл нь эхлэлээ харааж, занаж байвал тэр бидний буруу болно. “Ээж минь, эсвэл аав минь өөр хүнтэй явж байхыг нь харснаас хойш би насан туршдаа үзэн ядсан” гэж үр хүүхэддээ хэлүүлэхгүйн тулд сэтгэлээ хамжааргадаж, амьдралаа аварцгаая.   
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл