solongonews
Докторын зэрэг хамгаалснаас илүү доктор байх нь чухал
2019-05-30 18:26
Доктор хамгаалснаас хойш доктор байх нь чухал

 

Залуус улс орны ирээдүй гэдэг. Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг "Миний мөрөөдөл" ярилцлага маань гаднын улс оронд мэргэжил эзэмшиж, эх орондоо эргэн ирээд, улс орныхоо хөгжил дэвшилд хүчин зүтгэж яваа хөдөлмөрч залуусын төлөөлөлтэй уулзан ярилцдаг билээ. Энэ удаагийн зочноор Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Маралмаа уригдан оролцлоо.

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье! Бидэнд өөрийгөө танилцуулна уу? Яг хэдэн онд ямар мэргэжлээр Өвөр Монголд суралцсан бэ?

Сайн, сайн явж ирэв үү? Намайг Н.Маралмаа гэдэг. Би 2010-2015 оны хооронд Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуульд Содбилэг багшийн удирдлагаар түүхийн мэргэжлээр сурч, докторын зэрэг хамгаалсан. Сургуулиа дүүргэж ирээд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнд дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

- Яагаад Өвөр Монголд түүхийн мэргэжлээр сурахаар зорьсон бэ?

Миний магистрын дипломын ажлын сэдэв “Монгол Улсын төрийн сүлд: Уламжлал, шинэчлэл” гэдэг сэдвээр байсан юм. Төрийн сүлдийг түүхийн хавсарга ухааны чиглэлээр судлаад явахад Монголын эртний туг сүлдийн уламжлал, туг сүлдийн тахилга, зан заншил гээд туг сүлдийн уламжлал Өвөр Монголд их уламжлагдан үлдсэн байдаг учраас тэнд хээрийн судалгаа хийж, Монголд байдаг судалгаатай харьцуулан судалгаагаа үргэлжлүүлэх шаардлагатай байсан. Өвөр Монголд монгол бичиг дээрх Монголын түүхтэй холбоотой сурвалж бичиг, судалгааны бүтээлүүд их байдаг. Мөн хятад хэл сурах боломжтой байсан болохоор ӨМИС-ийг сонгосон.

 

Төгсөлтийн баяр. Өвөр Монголын их сургуулийн багш Өргөөдэй Тайван болон докторын зэрэг хамгаалсан нөхдийн хамт. 2015 оны 6 сар.
 

- Түүхийн мэргэжилтэй эмэгтэй их цөөхөн байх? Энэ мэргэжлээр сурахад гэр бүлийн хүмүүсийн нөлөө байсан уу?

Энэ мэргэжлээр сурахад гэр бүлийн нөлөө гэхээсээ илүү миний хувийн сонирхол байсан. Хүүхдүүд ер нь дунд сургуульдаа илүү сайн байгаа хичээлээрээ цаашид ажиллаж мэргэших нь их байдаг байх.  Би ч мөн адилхан сонголт хийсэн юм. Дунд сургуулийн түүх, нийгмийн хичээлийн Дуламсүрэн багш хичээлийг маш сайхан сонирхолтой заадаг байсан. Намайг түүхэд дурлуулсан хүн гэж болно. Багш маань сурах ач холбогдол, түүх гэдэг зүйл өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээ холбоос дээр байдаг болохоор аливаа зүйлийг ойлгоход түүх их тусалдаг гэх мэтчилэн хүний амьдралд хэрэг болох талаас заадаг байлаа. Тэр нь намайг энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх. Түүхч мэргэжлээр олон хүн суралцаж төгсдөг. Олон эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ яг одоо манай хүрээлэнд мэргэжлээрээ ажиллаж байгаа эмэгтэй цөөхөн байдаг.

- Өвөр Монголд очоод мэргэжлээрээ сурахад хэцүү байсан уу?

Би өмнө нь бакалаврт суралцаж байхдаа дипломын ажил бичиж, архивын данс оролдож, магистрт сурч байхдаа ч архивын эртний хууч бичгээс судалж байсан болохоор хуучин бичгээр сурахад хүндрэл байхгүй. Бэрхшээлтэй зүйл гэвэл хятад хэл байсан. Монгол Судлалын Дээд Сургууль ч гэсэн хятад хэл дээр хичээлүүд ордог байсан учраас сурах шаардлагатай байсан.

Монголын болон ОХУ-ын эрдэмтдийн хамт. Олон улсын монголч эрдэмтдийн 11-р их хурлын үеэр.  2016 оны 9-р сар

- Өвөр Монголд өнгөрүүлсэн он цагийнхаа дурсамж, олз омгоосоо манай уншигчидтай хуваалцаач?

Өвөр Монголын тухай ном сониноос уншиж байснаас илүү очиж, орчинд нь танилцах, өөрөө амьдраад ирэхээр бас өөр. Өвөр Монголчууд өөрсдийн уламжлалт ахуй амьдрал, хэл соёлоо хэвээр нь авч үлдсэн байдаг. Тэр нь надад их таалагдсан. Очоод эрдмийн зэрэг авч, суралцсанаас гадна үнэлж баршгүй олон зүйлүүдийг сурч мэдсэн байна. Мөн маш олон найзуудтай болсон. Монголоос очсон оюутнуудтайгаа ч их сайхан найз болсон. Одоо харилцаатай байдаг. Бид хамтдаа үүргэвчтэй аялал хийж, шинэ газрыг танин мэдэх, Өвөр Монголын Ордос, Улаанхад гэх мэтчилэн зүүн баруун орны соёлын ялга, хэлний авиа зүйн ялга, нутаг нутгийн соёлыг мэдэхээр явдаг байлаа. Монгол, Өвөр Монголын монгол хэлний зарим үг утгын ялгаа ихтэй. Эргээд бодоход хөгжилтэй зүйлүүд ч тохиолддог байлаа. Тухайлбал: Багш нар маань хичээл ороод биднээс"Төхөөрч байна уу" ("Ойлгож байна уу?" гэсэн утгатай) гэж асууна. Бид эхлээд ойлгодоггүй байлаа. Учир нь Монголд хонь гаргахыг “төхөөрөх” гэж хэлдэг. Харин Өвөр Монголд “ойлгох” гэсэн утгаар бас хэрэглэдэг гэдгийг очоод мэдсэн. Мөн зарим найзууд “Яарч байна уу?" гэхэд нь юу яриад байгаа юм бол гэж эхэндээ гайхаж, дараа нь ойлгодог болсон гэх мэт утгын зөрүүтэй үгс их байсан. Яриад байвал их зүйл бий.

 - Хоёр улсын ШУА-ийн хүрээлэнгүүд хамтын ажиллагаатай байдаг уу? Одоо хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр дээр ажиллаж байна уу?

Хоёр улсын Шинжлэх ухааны хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Энэ жил БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Ойн баярын хүрээнд БНХАУ-ын ШУА-ийн хүрээлэн болон Монгол Улсын ШУА-ийн хүрээлэнгийн харилцааг өгүүлсэн хамтын бүтээл гарах гэж байна. Энэхүү номын бичиг материал цуглуулах ажилд нь миний бие оролцон ажиллаж байгаа юм. Сайхан бүтээл болно гэж итгэж байна. Тэндээс хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагааны түүхийг илүү дэлгэрэнгүй харж болох байх.

Өмнө нь  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” нэртэй каталог 2015 онд гаргасан. Каталогт түүхэн баримт материалыг архиваас гаргаж Монгол, Хятад, Орос гурван хэлээр орчуулж гаргахад хятад хэлний орчуулгын ажилд оролцож байлаа. Хятад улсад суралцаж төгссөн гэдэг утгаараа хүрээлэн дээрээ хятад улстай холбоотой ажилд зайлшгүй ордог. Ер нь ӨМИС-д сурч байхдаа ч тэнд гарсан монгол бичгийн номыг унших, Монголын түүхээр гарсан, монгол судлалтай хамаа бүхий шилдэг өгүүлэл, ном зохиолыг хөрвүүлж, кирилл үсэг дээр буулган энд хэвлүүлж байсан. Мөн өөрийн судалгааны ажилтай холбоотой газар орноор очиж хээрийн судалгаа хийхдээ, телевизийн уран бүтээлчидтэй хамтран "Төрийн цагаан сүлд" баримтат кино хийж олон нийтэд хүргэж байлаа.

- Эрдэмтэн судлаач хүний хувьд төлөвлөж байгаа ажил олон байх ?

Намайг анх төгсөөд ирэхэд Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, академич Жигжидийн Болдбаатар багш маань "Доктор гэдэг энэ цолыг авч нэг том давааг давлаа. Баяр хүргэе! Цаашид олон том даваа хүлээж байгаа шүү. Энэ том цолыг цаашид хамгаалж явна гэдэг хэцүү. Доктор хамгаалснаас хойш доктор байх нь чухал. Хичээгээрэй" гэж хэлж байсан. Үнэхээр доктор гэдэг энэ хэмжээнд байх, энэ нэрийг авч явахад хэцүү, тийм болохоор их олон зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байгаа. Өнгөрсөн жил Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны сайдын нэрэмжит Залуу судлаачдын Докторын дараах судалгааны тэтгэлгийг авсан. Одоо би түүхэн угсаатан зүйд мэргэшиж ажиллаж байна. Энэ Монголын угсаатан зүйн байгаль орчноо хамгаалах, байгаль орчноо танин мэдэх уламжлалын талаар нэгдсэн мэдээллийн сан үүсгэх төслийг эхлүүлээд явж байна. Монголын түүх, угсаатан зүйг Монголчууд, гадаадынхан хэрхэн судалж байсан, Монголын нүүдэлчин ахуй, түүх соёлын тухай зурагт лавлах толь хийх гэх мэтчилэн цаашид олон зүйлийг хийхээр төлөвлөж, өөрийн судалгааны чиглэлийг бий болгохоор хичээж байна. Ер нь сайн сайхан руу тэмүүлж, олон зүйлийг мөрөөдөж, хийнэ гэсэн эрмэлзлээр дүүрэн явна.

- Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэж байна.

 Баярлалаа. Та бүхэнд мөн амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

Зохиогч: Ц.Урантунгалаг, Улаанаа
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл