solongonews
Бээжингийн Хориотой хотын дизайн нь хэн байсан бэ?
2017-03-22 18:05
Бээжингийн Хориотой хотын дизайн нь хэн байсан бэ?

Монголчуудын уламжлалт нэршлээр Бор хот хэмээгддэг Бээжин дэх хааны ордон буюу Хориотой хот нь Мин, Чин гүрний хаанчлалын үеийн хамгийн чухал, хамгийн эрх сүртэй газар байсан билээ. Өнөөгийн хүн бүгд орж сонирхох боломжтой энэхүү “Ордон музей” нь тухайн үед харц ард байтугай хаад ноёд ч эмээн сүрддэг нууцгай догшин газар байсан ажээ.

Хориотой хот нь Бээжин хотын төвд байрладаг ба 720 мянган метр квадрат талбайг хамардаг. Мин,Чин гүрний 24 үеийн эзэн хаан энд амьдарч байсан бөгөөд хэдэн зуун жилийн турш цэрэг дайны бүх зарлиг захиа эндээс тогтоогдож, Хятад орны үе үеийн иргэдийн тавилан төөргийг эзэмдэж байсан билээ. Хааны ордонд ховор цухаг эд эрдэнэс, бичиг судар асар их хадгалагдан үлдсэн боловч цор ганц уг цогцолборын дизайны талаарх мэдээлэл алга аж. Тухайн цаг үед барилгачны нийгмийн байр суурь доор, хэдий хэдэн сая барилгачин ажиллаж байсан гэдэг түүхтэй ч нэрээ үлдээсэн нь хуруу даран тоолохоор цөөн бөгөөд дизайны хувьд бүр ч тас нууц болон хоцорчээ.

Барилгын материалыг бүрдүүлэхэд 11 жил зарцуулсан гэдэг

1402 онд умард бүс нутгийг захирч байсан Янь ван өргөмжлөлтэй Жү Кан арга бүхнийг сүвэгчлэн, Мин гүрний хоёрдогч эзэн болох ач дүүгээсээ хаан орыг нь булаажээ. Ийнхүү шинээр хаан суудалд суусан Жү Кан урьд хааны шударга түшмэдүүдээс сэргийлэх ба өмнөд нутгийн цаг агаартай зохицол муутай зэргээс шалтгаалж уугуул нутаг Бээжин хотдоо буцах хүсэл цаг өнгөрөх тусам нэмэгдэж байв. Хаан суусныхаа дөрвөн жилийн ард Жү Кан Бээжин хотод шинэ ордон байгуулах бэлтгэл ажлаа эхлүүлж, харьяат нутгийн өнцөг булан бүрээс барилгын үнэт материал цуглуулж эхэлсэн нь 11 жил үргэлжилсэн гэдэг.

Кюай Шян гэгч хүн дизайн байсан болов уу

Хааны ордныг маш утга учиртай, ёс горимтой байгуулсан байдаг. Хятадын уламжлалт ёс заншлын дагуу урьд талдаа төрийн хэрэг зөвшилцөх гурван орд байгуулж, хойд талд нь хаан болон хааны гэр бүлийнхний амьдран суудаг ордон цогцолборууд баригджээ. Мөн арга билгийн ухааны зуршлаар зүүнээ дээдсийн тахилгын сүм, баруунаа тахилга тайлгын тавцантай аж. Одон зурхайн ухаанаар Эртний Хятадад Зи Вэй хэмээн нэрлэгддэг Хойд зүгийн “Тэнгэрийн эзний орд” хэмээх одны бэлгэдэлтэйгээр уг ордноо Зи Жинь Чэн буюу “Ягаан хориотой хот” гэж нэрлэжээ. Тэгвэл ийм том төсөлд хэн гэгч хүн дизайнаар ажиллаж байсан бол?

Жү Кан хаан суудалд гарсан 15 дахь жил буюу 1417 онд Хятадын өмнөд нутгаас маш олон урчуудыг татсан байна. Энэ дунд нэгэн цуутай дархан Кюай Шян гэгч байсан хэмээн ардын дунд яригдаж байв. Тэрээр 1398 онд төрсөн Сүжөү хотын Шян Шань орны хүн. Тухайн үед хааны хотыг байгуулахаар Бээжинд ирсэн урчуудын дунд Шян Шань эвлэл гэгч нэгэн бүлгэм байсны ахлагч нь Кюай Шян аж. Харин ардын дунд уламжлагдан яригддаг мэтээр Хориотой хотыг Кюай Шян урлан төсөвлөсөн эсэх нь одоо болтол нууц байсаар ажээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл