
Хятад, Африкийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны IV чуулга уулзалт 06-р сарын 26-нд Бээжин хотноо болов. Хятад, Африкийн хэвлэл мэдээллийнхэн хамтын ажиллагааны 12 хэлэлцээрт гарын үсэг зурж, солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх нэгдсэн тунхаг баталжээ.
Тус чуулга уулзалт ирэх 09-р сард болох 2018 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд уулзалтын хүрээнд болж буй бөгөөд 2015 оны Йоханнесбургийн дээд уулзалтын үр дүнг цаашид хэрэгжүүлж, Хятад, Африкийн хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын газрын дэд дарга, Үндэсний радио телевизийн ерөнхий газрын дарга Нэй Чэньши нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Хятад, Африкийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа гүнзгийрч, хэвлэл мэдээлэл гүнзгий уялдаж буй шинэ эринд өрсөлдөөн сорилт, боломж зэрэгцэн оршиж буй нөхцөлд хоёр тал харилцан ашигтай хамтдаа ашиг олох зарчмын дагуу хэвлэл мэдээллийн бодлогын зохицуулалт, солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх замаар Хятад, Африкийн хэвлэлийн салбарын хамтын ажиллагааг улам өндөр түвшинд гаргаж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад улам их үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.
Чуулга уулзалтад Хятад, Африкийн засгийн газар, хэвлэлийн байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцон, төлөөлөгчид Хятад, Африкийн хэвлэл мэдээллийн бодлого, Хятад, Африкийн хэвлэл мэдээллийн үг хэлэх эрхийн байгуулалт, Хятад, Африкийн хэвлэл мэдээллийн тоон болон агуулгын үйлдвэрлэлийн хөгжил зэрэг сэдвээр санал бодлоо гүнзгий солилцсон байна.
