
Тэдгээр моддын завсраар байр байраа олон, цэвэрхэн тохилог байршсан хэдэн айл байгаа нь Алдарт багийн тариачдын гэр орон ажээ. Сумын төвтэйгээ яг залгалдан, хөхрөн ногоорох улиасан ойн зүүн хойно захыг дарж суусан тэдгээр айлуудын нэгд нь хүрэхэд гадна нь “Өвчний мангастай эрэлхэгээр тэмцэн, өөдлөх амьдралаа угтан авчирсан жишээч өрх” гэсэн хаяг нүдэнд туслаа. Энэ гэрийн эзнийг Жао Хайлүн гэдэг.

Жао Хайлүнийг хальт харахад өвчин хуучтай хүн гэдэг нь мэдэгдэхгүй. Харин эхнэр нь төрөлхийн одой хүн бөгөөд хүнд хүчир биеийн хүчний ажилд гар бие оролцож чадахгүй нь шууд харагдлаа. Хажууд нь сэргэлэн жаахан охин сүүдэр шиг дагаж, Жао Хайлүний тохойноос зүүгдэн эрхлэх нь бага сургуульд суугаа үрийн ганц охин нь байлаа. Эднийх өвчин тахалд өндийх тэнхэлгүй дарагдсан ч гэсэн үр хүүхнээ эрдэм соёлтой хүмүүжүүлэхээр шүд зуун, охиныхоо сурлага, амьдралыг нь нэг ч орхигдуулаагүй байна. Энэ нь мөн Жао Хайлүний хар бага наснаасаа ээж ааваасаа өнчирч, сурлага соёлын мөрийг хөөж чадаагүй харамсалтай бүхнээ охиныхоо бие дээр нөхсөн учир ажээ.

Жао Хайлүнийг 7 настай жил ээж нь бурхан болж, дараа жил нь аав нь ч амгалангийн оронд морджээ. Ах дүү долоогийн хамгийн бага нь болсон Жао Хайлүн ах, эгч нарынхаа дэмжлэгээр 16 нас хүртлээ сургуульд суусан боловч ар гэрийн амьдрал нь ядуу хүндрэлтэй байсан болохоор үргэлжлүүлэн сургуульд суухаас татгалзаж, Хармөрөн мужид биеийн хүчний ажил хийхээр явсан байна. Хүний нутагт тэрээр будааны агуулахад ажиллаж байгаад хэдэн жилийг өнгөрөөж, 19 настай жилээ эхнэртэйгээ танилцан үерхсэн байна. Арав гаруй жил биеийн хүчний ажил хийсний дараа Жао Хайлүн 2013 оны үед нутаг буцаж, 2 га талбайтай тарианы газраа түшин нутаг усандаа амьдрал босгожээ. Гэтэл амьдрал хатуу тоглож, хөл дээр нь мөнгөлөг хайрст өвчин гэх арьсны өвчин тусаж, хөдөлмөрийн чадвараа хэсэг хугацаанд алдсан төдийгүй, эмчилгээний зардал хэдэн арван мянган юань зарцуулсан нь угийн ядуу буурай амьдралтай айлыг бүр ч ядууруулжээ. 2015 онд өвчин нь бүр хүндэрч, хөдөлж чадахгүй болж, Бээжинд эмчлүүлэхээр очсон бөгөөд дараа хавар нь өвчин нь дахиж, Харбинд эмчлүүлж, жил гаруй болоод өвчин хууч нь бас л дахиж, Хөххотод эмчлүүлжээ.

Ингэж олон газраар эмчлүүлж, хөрөнгө мөнгөө үрж, амьдрал нь бүр илүү ядуу хүндрэлтэй болсон байна. Яг энэ үед Нам, Засгаас тэдний хэцүү хүнд байдлыг мэдэн 2016 онд байр барьж өгчээ. Мөн өнгөрсөн жилээс 4 мэгж гахай, 16 тоорой өгч, амьдралыг нь тэтгэсэн байна. Өнгөрсөн жил эмнэлэгт үзүүлэн 20 мянга гаруй юанийн зардал гарахад 90 гаруй хувийг нь хөнгөлж, зөвхөн эмнэлэгт хэвтэх бичиг баримтын 300 гаруй юанийг өөрөө гаргасан байна.
Жао Хайлүн угийн ажилч хөдөлмөрч хүн болохоор Нам, Засгийн дэмжлэгээр зориг орж, гахайгаа өсгөн худалдаад 20 мянга гаруй юанийн орлого олж, энэ жил мөн ядуурлаас гаргах төслийн дагуу буурцаг тарихаар бэлтгэж байгаа аж.
- Энэ жилдээ багтаж бид ядуурлаас бүрмөсөн ангижрахдаа итгэлтэй дүүрэн байна гэх Жао Хайлүний царайд халиршгүй итгэл дүүрэн байлаа.
