
Монголчууд арван цагаан буяныг эдэлж амны бэлгийг үүрд дээдэлж явдаг учир бичиг номтой хүмүүсийг “Номын цагаан буяныг дэлгэрүүлж яваарай” хэмээн ерөөл зөгнөлөө дэвшүүлдэг уламжлалтай билээ. Тэр сайхан ерөөлийг биедээ шингэсэн гэх үү, эсвэл төрөлхийн буян хишгийг авч төрсөн ч гэх үү? Гэрээ судар номоор дүүргэж гэрэл гээгээр нь билиг оюунаа ариусган өнөр тансаг номын хөрөнгөтөн болсон нэгэн бичгийн сурвалжит гэр бүл Зүүн Үзэмчин хошуунд байдаг.
Энэ айлын эзэн Х.Эрхэмбат нь “Номд мөргөмү, бурханд мөргөмү, багшид мөргөмү” гэдэг сургаалийг дээдлэн явж үлэмж олон ном бичиг цуглуулсан. Зүүн Үзэмчин хошууны Баянхөөвөр сумын уугуул тэрээр багаасаа сургууль соёлын мөрийг хөөж, Монгол Улсын Улаанбаатар Их Сургуульд суралцаж байхдаа буюу 2003 оноос ном бичиг цуглуулах ажлаа эхлүүлсэн гэдэг. Тэрээрр Монгол Улсын багш нарынхаа буянаар үнэ цэнэтэй ном бичигтэй танилцаж, ном унших дуртай болж, ном гэдэг хүнд өгдөг гэх эрч хүчийг бүрэн гүйцэд мэдэрч эхэлсэн билээ.
Х.Эрхэмбатын удам угсаа гэвэл эгэл жирийн малчин гаралтай. Харин Үзэмчин нутагтаа үзүүр баян хашир малчны алдрыг өргөж явсан өв зузаан хөрөнгө элбэг аймаг угсаатны нэг билээ. Х.Эрхэмбат хар багын л түүх домогт сонирхолтой болохоор хууч судлал, зан үйл, эм эмнэлэг, одон зурхай зэрэг түүхийн бичиг судрыг цуглуулан уншиж, 2008 онд Улаанбаатар Их Сургуульд Түүхийн ухааны магистр цол хамгаалав. Тэрээр өсөж төрсөн өлгий нутаг Зүүн Үзэмчин хошуундаа буцан ирж ажлын гараагаа эхлүүлж, одоо хошууныхаа Үзэмчин музейд ажиллаж байна.

Малын хишигтэй айлаас сүргийн буян цайлздаг гэдгээр номын хишигтэй айлаас үүрдийн буян цацрах ёстой. Х.Эрхэмбатад хадгалагдаж байгаа “Тэмгэтийн бар хэвлэл”, “Гал тахилгын судар” зэрэг гар бичмэл нь их үнэ цэнтэй номууд юм. “Гурван улсын үлгэр”-ийн хамгийн анхны хэвлэл болох хэдэн дэвтэр, Манжийн үеийн гар бичмэл ч нэлээд олон байгаа аж. Мөн түүнд 20-иод оноос 90-өөд оны эцэс хүртэлх Өвөр Монголын аймаг хотуудад үйлдвэрлэсэн архи, тамхи, чүдэнз, чихэр боорцог, хайрцаг сав, үнэт цаас зэрэг монгол үсгийн шошго тэмдэгт нийт 2000 шахам хадгалагдаж байна.

Өнөр тансаг номын буяныг эдэлж өргөн дэлгэр мэдлэг оюуныг хуримтлуулж яваа залуу номын хөрөнгөтөн Х.Эрхэмбат: - Эх хэлээ хайрлан хамгаалж, өвлөн үлдээхээр ном бичиг, сэтгүүл цуглуулсан. Мөн цаг заваа ашиглан уншиж мэдэхийг хичээдэг. Ном бичиг гэдэг хэзээд хүнд гэрэл гэгээ нэмж, зөв энерги өгдөг. Монгол үсэгтэй шошго тэмдгийн хувьд өнгөрсөн үед нийгмийн хэрэглээнд монгол үсэг бичиг хэрхэн хэрэглэгдэж байсан, одоо ямар болж байна гэдгийг хүмүүст харуулах зорилготой цуглуулсан гэв.
Ном бичиг бидний хүртээд ханашгүй далай их өв хөрөнгө мөн. Үүнийг гүн гүнзгий ухаарч мэдсэн тэрээр өвөг дээдсийнхээ талыг бүрхсэн мал сүрэг шиг өв соёл шим болох ном бичгээ үй түмний оюун билигт дэлгэрүүлэхээр хичээж, буяны дээдийг хурайлан номын хишигтэй айлын эгнээнд гялалзаж явна.
