Унасан малгайгаа авах завгүй намар цаг байсан ч Хорчин зүүн гарын хойд хошууны малчид өдөр бүр заавал нэг удаа “Малчин сүлжээ”-д гарахаа мартдаггүй билээ. Энэхүү сайт нь Хойд хошууны эрдэнэ шишээс хурга тугалын үнэ ханшид хүртэл малчин тариачдын үйлдвэрлэл амьдралд холбогдсон сураг занги болон Хорчин зүүн гарын хойд хошууны түүх соёлоос өнөөдрийн үүсэж гарсан үлгэр явдал зэргийг хамаг хурдан, хамаг бүрэн, хамаг оновчтойгоор мэдээлдэг бөгөөд малчин тариачид ч түүгээрээ дамжуулан тариалангийн машин багажаас хувцас хунар зэрэг өдөр тутмын хэрэгслээ авч болдог болохоор Хорчин зүүн гарын хойд хошууны малчин тариачин “Манай Тао Бао сайт” гэж дотносох болжээ.
“Малчин сүлжээ” нь одоог болоход хошуу засаг даргаас хөдөөгийн ард, засгийн ажилтнаас замын хүмүүс хүртэл үзэж сонирхож байнга зочилдог 300 гаруй мянган фентэй байж, “Малчин e дэлгүүр” нь Хорчин зүүн гарын хойд хошууны 262 баг тосгоны 145-ыг нь хамарч, Ганзага, Жаргалан зэрэг 9 сум багт сан хөмрөг гаргаж, малчин тариачдын бараа тааваар авахад маш дөхөм үзүүлжээ.

Хорчин зүүн гарын хойд хошууны “Тао Бао сайт” болсон “Малчин сүлжээ”-ээг дөрвөн жилийн өмнө нэгэн оюутан залуу ганцаараа үүсгэн байгуулсан гэхэд итгэж ядмаар юм. Хорчин зүүн гарын хойд хошууны Уул суурины Хар-эрэг багаар нутагтай Мин Юй 2009 онд Өвөр Монголын Шинжлэх ухаан техник мэргэжлийн их сургуулиас оюутан амьдралаа төгсгөж, хэдэн жил Хөххотод ажиллаад 2012 онд нутагтаа буцаж, Малчин сураг зангийн сүлжээг байгуулжээ. Оюутан залуу Мин Юйгийн ухаан тамираар Малчин сураг зангийн сүлжээ нь өөдтэй өнгөтэй хөгжин, 2013 оны эцэс болоход хошуундаа нэлээд нөлөө ихтэй сүлжээ болж, Малчин сүлжээгээ Малчин соёл зуучийн компани болгож, ганцаар хийж байснаасаа олуул хийх болж, хошууны холбогдох сураг зангийг хамаг түрүүнд, хамаг бүрэн бүтнээр уламжилж өгдөг компани болж хөгжжээ. Оюутан байхдаа Тао Бао сайтын хуваарь компани болон Рун Шен соёл зуучийн компани ажиллуулж байсан нь түүний үйлсэд бат бэх суурийг тавьж өгсөн байжээ.
Шинэ мэдээллийн цаг эринд бүтээлчээр хөгжих нь хөл тогтохын суурь гэдгийг таньсан Мин Юй Малчин соёл зуучаараа суурь болгож, 2014 онд “Малчин e дэлгүүр”-ийг ажиллуулах болов. Тэгэхэд түм дүчигнэж бум бужигнасан хотын өргөн зайд биш, харин монголчууд төвлөрөн суусан баг тосгоноор гол болгожээ. Монгол оюутан Мин Юйгийн содон төлөвлөгөө болон мэргэн удирдлагаар одоо “Монгол e дэлгүүр” Хорчин зүүн гарын хойд хошууны олон сум багт эрчимтэй өрнөж байна. Түүний малчин соёл зуучийн компани нь Малчин сүлжээ, Тао Бао дэлгүүр, Малчин мэдээ мэдээллийн сайт, вичатын тавцан болон групп зэрэг мэдээ мэдээллийн хэрэгсэлтэй болсон бөгөөд эдгээр зүйлээ уусгаж бүх хошуунд цацжээ. Үүнд малчин мэдээ мэдээллийн сайт, вичатын тавцангийн гишүүн нь нэгэнт 90 мянга гаруй хүнд хүрч, ABCDEFGH нэртэй вичат группийн гишүүн нь 50 мянга гаруйд хэрчээ. Малчин e дэлгүүрийн хамааралтын хэлбэр нь сум суурин, баг тосгон бүрд байгуулсан салбар e дэлгүүрийг хошуун төв Ганзага суурин дахь ерөнхий e дэлгүүрээс хамаарахын хамт, ерөнхий e дэлгүүрийн сайтаар эзэмдэж, малчид салбар e дэлгүүрээс бараа захиалбал хошуун төвөөс тусгай хүн захиалаг тосож, бүх хошууны хэмжээнд нэгээс хоёр ажлын өдөрт зориулалтын машинаар захиалсан барааг хүргэнэ.
- “Малчин e дэлгүүр” нь малчдын хол явж хот орж дэлгүүр хайх асуудлыг шийдвэрлэж, завсрын нэмэлт үнээс зайлсхийж, малчдад бодитой ашиг хүртээх болно. Манай компанийн холбогдох мэдээллийг малчид итгэдэг болохоор e дэлгүүр ажиллуулахад бат суурьтай болж, малчид өөрийн хэрэгтэй зүйлсээ Малчин e дэлгүүрээр дамжиж итгэл төгөлдөр худалдан авах болно. Малчин e дэлгүүр маань үргэлжлэн ажилчин элсүүлж, улмаар хот хөдөөгийн хос чиглэлт барааны гүйлгээг ахиулах төлөвлөгөөтэй. Тэр үе болоход хот хөдөөгийн эх баялгийг харилцан нэгтгэх зорилгодоо хүрэх мөртөө Тао Бао сайтаар бүх улсын хэмжээнд зах зээлээ өргөтгөх боломжтой болно” гэж Мин Юй ярилаа. Тэрбээр мөн Малчин e дэлгүүрийнхээ орлогын тухай ярихдаа:
- Малчин e дэлгүүр сар бүрд сая гаруй юанийн гүйлгээ хийж байдаг. Нэг дэлгүүр нь дунджаар өдөр бүр арван юанийн орлого олохоор төсөөлбөл 145 e дэлгүүр нь өдөрт 2000 шахам юанийн цэвэр орлого үүдэх болно гэжээ.
Одоогийн байдлаар Мин Юйгийн үйлс нь“Малчин сүлжээ”, “Малчин e дэлгүүр”, “96111” нийгэм дүүргийн адал явдлын үйлчилгээний төв зэрэг “гурван сайтын нэгдэл”-ийг биелүүлж, бүх Хорчин зүүн гарын хойд хошууг хамарснаар жар сурталчилгаа болон “Малчин e дэлгүүр”-ийн орлоготойгоо нийлээд Мин Юйгийн жилийн цэвэр орлого нь 800 мянган юаньд хүрч бий. Мөн 19 оюутныг компанидаа элсүүлж, оюутан залууст ажилд орох боломжийг хангасан бөгөөд хошууных нь засгийн газраас түүний компанийг залуучуудын цахим арилжаа хийх туршилтын суурин болгож, 600 гаруй метр квадрат албан газар болон сан хөмрөг хангаж өгчээ.
