Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос 18-ны өдөр “Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх ажлын төлөвлөгөө” болон “Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-г нийтэлж, хот хөдөөгийн 35-64 насны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдраас сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг санал болгов. Үзлэгийн үйлчилгээнд хамрах хүрээг хөдөө орон нутгийн 35-64 насны эмэгтэйчүүдээс хот, хөдөөгийн 35-64 насны эмэгтэйчүүд болгон өргөжүүлж, үзлэгийн үйлчилгээнд хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, амьжиргааны баталгаажих доод төвшинтэй хотын эмэгтэйчүүдийг тэргүүлэх байранд баталгаажуулна гэжээ.
Умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдар нь Хятад Улсын эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй томоохон өвчин юм. Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт оношлох, эмчлэх үр дүнтэй арга хэмжээ юм. 2019 онд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний анхны томоохон төслүүдэд хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд зориулсан “хоёр зүйлийн хорт хавдар” (умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдар) үзлэгийн зүйлийг нийгмийн эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнд хамруулсан. Сүүлийн жилүүдэд орон нутгийн засгийн газар эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдүүлж, илүү олон эмэгтэйчүүд үр шимийг нь хүртээж байна.
Шинэ нөхцөл байдалд,Хятадын Үндэсний эрүүл мэндийн комисс хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн "хоёр зүйлийн хорт хавдар"-ыг шалгах төслийн удирдлагын ажлын тодорхойлолтын 2019 оны хэвлэлийг шинэчлэн сайжруулж, дээр дурдсан хоёр төрлийн үзлэг шалгалтын ажлын төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулав. Энэхүү төлөвлөгөө нь үзлэг үйлчилгээнд хамрах хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ үзлэгийн үйлчилгээний агуулгыг сайжруулж, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгийн үйл явцыг шинэчилж, илрүүлэлт болон дараагийн оношилгооны хооронд сайн холболтыг сайжруулж, интернет, хиймэл оюун ухаан гэх мэт технологийг идэвхтэй ашиглахын улмаар умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдрын үндсэн шатанд дахь урьдчилан сэргийлэх, эмчлэх ажлыг сайжруулан эрчимжүүлэх талаар санал болгосон байна.
Төлөвлөгөөний дагуу умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх үндсэн үйл явцад эмэгтэйчүүдийн үзлэг, умайн хүзүүний хорт хавдрын анхан шатны үзлэг, кольпоскопи, гистопатологийн шинжилгээ гэх мэт орно. Хөхний хорт хавдрыг илрүүлэх үндсэн үйл явц нь хөхний биеийн үзлэг, хөхний өнгөт хэт авиан шинжилгээ, маммографийнгэх мэт шинжилгээ хийгддэг байна. Мөн үзлэг шинжилгээнд хэвийн бус буюу сэжигтэй тохиолдлын үзлэгийн хяналт, нийгэмд сурталчлах, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг үйлчилгээ багтдаг.Үүний тулд төлөвлөгөөнд умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох үндсэн мэдлэгийг хавсаргасан болно.
Уг төлөвлөгөөнд хорт хавдрыг эрт оношлох, эмчлэх, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулахад чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавих, урьдчилан сэргийлэх, эмчилгээг хослуулах, цогц бодлого хэрэгжүүлэх зарчмуудыг илүү онцолсон ажээ. Төлөвлөгөөний дагуу 2025 оны эцэс гэхэд Хятад улс эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах түвшинг 50-иас дээш хувьд хүргэх, хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгийн түвшинг тасралтгүй нэмэгдүүлэх зэрэг тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэх болно.
