solongonews
Сар шинийн өвөрмөц хоолнууд
2022-02-23 16:40
Сар шинэ бол Хятадын үндэстний уламжлалт баяр.

Олон тэмдэглэлт баярууд дундаас бялхам хөөр хөгжөөнтэй онцлох зүйл нь шинэ жилийн үдшийн хоол бэлдэх ажил байдаг. Таваг дүүрэн идээ, ширээ дүүрэн хоол зууш бэлдэх нь гэр бүлийн аз жаргалтай амьдрал, сайн сайхны бэлгэдэл болж, сар шинийн баярын уур амьсгалаар дүүрэн байдаг. Ингээд энэхүү баяр жаргалтай өлзий бэлэгт сар шинэд зориулан бэлдсэн өвөрмөц хоолыг та бүхэнтэйгээ хуваалцахад таатай байна.

                                Лө Шилянь шар будаатай мах бэлджээ 

     Зургийг: ЯН ЛАНЬ 

 

                                                     Мяо тосгоны “Да Чанкоү хоол”

                                 Лө Шилянь. Гүйжөү Гүйдин тосгоны иргэн

   - Би Гүйжөү мужийн Гүйдин шяний Дэ Шинь суурингийн Сы Жай багийн иргэн. Миний гэр бүлийн шинэ жилийн онцлох хоол бол шар будаатай мах.

   Шар будаатай махыг Мяо үндэстний хэлээр “Да Чанкоү” гэдэг. Хятад хэлний утгаар бол гэр бүлээрээ аз жаргалтай, хөгжин цэцэглэхийг хүсэн бэлгэдсэн утгатай. Шинэ жил буюу төрөл саднаараа золгож найрлахад дутагдаж болшгүй хоол юм. Мах, шар будаагаар голлосон энэ хоол Мяо үндэстнүүдийн идэх дуртай хоол. Манай гэр бүлийн хувьд ч сар шинийн үеэр ширээн дээр заавал байх ёстой хоол гэж баяртай ярьж байлаа.

- Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төр засгаас авсан ядуурлаас ангижруулах төрийн бодлогоор тус тосгоны өрх бүр газар тариалан эрхэлж, гэрийн тэжээвэр амьтан тэжээж эхэлсэн. Манайх энэ жил таван гахай тэжээсэн. Засгийн газраас гахайн үүлдэр өгөөд зогсохгүй туслах боловсон хүчин, технологи мэргэжлээр хангаснаар өрх бүрийн тэжээвэр ихээр нэмэгдсэн. Жил бүрийн сар шинээс өмнө багийн хүмүүс өвлийн идшээ бэлдэж эхэлдэг нь шар будаатай гахайн мах бэлдэхэд сайн материал хангадаг.

  Шар будаатай мах хийх үйл явц нарийн төвөгтэй. Материалын сонголт, үйлдвэрлэлийн арга зэрэг тал дээр маш нарийн байдаг.  Өөхтэй буюу нимгэн махыг сонгон угааж, том хэсэг болгон хувааж, 20 минут буцалгана. Дараа нь чанаж болгосон гахайн махыг хэрчиж, нэг өдрийн өмнө дэвтээсэн шар будаатай нийлүүлнэ. Тэгээд бор элсэн чихэр, цагаан элсэн чихэр, гахайн махны тос хийнэ. Дараа нь дунд зэргийн зузаантай гахайн махны зүсмэлүүдийн хооронд буурцагны зуурмагийг тавьж, аяганы ёроолд нэг нэгээр нь тавиад, эцэст нь сайтар хутгасан шар будаа, хэрчсэн махыг таглана. Махны зүсмэлүүдийг тавган дээр тавиад бага хэмжээний гал дээр удаан жигнэнэ. Нэг цагийн дараа анхилуун үнэр сэнгэнэсэн шар будаатай мах бэлэн болно.

Бэлэн болсон шар будаатай мах тод шар өнгөөр гялтганаж, шар будаа нь гахайн махны анхилуун үнэрийг хослуулсан амтат идээ болдог. Цагаан сарын шинийн нэгэнд айл бүр зочдоо энэхүү хоолоор дайлдаг. Мяочууд бидний хувьд нэг аяга "Да Чанкоү" бол сар шинийн аз жаргалтай, сайн сайхан амьдралын үнэр амт болдог юм гэж ярилаа.

