Цагаан сарын амралт нүд ирмэхийн зуур өнгөрч, ажлын газраа буцах боллоо. Сурвалжлагч шинийн долоонд галт тэрэгний билет худалдан авах гар утасны АПП-ээр 02-р сарын 14-ний өдөр Да Бань суурингаас Хөххот хүрэх галт тэрэгний билет захиалахад тун удалгүй цаанаас утсаар ярьж, Хөххот хүрэх билет амжилттай захиалагдсаныг мэдэгдлээ. Гэртээ сууж байгаад хагас цагийн дотор ажлын газартаа буцах билетээ атгандаа оруулж санаа амрав. Хэдийгээр атга дүүрэхгүй жижигхэн билет ч гэлээ ажил амьдралын мөрөөр нааш цааш замнахад салж болшгүй хань болж, өнгөрөн одсон өдөр сарын гэрч болж үлджээ.
Сурвалжлагч 2007 онд их сургуулийн алтан босгыг алхаж, оюутны амьдралаа эхлүүлснээс хойш арван хоёр жил галт тэрэгний билеттэй салшгүй барилдлагатай болсон билээ. 2007 оны намар нагац эгчийгээ даган Да Бань суурингаас галт тэргэнд гарч хүсэл сэтгэлийг татсан Хөххотыг чиглэхэд хүн хар цөөн байсан болохоор суудалтай болж, маш шулуун Хөххотод иржээ. Галт тэргэнд суух нь ийм хялбархан байж гэсэн бодол маань буруутаж, амралт болж галт тэрэгний билет худалдан авах гэхэд маш хэцүү болж, сургуулиас нэгдсэн байдлаар билет захиалсан болохоор арай хийж нэг билет олов. Хожим нь сургуулийн нэгдсэн захиалдаг галт тэрэгний билет цөөн болсны дээр сурагчийн үнэмлэхийн соронзон зураас нь алдагдсанаар гэртээ харих болоход галт тэрэгний билет авах гэж үйл тамаа үзэх болов. Нээрэн тухайн үед галт тэрэгний билет авах нь оюутны амьдралын том үйл хэрэг байлаа. 2008 онд их сургуулийн хоёрдугаар ангид сургуулиас нэгдсэн байдлаар захиалж өгсөн галт тэрэгний билетийг авч чадаагүй тул нэг шөнө ангийн хэдэн нөхдийн хамт Хөххотын галт тэрэгний өртөөнд хүрч, шөнөжин дугаарлан байж нэг суудлын билет олж хөл газар хүрэхгүй баярлав. Бас нэг удаа манай ангийн оюутан галт тэрэгний билет авахаар дугаарлаж байхдаа Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн оюутнуудтай байрлалаа булаацалдан хэрүүл болж, хатуу нударга гарган үзэлцсэн юм. Хожим нь галт тэрэгний өртөөд очиж билет авахаа больж, галт тэрэгний билет худалдах салбарт хүрч авах болов. Гэвч мөн л билет авахад маш хэцүү, үүрийн цолмонтой уралдан билет худалдах цонхны өмнө дараалал үүсгэн зогсдог байлаа. Тэр үед оюутнууд хэзээ дараалалд зогсохгүйгээр билет худалдан авдаг болох бол гэж хүсэн мөрөөдөж байсан. Намайг их сургууль төгссөний дараа 2012 оны цагаан сарын шинийн нэгнээс эхлэн галт тэрэгний билет захиалахад заавал иргэний үнэмлэхээрээ захиалах дүрмийг хэрэгжүүлэв. Мөн зорчигчид интернэт дээрээс билет худалдан авах болж, автомат билет худалдах машин бий болж, зорчигчид билет авахдаа билет худалдах цонхны өмнө дараалал үүсгэн зогсох хэрэггүй болов. Төмөр замын нэгжүүд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зарим газарт электрон билетийн үйлчилгээний туршилтын чигийг хэрэгжүүлж эхлэн, хожим хурдны галт тэргэнд суухад иргэний үнэмлэхээ бүртгүүлэн, кодыг уншуулахад л галт тэргэнд сууж болохоор болно. Өөрөөр хэлбэл хожим хурдны галт тэргэнд суухад галт тэрэгний билет гартаа барих хэрэггүй болжээ.
Арав гаруй жилийн туршид нүүдлийн галуу шиг нааш цааш зорчиход аяны баталгаа болсон галт тэрэгний билет өдрөөс өдөрт шинэчлэгдэн сайжирч, өдрөөс өдөрт амар хялбар болсон явдлаас үзэхэд улс гүрний хөгжил маань ямар гайхалтай бахархууштай юм.
