Үргэлж тайван цэнхэртэн байдаг холын уулс, ойрын хангай нэг л мэдэхэд цасан хөнжилдөө шурган цагийн эрхээр дугжирсан байж. Би яг л том цагаан хуудас дэлгээд зогсож байгаа юм шиг болов. Надад бас нэгэн шинэ шалгалт ирээ юм уу даа.

Шалгалт гэхээр их олон зүйл даанч ойрхон харагдахыг яах вэ. Он оны олсон алдсанаа шүүлгэж шигшүүлж өнгөрсөн олон арван халтар хуудас нүдний өмнө тодордог нь ч худлаа биш. Нас жилийн хэлхээс буюу намтар товших шигдээс болсон тэдгээр олон тарлан хуудас надад шалгалт болж сурсан судалснаа үйл хэргээр гэрчлэх хариулт, эсвэл угийн байрнаасаа урагш ахих шинэ нээлт байж таарна гэдгийг таниулав. Үнэхээр л зогсох биш, шалгалтын өмнө шантарч халшрахгүй шамдаж хариулж л байвал хүссэн бүхэндээ хүрэх боломж бий гэдгийг ч бат сануулав.
Өнөөдөр нүдний өмнө минь хариу нэхэн дэлгэгдэж байна энэхүү том цагаан торгон хуудас бол миний нийгэм нийтэд, намайг гэж итгэж санасан хүн бүхэндээ тушааж хянуулах ёстой дөчин гуравдугаар шалгалт байгаа юм. Зайлах ч биш, заавал хариулах учиртай юм болохоор юуны тэргүүнд яаж хариулахаа бодъё доо. Лав л өнгөрснөө дахин дахин зураад байж болохгүй биз. Өнгөрснөө давтана гэдэг бол өөрийгөө чөдөрлөсөн урагшгүй үйлдэл. Тийм ч учраас өнгөрснөө давтах биш давж зурахдаа таарна.
Уг нь би олон юм зурж оногдсон шалгалтаа хариулдаг байлаа. Нэгээс тав хүртэлх хуудсандаа би бараг нус нулимсаараа буюу асгасан ааруул алдсан аягаараа дүрс хэлбэрийг нь төсөөлөхийн аргагүй балар эртний мөлхөгч амьтны сүргийг зурж байсан шиг л санагдана. Дэндүү догшин сүртэй зурсан болоод тэр үү одоо бүр бодохоосоо ичдэг болов. Харин зургаа долдугаар хуудсандаа би дандаа бичгийн ногоон цүнх буюу цэцгийн улаан дэлбээ шиг бүч голдуу зурдаг байснаа тодоос тод цээжилж байдаг ба ишиг хурга хариулахдаа манхан хотгорт, тугал татаж үнээний зэл дээр, эсвэл хадланд гарсан аав ээжийнхээ харьж ирэхийг хүлээн хоёр дүүтэйгээ хамт хөтлийн зам бараалж суухдаа зурсан гэдгээ ч мартаагүй.
Найм, ес, аравдугаар хуудас, цагаан толгойн гурван хувирлаар эхэлж, чадан ядан үг хэлхэн өгүүлбэр зохиох тооны зургаар дүүрсэн буюу нэмж хасах, үржүүлж хуваахын эргэн тойронд тоотой хэдэн тоог тоогүй олон давтсан зургаар эмжээрлэгдэж, багшийн маань хааяа нэг өгдөг улаан өнгөөр зурсан 100 дүнгээр чимэгдэн дууссан шиг бодогдоно. Арван нэгдүгээр хуудаснаас эхэлж би өөр янзын юм зурдаг болов. Атаач сэтгэлээс болж аль нэг найздаа хор санан ёр хийж өөрийгөө дайсан болгож зурж эхэлсэн ба хичээл сурлагаасаа халшран, хэн хүний хурдан хүлгийг зайдлан овоо булгийн тахилга, сум хошууны наадмаар салхи шиг шуугиулан, хуй шиг эргэлдэж байх, ангийн багшийн зэмлэлд өртөж байгаагаар зурагдсан байв.
Арван тав насалж, хурдны морь унадаг жижигхэн бие минь томорч өргөжөөд тоот бөхийн дэвжээнд торгон зодог ханцуйлмаар болсон тул тэр намраас эхэлж би өөр нэг зүйлийг зурдаг болов. Хорын үндэс шиг санагдан хогийн овоонд хаямаар бодогддог байсан ховч охид хэзээнээс юм буу мэд нэг л дулаан дотно харагдах болсноос тэр үү би өөрийгөө дандаа цэвэр цэмцгэр, сайн сайхны чиглэлээр зурах болсон ба тэдгээр зургууд минь анги нийтэд яруу алдар, амь хувинд ахиц дэвшил авчирдаг байв. Хэцүү хэнд нэгэндээ тусалж байх, өргөмжлөл шагнал гардаж байгаа жишээний зургийг би таван жил таталсан шиг бодож байна. Юутай ч арван таваас арав есдүгээр хуудас бол миний одоо яваа насны хамгийн онц дүн авсан шалгалт гэж санагддаг нь үнэн.
Хожим нь хорь хүрээд хорьж барихын аргагүй сэдэв сэтгэцээ өөрчлөн өөр өөр янзаар олон ч юм зурж эхэлсэн дээ. Ажил албанаас өөр янаг амраг гэх өмнө нь бүр ч зурж зүйж байгаагүй сонин сэдэвтэй золгодог юм байна. Хавар намрын тарилга, хааяа нэг тохиолддог хонь малын өвчин эмнэж домнохоос өөр цагтаа бол ном сонин унших, захидал захиа бичих, зав зайгаараа зохиол бүтээл гэж солиорч байхаар зурагдсан шуудан хүлээдэг хорин насны хийрхэл зургууд зургаагаас долоон хуудас эзэлсэн байжээ. Нэг мэдэхэд дараа дараагийн хуудсандаа би бүр хөнгөн мотоцикл зайдлан унгас ноос, арьс шир гэхчлэн айлаас айл дамжин арилжаа гүйлгэж эхэлсэн ба хөлгүй гүн далайд хөвж нэг, живж нэг зурагдав. Этгээд янзын эдгээр хуудаснуудыг эргэн харахаар хэн хүн бүхний туулж өнгөрсөн буюу туулж өнгөрөх л учиртай гэнэн залуугийн гэмшил харамслын гунигт түүх тодордог байлаа.
30 дугаар хуудаснаас эхлэн зарим зүйлийг ганцаараа биш, гурвуулаа зурдаг болов. Уул нь аливаа нэг зүйлийг ганцаараа сэтгэж зурахад ямар ч эргэлзээ татгалзалгүй санаснаараа савдаг байлаа ч гурвуулаа нийлж нэг юм бүтээнэ гэхээс даанч олон яршиг төвөгтэй санагдав. “Эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй” нэг л адилхан зурна гэдэг бүр хэцүү ухаан шалгасан ажил байсныг ухаарав. Анх эхэндээ би аавыгаа адуу мал, агь ганга, уудам хөдөөтэй нь хэнээс ч сайхан зурж сийлдэг байв. Харин өөрийгөө аав болгож зурах болоход аль талаас нь яаж зуравч эв дүй нь таарахгүй гачигдаж байснаа хожим нь хоёр гурван жил хичээсний эцэст айлын тулгуур аавын дүрийг нэлээд эвтэйхэн зурах болсон. Айлын тулгуур аав хүн болно гэдэг аливаа бүхнийг хариуцах ёстой байсан гэдгийг гучаас дөч хүртэлх хуудсанд чадан ядан зурж зүйсэн. Сүргийн дэргэд уурга тохойлдон, шөнийн манаанд од тоолж, эсвэл эхнэртээ туслан аргал түлээ ойртуулж байгаа, бүүвэй үрээ өхөөрдөн ар энгэртээ эрхлүүлж байгаа зэргийн хүнд хөнгөн ихэрлэсэн хөдөөний бор зургуудаа буцан санахаар ичих ч шиг, инээх ч шиг болдогсон.
Дөхөө дүүрч ухаа тэгширч эхэлсэн дөчийн даваанаас хойш гурвуулаа биш дөрвүүл болоод зурдаг болов. Зурагчны тоо нэмэгдэхийг дагаад зурж эсгэх цар хүрээ өргөжин тэлдэг ч юм уу бүү мэд. Соёл боловсролын шаардлага, сууж дассан нутаг уснаасаа салж, хошуу хот дамжсан нүүдэл буудал, шинэ орчиндоо зохицохын төлөө шир будаг найрах, шил шал зүлгэх, ширээ сандал арчин шөл ус зөөсөн, засварын газар задалж салгах, захын худалдааны зар занги тараах мэтийн зургуудыг саяхан болтол бага бус зурав. Нэг бодож үзэхэд би маш олон төрлийн зураг зурж, зүйж байсан юм байна шүү дээ. Одоо л олон юмны ухаан ишийг нь олж байх шиг.
Чийгийн үнэр ханхалсан цэвэр цагаан цас хөвч хангай, хөндий говь бүхнийг өвч бүрхэн, би яг л нэг том цагаан хуудас дэлгэн зогсож байгаа юм шиг байв. Цас сүү шиг ариун цагаан харагддаг болохоор ирж айсуй аливаа бүхэн өлзий мөртэй, өөдтэй өнгөтэй, хийморьтой зурагдана байх.