         

 Цао Жэнфангийн хийсэн цагаан будааны наалдамхай сувдан бөмбөлөг

 Зургийг: ЦАО ТИНЧАН

Сар шинийн баяраар таваг дүүрэн цагаан будааны наалдамхай сувдан бөмбөлөг

                              Цао Жэнфан  Хубэй Да-Ее компанийн ажилтан

- Шарсан улаан лууванг санах бүрт сар шинийн тухай бага насны сайхан дурсамж сэтгэлд тодхон байдаг. Тэр үед идээ ундаа маш ховор байсныг санаж байна. Улаан лууван бол хөдөөгийн айл бүрт заавал байх ёстой хоол байсан. Хөдөө орон нутгийнхан улаан лууванг бөмбөлөг болгож, шарж идэх дуртай байсан нь одоо бодоход илүү сайхан дурсамж юмаа. Энэ хоол гаднаа шаржигнуур, дотроо зөөлөн байхаас гадна, шинэ жилийн баяраар гэр бүлээрээ цугларч, сар шинээ хамтдаа тэмдэглэх учир утгатай байдаг юм байна.

  Тэр үед сар шинийн үеэр манайхан улаан лууванг бөмбөглөг шарж бэлддэг байв. 1990-ээд оны сүүлчээр хуримлаж өрх тусгаарласнаас хойш шинэ жил бүрээр улаан луувангийн бөмбөлөг шарсан хэвээр байсан ч өдгөө улаан лууванг биш, харин наалдамхай цагаан будааны бөмбөлөг шардаг болсон байна.

  Тус хоол ерөнхийдөө гахайн мах, улаан луувангаас бүрддэг. Олон жил оролдсоны дүнд гахайн махыг сонгох тал дээр бага зэрэг туршлагатай болсон. Энэ хоолонд орох мах нь өөхтэй буюу нимгэн махны хольцыг зохицуулсан байх хэрэгтэй байдаг. Хэрчсэн гахайн мах, лууван дээр наалдамхай будааны гурил, цардуул, өндөг зэргийг зохих хэмжээгээр хийнэ. Ингэж хийсэн хоол амттай, зөөлөн байдаг. Гахайн мах, нунтгийг хольж бэлдсэний дараа зохих хэмжээний давс, элсэн чихэр, амтлагч, нунтаг перец, жижиглэсэн ногоон сонгино, жижиглэсэн цагаан гаа зэргийг жигд цацаж, гүнждийн тос, хоол хийх дарсыг тус тус нэг нэг халбага хийснээр хоол бэлэн болно.

Анхаарах чухал нэг зүйл бол наалдамхай цагаан будаагаа бүлээн усанд заавал 2 цагаас илүү дэвтээсэн байх ёстой. Дараа нь шигшүүртэй сагсанд хийж усыг нь шавхана. Ингээд чимхсэн махан бөмбөлгөө дэвтээсэн наалдамхай будаа дотор хийж, махан бөмбөлгийн гадна наалдамхай будаагаар бүрхэж, эцэст нь наалдамхай будаатай махан бөмбөлгийг 25 минут жингэнэнэ. Таван минутын дараа галаа зогсоогоод хоол бэлэн болно. Махны бөмбөлөг дээр наалдсан наалдамхай цагаан будаа нь сувдан хэлбэртэй байдаг тул наалдамхай цагаан будааны сувдан бөмбөлөг гэж нэрлэсэн байдаг.

Энэ жилийн сар шинээр эхнэр хүүхдээ дагуулан хөдөө орон нутгаа зорьж, сар шинээ тэмдэглэсэн. Наалдамхай цагаан будааны сувдан бөмбөлгийг өөрөө хийж бэлдсэн. Хамгийн гол нь аав ээжийгээ нас дээр гарч байхад хажууд нь байж, аав, ээж, гэр бүлийнхэнтэйгээ хамт эв найртай, аз жаргалтай байх нь хамгийн их баяр баясгалан юм.

             

Хөү Шины хийсэн холимог өнгөт ширхэглэсэн зууш     

Зургийг: ШАО ТЯНЖЯО

Өнгө амтыг хослуулсан ширхэглэсэн зууш

                  Хөү Ши Гуандүн Гуанжөү  Эмнэлгийн ажилтан

 

- Би эмнэлэгт ажилладаг болохоор ихэнхдээ нутагтаа харих завшаан маш ховор тохиодог. Энэ жилийн сар шинээр Шэнь Ян хотод амьдардаг аав ээж маань нутгийн идээ ундаагаа аваад Гуанжөү хотод ирж, сар шинийг хамтдаа тэмдэглэсэн. Нутгийн маань сар шинийн үнэр амт аав ээжтэй минь хамт саатаж, миний баярласныг юу гэх вэ.

