solongonews
Өнө мөнхийн алдар гавьяа
2016-01-19 10:07
Хятад улсын Шинжлэх ухааны академийн дэд дарга агсан, Өвөр Монголын Их Сургуулийн захирал агсан, Хятад улсын Шинжлэх ухаан технологийн холбооны дэд дарга агсан, Монгол үндэстний шилдэг арван шинжлэх ухаанчийн нэг бөгөөд “Хуруу шилэнд хурга бойжуулсан” анхны эрдэмтэн болно. Эрдэмтэн Шуурган 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 38 минутад өвчний улмаас 75 насандаа орчлонгийн мөнх бусыг үзлээ.

Эрдэмтэн Шуурган 1940 оны 8 дугаар сард Хорчин Баруун гарын өмнөд хошуунд төржээ.1960 онд Өвөр Монголын Их Сургуулийн Биологийн ангид элсэн орж, төгсөх жилээ буюу 1965 онд Өвөр Монголын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн товчоонд ажлын анхны гараагаа эхлүүлжээ.1972 онд Өвөр Монголын Их Сургуулийн Биологийн факультетын багшаар ажиллаж байв.1982 онд тэрээр Япон улсын Хөдөө аж ахуй, ой шугуй, усан гаралтын яамны Малын ашиг шимийн талбайн үржил судалгааны албанд ажиллаж, тэжээвэр шувууны үр суулгах технологийн тухай судалгаа хийж эхэлсэн байна.1984 онд түүний хуруу шилэнд үр суулгах туршилт амжилттай болсон бөгөөд дэлхийн хамгийн анхны “Хуруу шилний ишиг”-ийг бойжуулан гаргасан байна.Энэ нь олон улсын эрдэм шинжилгээнийхний анхаарлыг ихэд татаж, Шуурган ч энэ чиглэлээр доктор цол хамгаалсан юм.

Эрдэм шинжилгээний ажилд умбасан Шуурган

1989 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хятад улсын анхны “Хуруу шилний хурга” мэндэлж, нөхөн үржихүйн биологийн судалгаанд шинэ амжилт гарсан байлаа. Энэ бол Шуурганы 1984 онд Япон улсад дэлхийн анхны “Хуруу шилний ишиг”-ийг бойжуулж нөхөн үржихүйн биологийн гайхамшгийг бүтээсний дараагийн бас нэгэн том амжилт болно. Эх орноо гэж өнчин элэг өндөлзүүлэн эргэж ирсэн Шуурган бойжсон хөрсөн дээрээ энэхүү гайхамшгийг бүтээх хатуу тангараг тавьж, мөн онд Өвөр Монголын Их Сургуулийн туршилтын амьтны судалгааны төвийг үүсгэн байгуулсан байна.

Тухайн жилийн 8 дугаар сарын 15-ны өдөр баярын мэдээ дахин дуулдаж, Хятад улсын анхны “Хуруу шилний тугал”-ны судалгаа амжилттай болсон байв. Шуурган Хятад улс төдийгүй дэлхийн бүх хүмүүсийн анхаарлыг дахин нэг удаа татсан байна. Яруу алдар болон шагнал сайшаалын өмнө түүний билгийн сорил нь улам эрчлэгдэж, Хятад улсын “863” шинэ технологийн судалгааны төсөл - “Хуруу шилний тугал”-ын технологи мэргэжлийн хэрэглээний судалгаа”-г хариуцан хийв. Уг судалгаа нь өмнөх судлан гаргасан эцсийн үр дүнгээ бодитой ашиглах зоригтой эрэлт хайлт болсон аж. Шуурган туршилтын амьтны судалгааны төвийн ажилтнуудтайгаа арав орчим жил хичээсний дүнд хуруу шилний үхэр, хонины үр хөврөлийг бойжуулан гаргах бүрэн бүтэн системтэй аргыг судлан гаргаж, нөхөн үржихүйн биологийн шинжлэх ухаанч онолын цар хүрээг тэлсэн байна. Туршилтыг амжилттай болгохын тулд тэрээр мал аж ахуй хөгжсөн Австрали, Канад зэрэг улсад үхрийн “хуруу шилний үр хөврөл” бойжуулах туршилтын газар байгуулж, 40 мянга гаруй “хуруу шилний үр хөврөл” бойжуулсан бөгөөд хөлдөөсний дараа Хятад улсдаа буцаан авч ирээд их хэмжээний хөврөл шилжүүлэхэд ашигласан байна. Энэхүү явц нь туршилтыг амжилттай болгох чухал гогцоо болж, гадаадын шилдэг үүлдрийн малын генийн нөөцийг бөөнөөр оруулах технологийн шинэ арга замыг нээсэн амжилттай хайлт болжээ.

2001 оны 6 дугаар сард Америкийн Люксенбургийн “Умард Америкийн телевиз”-ээр Шуурганы гадаадад шилдэг үүлдрийн хөврөл бойжуулан, судалгааны үр дүнгээ үйлдвэрлэлд оруулж байгаа тухай мэдээлсэн байлаа. Энэхүү мэдээ Америк, Япон, Герман, Канад зэрэг мал аж ахуй хөгжсөн улсын шинжлэх ухаанчдын анхаарлыг татаж, Шууганыг болон түүний хийсэн ажлыг Өвөр Монголын тал нутгаас дэлхийн хараанд хүртэл дэлгэжээ. Одоо туршилтын төвд нь улсын дотоодын шилдэг үүлдрийн “хуруу шилний хөврөл”-ийн хамгийн их сантай болж, эдийн засгийн үр ашиг хэдэн арван сая юань хүрсэн байна.

1990 оны намар Шуурган туслах Жан Сүоляньтай Ордос хотын ямааны ноолуурын ямааны үрийн мал бойжуулах суурин газар Энхвэйд очиж, биотехнологиор ноолуурын ямааны үржлийг сайжруулах судалгаагаа эхлүүлэв. 3 жилийн дараа нэг эхээс нэг удаад 12 төл тоссон шинэ амжилтыг бий болгосон бөгөөд ноолуурын гаралтыг ч нэмэгдүүлсэн байна. Шуурган Энхбэйн экологийн бүтээн байгуулалтын бүсэд шинэчилсэн биологийн шинэ технологийн үржүүлэн бойжуулах газрыг байгуулж, шилдэг үүлдрийн ямаа бойжуулах төслөө эхлүүлжээ.

Эрдэмт багшаас бүтэн дэлхий эхэлдэг. Шуурганы удирдлага дор Өвөр Монголын Их Сургуулийн биологийн ухааны эрдэмтэн авьяаслаг хүмүүс энгэр газрын ногоо мэт өсөж, энэхүү шинжилгээ Хятад улсдаа нэр хүндтэй болжээ. 1998 оны 4 дүгээр сард Хятад улсын “хуруу шилний тугал”-ын технологийн хамгийн их үйлдвэрлэлийн газар болох Өвөр Монголын Шү Ри биологийн технологийн хөрөнгө оруулалтын ХХК байгуулагдав. Уг компани дөрвөн жилийн хугацаанд үхрийн үр суулгах технологийн үйлдвэрлэлийн талаар амжилт гаргасан бөгөөд Тогтох шянь, Хөлөнбуйр, Улаанхад, Далянь зэрэг хот мужуудаар туршилтын газартай болж, 400 гаруй хуруу шилний тугал бойжуулав. Шуурганы эдгээр судалгааны үр дүн нь нөхөн үржихүйн биологийн ухаан, мал генетикийн ухаан, тэрчлэн экологийн шинжлэх ухаанд ч гэгээн саруул ирээдүйг бий болгожээ.

Өвөр Монголын Их Сургуулийн Шуурган

Өвөр Монголын Их Сургуулийн Шуурган захирал 1993 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Өвөр Монголын Их Сургуулийн хөгжлийн стратеги” гэсэн сэдвийн дор илтгэл тавьсан байна. Хоёр дахь өдрөөс нь эхлэн Шуурган захирал ӨМИС-ийн бүх факультет болон судалгааны хүрээлэнгээр очиж, багш ажилтнуудтай санал солилцон, сургуулийн ерөнхий байдлын талаар ойлголт авжээ. Түүний санаачилга болон удирдлага дор ӨМИС улсын “211 төсөл”-ийн бүтээн байгуулалтыг хийхээр болж, ӨМИС-ийн хэрэг эрхлэгчийн хурал хийж номын нөхдийн нийгэмлэгийг байгуулж, өргөн хүрээнд хөрөнгө мөнгө цуглуулан сургуулийн нөхцөлөө сайжруулсан байна. Арваад жилийн шаргуу хөдөлмөрөөр ӨМИС түүхэнд байгаагүй хөгжилд хүрч, Хятад улсын 100 хүчирхэг их сургуулийн эгнээнд багтсан байна.

2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хятад улсын “211 төсөл”-ийг хянан шалгах багийнхны шалгалтаар ӨМИС-ийн улсын “10 дугаар 5 жилийн” төслийн хугацаанд “211 төсөл”-ийн бүтээн байгуулалтыг үр дүнтэй, өндөр амжилттай биелэгдсэн байна гэж үнэлсэн юм.

Дэлхийд танигдсан Шуурган

1989 оны 4 дүгээр сард Шуурган Япон улсад эрдэм шинжилгээний хуралд оролцохдоо дэлхийн хамгийн анхны “хуруу шилний ишиг”-ийг бойжуулж гаргахад нь тун их хувь нэмэр үзүүлсэн багш Ханадаатайгаа уулзсан байна. Ханадаа гуай Шуурганыг Японд очиж хамтран судалгаа хийх санал тавьсан байна. Багшийн энэ санал Шуурганы сэтгэлийг хөдөлгөсөн ч “Миний амь нас, ажил үйлс эх орондоо л байх ёстой. Эх орон минь баян хүчирхэг болж чадаагүй байсаар. Эх орон минь хөвгүүд охидынхоо оюун билиг, авьяас чадварыг тун яаралтай шаардаж байна” гэж татгалзсан гэнэ. Хоёр жилийн дараа Шуурган дахин эрдэм шинжилгээний хуралд оролцохоор Японд очиход Ханадаа багш нь түүнийг ажлын газартаа урин хоёр жилийн өмнөх саналаа дахин дэлгэсэн байна. Шуурган энэ удаа ч хүлээж авсангүй. Япон улсаас гадна Америк, Шинэ Зеланд зэрэг улсууд ч “Танд амьдрах орон байр, авто машин, өндөр цалин амлаж байна” хэмээн санал тавьсан ч Шуурган огт хүлээж авч байгаагүй юм.

Ойрын жилүүдэд Шуурган 140 гаруй шинжилгээний өгүүллүүд нийтлүүлж, 9 ном хэвлүүлэн, 100 гаруй доктор, магистр хүмүүжүүлэн төгсгөсөн байна. Өвөр Монголын үр хөврөл шилжүүлэх мэргэжилтнүүдийн сургалтын төв байгуулан, 20 гаруй муж хотод 300 гаруй мэргэжилтнүүд сурган хүмүүжүүлсэн байна. Тэрээр өөрийн сурагч болон мэргэжилтнүүдтэйгээ Хятад улсын “863” шинэ технологийн шинжилгээний төсөл, Хятад улсын байгалийн шинжлэх ухааны сангаас дэмжих төсөл болон Өөртөө Засах Орны чухал судалгааны төсөл зэрэг 40 гаруй судалгааны сэдвийг хийсэн бөгөөд санаачлан бүтээсэн эрдэм шинжилгээ судалгааны хөрөнгө нийт 30 сая юань давсан байна. Шуурган Хятад улс болон Өөртөө Засах Орны шинжлэх ухаан технологийн дэвшил шагнал, Америкийн Дү Бан шинжлэх ухаан технологийн дэвшил шагнал, Хонконгийн Хэлян Хэлий сангийн шинжлэх ухаан технологийн дэвшил шагнал болон Хятад улсын “5•1”-ийн хөдөлмөрчдийн медаль, улсын хөгжилд хувь нэмэр оруулсан идэр залуу насны эрдэмтэн, Хятад улсын тэргүүний ажилтан, шинжлэх ухаан технологийн шилдэг ажилтан, гадаадад суралцаад улсдаа буцсан хувь нэмэртэй суут хүмүүс, Өөртөө Засах Орны шилдэг захирал зэрэг олон шагналыг хүртэж байв.

2006 онд Шуурган Хятад улсын шинжлэх ухааны академийн дэд дарга болон дэвшиж байсан байна. Бээжин хотод суугаа Шуурган Өвөр Монголоосоо холдон явсан ч Өвөр Монгол, тал нутаг, экологи, нүүдлийн соёлоо хэзээ ч мартаж орхиогүй юм. Амь нас аливаа бүхнээ эх орныхоо хөгжил, шинжлэх ухаан технологийн хөгжил дэвшилд зориулж, аугаа их хүсэл тэмцлээр амжилтын өндөр оргилыг удаа дараалан даван явсан Шуурганы хувь нэмрийг бид бүхэн мартахгүй билээ. 

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Өвөр Монголын Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл