“Хятадын төмөр замын Ланжөү хотын товчоо” группын харьяа Ланжөү хотын Баруун депо дахь ачааны галт тэрэгний засварын хэсгийн 47 настай ажилтан Ван Телинь ажлын малгайгаа өмсөөд, хамт олонтойгоо төмөр зам цагдаж явна.
Ланжөүгийн Төмөр замын товчооны Баруун депо бол галт тэрэгний “4S дэлгүүр” юм. Ланьжөү – Лянь Юнь Ган чиглэл, Бугат – Ланьжөү чиглэл, Ланьжөү – Шиньжян чиглэл, Ланьжөү- Чүнчин чиглэлийн төмөр замын шугамаас үүгээр дайран өнгөрч буй Хятад-Европ чиглэлийн хурдны галт тэрэгний үзлэг, засварыг энд хариуцдаг. Жил бүр 7000 гаруй галт тэрэг хүлээж авдаг учраас ажлын ачаалал маш хүнд байдаг байна.
Хар даа, дахиад л ажил ирлээ.
11:52 минут. Ланжөү хотоор дайран өнгөрч буй Хятад-Европ чиглэлийн бас нэгэн галт тэрэг өртөөнд орж ирэв. Мэргэжлийн шалгагчид эхлээд бөгтийн галт тэрэгний доогуур шагайж, галт тэрэгний гаднах төрх байдлын талаар ерөнхий ойлголттой болдог. Галт тэрэг зогсож, хамгаалалтын дохиог залгасан даруйд Ван Телинь ажилдаа орж, үйл ажиллагааны төрөл бүрийн үзүүлэлтийг шалгаад дараа нь шалгалтын алхыг авч, холбогчнуудыг тогшиж үзлээ. Нүд ирмэхийн зуур 1.84 метр өндөр биетэй том эр алга болов. Тэрээр чадварлагаар машины доогуур шурган орж, тоормосны гутлын элэгдлийн хэмжээг шалгаж байх нь тэр.
- Тоормосны гутал бол галт тэрэгний тоормосны дэвсгэр юм. Хэрэв элэгдлийн хэмжээ хэтэрвэл тээврийн хэрэгслийн тоормослох хэмжээ багасах учраас тоормосны шинэ гутлыг нэн даруй солих хэрэгтэй гэж ярингаа тэрээр тоормосны гутлаас холхивч хүртэлх 100 гаруй гол бүрэлдэхүүн хэсгийг бүгдийг шалгаж, дөрвөн ч удаа галт тэрэгний доогуур шургаж орлоо.
- Бидний ажил бол галт тэрэг зогсох үед цаг алдалгүй шалгах юм гэж ярих Ван Телинь шаламгай хөдөлж, нэг талыг нь шалгаж дуусаад нөгөө талд гарахад ердөө хоёр минут л зарцуулсан байв.
“Үндэсний зэрэглэлийн ур чадварын мастер" цолтой Ван Телинь бол аль хэдийн шалгалтын ажилд мэргэшсэн нэгэн. Техникийн зарим хүнд асуудлуудыг л шийдвэрлэх үүрэгтэй тэрээр Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний өртөөн дээр ирэх бүрт жижүүрт гарч байгаа л бол бусад шалгагч нартай хамт нягт нямбай шалгалтын ажилд нэгддэг байна. Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний шалгалтын баг бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Хүн бүр арван хоёр, гурван галт тэрэг шалгадаг.
Хятад-Европ чиглэлийн галт тэргийг багтаасан бүхий л галт тэрэгний аюулгүй ажиллагааг хангахын тулд нягт нямбай байх хэрэгтэй төдийгүй, шинэ технологийг ч ашиглах шаардлагатай. Галт тэрэгний үзлэгийн салбарт 26 жил ажиллаж байгаа Ван Телиний хувьд эхлээд түүний ашигладаг байсан багаж хэрэгсэл нь хянах алх, эрэг чангалах түлхүүр, модон шугам, хуучин загварын гар чийдэн л байв.
- Одоо шалгалтын алхнаас гадна гар аппарат, бичих төхөөрөмжийг ашиглаж байна. Гар аппарат дээр тээврийн хэрэгслийн "рентген хальс"-ыг харж, тээврийн хэрэгслийн үзлэгийн мэдээллийг шалгах боломжтой гэж тэрээр танилцууллаа. "5T" гэж товчлон нэрлэгддэг төмөр замын ачааны галт тэрэгний аюулгүй байдлын систем аль эрт ашиглалтад орсон. Тэр нь галт тэрэгний нөхцөл байдалд динамик шалгалт, дүн шинжилгээ хийдэг байна. Маш жижиг асуудлууд ч тус системээр дамжин компьютер дээр илрэх боломжтой учраас үүнийг тэд "Рентген хальс" гэж нэрлэдэг.
Галт тэрэг өртөөнөөс 10 км-ийн зайд ирэх үед л өндөр хурдны камер галт тэрэгний доогуур бүх талаас нь зураг авдаг ба өгөгдлийг шууд 5Т системийн анализын өрөөнд дамжуулж, асуудлыг тэр дор нь шалгагчдын гар аппаратад дамжуулан хүргэдэг байна. Замын дагуу мөн тэнхлэгийн температур, үйл ажиллагааны дуу, үйл ажиллагааны ерөнхий нөхцөл байдлыг динамикаар хянах төхөөрөмжүүд байдаг. Эдгээр бүх мэдээллийг Хятад-Европ чиглэлийн галт тэрэг өртөөнд орохоос өмнө анализын өрөөнд дамжуулсан байдаг аж.
5Т техникч Чэнь Жыже бол шинжилгээний өрөөнд "рентген хальс" оношилдог эмэгтэй "эмч". Тээврийн хэрэгсэл бүрээс дунджаар 100 гаруй динамик зураг дамжин ирдэг ба тэрээр 10 минутын дотор тээврийн хэрэгслийн зургуудыг уншиж шалгах ёстой.
- Энэ ажил нүдэнд халтай, гэхдээ үнэхээр үр ашиг сайтай. Дуранд орсон хэсэг бүрийг компьютероор хурдан шалгах боломжтой. Нарийвчлал нь өндөр байдаг гэж Чэнь Жыже хэллээ.
5T системийн шалгаж олдог нь бүгд харагдах боломжтой хэсэг учраас харагдах боломжгүй хэсгийг Ван Телинь нарын шалгагчид гараар шалгах шаардлагатай болдог.
25 минут маш хурдан өнгөрч, дугуй, хажуугийн холхивч зэрэг гол хэсгүүдийг сайтар шалгаж үзсэний дараа тэд ажиллагаа дууссан гэсэн дохиог хүнээс хүнд дамжуулж, энэ удаагийн шалгалтын үйл ажиллагаа дууссан гэдгийг илэрхийлж байлаа.
Шүглийн дуугаар Хятад-Европ чиглэлийн энэ ээлжийн галт тэрэг зогсоолоос аюулгүй хөдөлж, аяндаа гарлаа.
- Манай ажлын талбарт Хятад-Европ чиглэлийн галт тэрэг өглөөнөөс орой хүртэл байдаг ба ихэнх нь өглөө эрт өнгөрдөг гэж ярих Ван Телинь олон олон шөнийг ажлын талбарынхаа гэрэлтэй нөхөрлөж өнгөрөөсөн.
- Хятад-Европ чиглэлийн галт тэрэг бүрийн аюулгүй ажиллагааны цаана галт тэрэгний гинжин хэлхээний тоо томшгүй олон ажилчдын үүрэг хариуцлага, техникийн түвшин нуугдаж байдаг. Тэд тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангаад зогсохгүй галт тэрэгнүүд цагтаа хөдлөх, ачаа барааг товлосон цагт нь хүргэж өгөхийг баталгаажуулдаг гэж Ланжөү хотын Баруун депогийн дарга Жы Шяохун ярьлаа.
Өвлийн улиралд ажлын талбарт салхи хөдлөхөд тэдний малгайг “тайван байлгадаггүй” бол зуны өдрүүдэд төмөр замын ган төмрийн температур нэмэх 68 хэмд хүрдэг байлаа.
- Эсрэг талын агуйг харж байна уу? Галт тэрэг байхгүй үед тэндээс салхи исгэрэх дуу л сонсогддог. Тээврийн хэрэгсэл дайран өнгөрч байна гэдэг бол итгэл найдвар ирж байна гэсэн үг. Бид “Бүс ба зам”-ын “Ган төмөр тэмээн жин”-г хамгаалж байгаа шүү дээ. Тийм ч учраас энэ ажлаараа бахархаж болохгүй гэж үү? гэж ярих Ван Телинь үд дундын наран дор дараагийн галт тэргийг тосоход бэлэн зогсоно.