Шинэ жилийн үдшийн хоол бол сар шинийн баярын хамгийн гол зүйл. Энэ жилийн сар шинээр бидний бэлдсэн хоол бол- шарсан загас; чихэрлэг гахайн хавирга, шарсан далайн өргөст хэмх; шарсан луувантай вандуй, холимог өнгөт ширхэглэсэн зууш, хясаатай сүмс зэрэг болно. Эдгээр хоолнууд гэр бүлийн эв нэгдэл, шинэ ондоо улам аз жаргалтай, хийморьтой сайн сайхан байхыг хүссэн бэлгэдэлтэй.

Шинэ жилийн үдшийн хоолны ширээн дээр тавигдсан хоолнууд ерөнхийдөө  бүгд  өвөрмөц хоол байдаг. Холимог өнгөт ширхэглэсэн зууш бол энэ жилийн “шинэ хоол”. Энэхүү хоолыг хийх болсон шалтгаан аавын маань захианаас эхлэлтэй. Хадам ээжийнх зүүн хойд нутагт  амьдардаг болохоор зууш идэх дуртай байдаг. Ингээд цагаан эноки мөөг, улаан луувангийн ширхэглэсэн хэрчим, хар мөөгний ширхэглэсэн хэрчмэл, ногоон өргөст хэмхийн ширхэглэсэн хэрчмэл зэргийг материал болгон хэрэглэж, амтат исгэлэн, халуун ногоотой амтлагчаар үйлчлүүлж хийсэн хоол нь олон өнгөөр цацарч, хүмүүсийн харааг булаах төдийгүй үнэр амт нь ч маш гайхалтай байдаг.

  Шинэ оны үдшийн хоолны үеэр Шань Си, Шэнь Ян хотод амьдардаг дүү нар ч видеогоор шинэ жилийн үдшийн хоолоо дэлгэн үзүүлж, хундага өргөн сар шинээ хамтдаа тэмдэглэсэн. Бид багадаа шинэ жилээр бүтэн жилийн турш уулзаагүй хамаатан садантайгаа уулзаж золгохыг хүсдэг байсан. Өдгөө хэдийгээр янз бүрийн шалтгааны улмаас уулзаж чадахгүй ч цаг хугацаа, орон зайг богиносгосон технологийн ачаар гэр бүлээрээ гар утсаар, видеогоор ярих боломжтой болсон нь сэтгэлд таатай байна.

Ше Фүюүгийн хийсэн хулсан хоолойн загас

 /Зургийг: Сурвалжилга өгсөн тал/

 Хол ойрдоо алдаршсан нутгийн загас

Шэ Фүюү. Гирин мужийн Чанчүн хотод багшилдаг

  Их сургуулиа төгсөөд төрсөн нутаг болох Хэнань мужийн Шанчэнгээс аяарлаж, Гирин мужийн Чанчүнь хотод ирж ажилласныг бодвол нэгэнт 25 хавар, намрыг өнгөрүүлсэн байна. Энэ хотод төрсөн нутгаасаа илүү удаан амьдарсан учраас энд байгаа бүх зүйлд дасжээ. Сар шинийн баяр болохын үед нутгаа санасан сэтгэл зүрхэнд минь аав ээж, ахан дүүсээ, төрсөн нутгийнхаа үнэр амтыг өөрийн эрхгүй санадаг. Миний нутаг бол уулархаг газрын энгийн нэгэн хөдөө тосгон. Үзэсгэлэнт сайхан уул ус, гол мөрөн бөгөөд "Шөлний төрөлх нутаг" гэсэн алдартай. Давсалсан гахайн мах, хулсан хоолойтой загас, нугасны шөл, наалдамхай будааны бялуу, ногоон буурцагны бөмбөлөг зэрэг нь манай нутгийн нийтлэг хоол. Нас ахих тусам төрсөн нутгийнхаа хоол хүнсийг санаж, өөрөө хийхийг хичээдэг болсон. Энэ жилийн сар шинээр би хулсан хоолойтой загас хийсэн.

Энэ хоол бол Хятадын хоолны нийгэмлэгээс Хятадын хэмжээнд үнэлэгдсэн нэр алдартай хоолны нэгээр тооцогдсон. "Шанчэнгийн шастир"-т тэмдэглэснээр Байлдаант улсын үед нутгийн хүмүүс дайнаас зугтахын тулд хоол хүнс бэлтгэхдээ загасны махыг хулсан хоолойд хийж, ууланд гарсан байна. Арав гаруй хоногийн дараа авч гаргахад энэхүү загасны үнэр амт улам анхилуун өвөрмөц болсон гэнэ. Ингээд “Хулсан хоолойтой загас" гэсэн цол хүртсэн байдаг.    

Жинхэнэ амтыг мэдрэхийн тулд би ааваасаа шинэхэн түүж авсан хулсан хоолойг авч, Чанчүны байгалийн тарган загас сонгож бэлдсэн. Ээж маань видео бичлэгээр зааварчилсан юм. Загасаа урьдчилаад угааж, хэрчинэ. Дээр нь цагаан гаа, чинжүү, давс зэргийг жигд хийж бэлдэнэ. Дараа нь хулсан хоолойд загасыг хэсэг хэсгээр нь хийж дүүргээд сайтар битүүмжлэн хөргөгчинд шинэхэн хадгалах давхаргад хийж исгэнэ. Хагас сарын турш хөргөгчөө нээхгүй байдалд загасны өвөрмөц үнэр амт нь аяндаа үнэртэнэ. Идэх үед бэлэн болсон загасан дээр сонгино, цагаан гаа, сармисыг анхилуун болтол нь хуурч, буцалсан шөлөн дотор загасны хэсгүүдийг  хийнэ. Дээр нь чанаж болгосон дарс, цуу, жижиглэсэн ногоон сонгиноо хийж, бага зэрэг халуун тос хийгээд анхилуун үнэр гаргана. Ингээд бүх хоол бэлэн болно. Ингэж хийсэн загасны мах зөөлөн бөгөөд амт нь өвөрмөц байдаг.

  Сүүлийн жилүүдэд нутагт маань их өөрчлөлт гарч, хоол хүнс нь улам нэрд гарсан. Сар шинийн өмнөхөн нутгийн маань албаны хүмүүс хулсан хоолойн загас, гахайн мах зэрэг нутгийн амтат хоолнуудыг санал болгож байхыг видео бичлэгээс олж харлаа. Түүнчлэн зарим цагаач ажилчид нутагтаа буцаж ажил үйлс эрхэлж эхэлсэн. Эдгээр амтат хоолуудыг үйлдвэрт оруулж зах дээр гаргаж байсныг сонссон. Төрсөн нутгийнхаа амтат хоолыг амсаж, цаг үеийн өөрчлөлт хувиралтыг мэдэрч суухад улам ч их аз жаргалаар дүүрэн байгаагаа мэдэрдэг гэж сэтгэлээ дэлгэн ярьсан юм.

  Ер Дүн наймалжийн махтай бууз хийжээ

 /Зургийг: Сурвалжилга өгсөн тал/

Сар шинийн үеэр л хийдэг наймалжийн махтай бууз

            Эр Дүн. Баруун театрын нэгэн тасгийн ахлах цэрэг

Сар шинэ бол Хятадын ард түмний дээд хэмжээнд эрхэмлэдэг уламжлалт баяр. Шинэ жилийн үеэр бүтэн жил нутгаасаа хол ажилласан хүмүүсийн ихэнх нь нутагтаа буцдаг. Аян зам хэдий хол ч гэлээ ямар ч саад тулгарсан гэртээ л ойртож байвал сэтгэл санаа илүү догдолж баярлаж байдгийг өгүүлэх юун. Эх орныхоо хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, улам олон гэр бүлийг сар шинээр баяр хөөртэй нөхцөлөөр хангахын тулд хилчид маань сар шинэ болсон ч албан тушаалаа гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Чухам ийм шалтгаанаар би шинэ жилээр  нутагтаа ирээгүй дөрвөн жил болж байгаа юм. Өмнө нь шинэ жил тийм ч чухал биш гэж боддог байсан бол өдгөө надад илүү үнэ цэнтэй санагддаг болсон. Тэр үед өвөө эмээ хоёулаа ширээ дүүрэн хоол бэлдэж, гэр бүлээрээ уулзан золгож, сар шинийн тоглолт сонирхон, хамтдаа тэмдэглэдэг байсан даа. Шинэ жилийн үдшийн хоолны дундаас хамгийн дурсгалтай нь наймалжийн мах хавчуулсан бууз. Зөвхөн сар шинийн үеэр л олж иддэг хоол байж билээ.

Наймалжийн махтай бууз хийхэд хэрэглэх материал нь их энгийн боловч хийхэд маш төвөгтэй байдаг. Энэ хоол шинэхэн болгосон үедээ л амттай байдаг учир эмээ минь шинэ жил болохоос хэдхэн цагийн өмнө гурил зуурч, хөлдөөсөн гахайн махыг давсаар үрж, урьдчилан хальсалж бэлдсэн наймалжийн мах хийгээд хамтад нь чимхэж бууз хийдэг. Арван минутын турш жигнээд л бууз бэлэн болно. Энэ буузанд бага зэрэг цуу хийж идвэл амт нь улам баялаг болдог. Таваг дүүрэн бууз ширээн дээр ирмэгц бүх хүмүүсийн булаалддаг хоол болдог. Одоо бодоход ямар сайхан дурсамж вэ. Энэ тухай санах бүрт сар шинийн дурсамжууд сэтгэлд тодхон. Өдгөө сар шинийн үеэр аав ээж, хамаатан садан, найз нартайгаа зөвхөн видеогоор ярьж, хамаатан садныхаа бууз хийж байгааг хардаг. Хилийн хамгаалагч хүний хувьд мянга түмэн гэр бүлийн эв нэгдэл, эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа болохоор гэр нутагтаа харьж чадахгүй ч хөөр баяртайгаар шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа аав ээж, төрөл саднаа хараад үнэхээр их баярлаж байна.

 Ее Лянгийн хийсэн сар шинийн хоол

/Зургийг: Сурвалжилга өгсөн тал

Манай гэрийн уламжлалт хоол

         Еелян. Ганьсу Ланьжөү Нэгэн компанийн ажилтан

Би бол Ганьсу мужийн Ланжөүд нутагтай. Эхнэр маань Аньхуй мужийн Тунлин нутгийн хүн. Энэ жил бид анхнаасаа эхнэрийнхээ төрсөн нутагт очиж, сар шинээ тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан ч Бээжинд ажлаараа товлосон хугацаанд ирж амжихгүй нь гэж санаа зовоод шинэ жилээр Бээжинд үлдэхээр болсон. Сар шинийн үеэр хүн бүр ширээ дүүрэн амтат хоол хийж, сар шинээ тэмдэглэдэг. Манай гэр бүлийнхэн ч мөн адил. Би жигнэсэн хонины мах хийхдээ гарамгай. Энэ бол баруун хойд орон нутгийн сонгодог хоол бөгөөд манай гэр бүлийн "уламжлалт хоол" юм. Бага байхад аав маань надад энэ хоолыг хийх аргыг зааж өгсөн. Хонины мах бол байгалийн дулаан чанартай болохоор хүйтэнд идэхэд хамгийн зохимжтой байдаг. Бэлтгэсэн соус амтлагчтай хамт чанасан мах нь зөөлөн, амттай, өнгө үнэр амтаар бялхам байдаг. Сар шинийн баяраар ийм хоол идэхээр гэр бүлээрээ эв найртай байж, баярын уур амьсгалаар дүүрэн байдаг.

Миний хийдэг өөр нэг хоол бол шарсан загас. Өнгөрсөн жилийн сар шинээр эхнэртэйгээ загас авахаар явсанд загаснууд нь аль хэдийн зарагдаад дууссан байсан. Энэ жил хүнсний ногооны захаас дөрвөн амьд загас авч гэртээ гурав хоног тэжээж байгаад шинийн хоолондоо бэлдсэн.    

Дээрх хоёр хоолноос гадна бид амтат исгэлэн гахайн хавирга, шарсан тахианы мах, шарсан эдамаме, лоолийн шөл, банш зэрэг олон төрлийн хоол хийсэн. "Өөрийнхөө гараар" шинэ жилийн хоолыг бэлдэх нь сар шинийн баярыг илүү баялаг, сэтгэл хангалуун болгож, амьдралыг илүү аз жаргалтай болгодог.

  Барс жилийн сар шинийн баяр ийм л завгүй боловч аз жаргалтай тэмдэглэлээ. Тэсэн ядан хүлээж байгаа зүйл гэвэл дараа жилийн сар шинийн баяраар Аньхуйд очих байх гэж хүсэж байна. Аав ээж маань биднийг шинэ жилээр буцаж ирэхийг маш их хүсэн хүлээдэг. Янз бүрийн шалтгааны улмаас гурван жил нутагтаа хариагүй юм байна. Шинэ онд өвчин тахал аль болохоор хурдан арилж, нутагтаа буцаж, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө уулзан золгож, нутгийнхан хөгжил дэвшил, өөрчлөлтийг харахыг хүсэж байна. Мөн миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс эрүүл саруул, аюулгүй байгаасай. Ирэх оны сар шинээр нийт олноороо уулзан учрах болтугай гэж хүсэн ерөөж байна.

Найруулагч: ХанХуншя
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл