solongonews
Өсвөр насны хүүхдийн хүмүүжлийн содон өлгий
2016-11-16 10:53
Үлгэр жишээч хүүхдийн цэцэрлэг

Үндэстний соёл гэгээрлийн үйлсэд үндэс суурийг тавьж, үй олон хүүхэд багачуудыг сургууль соёлын замаар хөтлөн, ой ухаан, оюун билгийг тэлэн, үндэстний ирээдүйн хөгжилд асар их хувь нэмэр үзүүлж яваа Сөнид Баруун хошууны монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийг дурдахад маш урамтай. 1990 оны өвлийн ла сард үүдээ нээж өрхөө сөхсөн тус цэцэрлэг нь одоо хориод жилийн нүүр үзэж, заах арга, сургалт, багшийн ур чадвар, сургуулийн бүтээн байгуулалт зэрэг бүх талаараа сайжирч, Сөнид нутгийн сурган хүмүүжлийн эгнээнд үлгэр жишээч содон цэцэрлэг болон гялалзаж явна. Тус хүүхдийн цэцэрлэгийн нийт талбай нь 110 мянган хавтгай дөрвөлжин метрт, гаднах талбай нь 7000 хавтгай дөрвөлжин метрт хүрчээ. Нийт 623 хүүхэд багачууд тус цэцэрлэгт хүмүүжиж байна.

Заах аргын талаар тус хүүхдийн цэцэрлэг нь хүүхэд багачуудыг ёс суртахуунтай болгон хүмүүжүүлэх, ном бичигтэй ойртуулан ой билгийг нээх, олон төрлийн ур чадвар авьяасыг хүмүүжүүлэх зэргийг гол ажил болгон ажилладаг. Хүүхэдбагачууддаа ёс суртахууны хүмүүжил хүртээх, ахмад буурлуудаа хүндлэн, нялхсыг хайрлан элбэрэл хайрыг дээдлэх, үнэнч итгэлтэй байх, худлаа хэлж хулгай хийхгүй байх, үндэстний соёлоо хайрлаж, уламжлан хөгжүүлэх зэрэг олон сайхан ёс суртахууны хичээлийг хамруулдаг.

Хичээл хүмүүжлийн талаар 3 жилийн хугацаанд цэцэрлэгийн багш нарыг зохион байгуулалттай монгол цэцэрлэгийн хүүхдийн шүлгийн цуврал, монгол цэцэрлэгийн хүүхдийн дуу, уран зураг, ой билгийг нээх ном, монгол цэцэрлэгийн хүүхдийн дууны MV зэргийг өөрсдөө найруулан зохион гаргасан ба Хятад улсын найман муж орны монгол хэлний сургуулийн өмнөх насны сурган хүмүүжлийн хүрээн дэх анхны иж бүрэн хөдөлгөөнт картон заах аргын сургалтын эх сурвалжийн сан, монгол хэлний хөдөлгөөнт картон хүүхдийн дууг танилцуулан гаргасан нь Сурган хүмүүжлийн танхим болон Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Хэвлэлийн Хорооны дэмжлэг болон зөвшөөрлийг хүртсэн билээ.

2014 онд тус цэцэрлэгийн найруулсан заах аргын лавлагааны материалыг Хятад улсын найман муж орны монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн жишээ материал болгон өргөнөөр түгээсэн явдал нь тус үндэстний хүүхдийн цэцэрлэгийн заах аргын сургалтын ажлын амжилтын бодит гэрч болжээ.

Тус цэцэрлэг нь бусдаас туршлага суралцаж, өөрийн чадвараа сайжруулах үүднээс 2010 оноос эхлэн одоог болтол Монгол Улсын Улаанбаатар хотын хүүхдийн цэцэрлэгтэй заах аргын хамтын ажиллагааны гэрээ байгуулан, хамтран шилдэг сайн заах аргын туршлага болон эх сурвалжаа солилцож байна. Ийнхүү Сөнид Баруун хошууны үндэстний хүүхдийн цэцэрлэг нь өөрийн гэсэн онцлогтой заах аргын арга хэлбэрийг нэвтрүүлж, олон шилдэг багш нарыг хүмүүжүүлэн, үндэстний соёл сурган хүмүүжлийн үйлсэд сэтгэл зүрхээ зориулан зүтгэснээр 2015 онд тус цэцэрлэг Өвөр Монголын хэмжээнд үлгэр жишээч хүүхдийн цэцэрлэг нэр алдрыг олсон билээ.

Зохиогч: Суунаг
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл