solongonews
“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ нээлтээ хийлээ
2019-09-02 12:42
“Хятад орныг танин мэдэхүй” Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ.

“Хятад орныг танин мэдэхүй” Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээ 09-р сарын 02-ны өдрийн үдээс өмнө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ.

БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Монгол Улсын БСШУСЯ, Улаанбаатар хотын захиргаа хамтран “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү арга хэмжээний гүйцэтгэгчээр ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын ЗГХА Соёл урлагийн газар, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв хамтран ажилласан бол тус цуврал арга хэмжээ нь 09-р сарын 02-ны өдрөөс 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болно. 

Арга хэмжээний үеэр уран сайхны тоглолт, үзэсгэлэн, ном хэвлэл, кино долоо хоног, олон ангит уран сайхны кино солилцоо, монгол анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, аялал жуулчлалын салбарын танилцуулга, спортын тэмцээн уралдаан зэрэг олон салбарыг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.

Соёлын цуврал арга хэмжээнд урлаг соёлын олон хөтөлбөр багтсанаас “БНХАУ-ын 70 жил”, “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн”, “Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн” уран зургийн үзэсгэлэн гэсэн 5 хэсгээс бүрдсэн нийт 150 гаруй үзмэр бүхий томоохон үзэсгэлэн энэхүү өдрүүдэд Монголын Уран Зургийн Галерейд дэлгэгдэж үзэгч олонд хүрэх аж.

“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хятад, Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн салбарын харилцан солилцоог ахиулах, хоёр улсын ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг зузаатгах, Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийг тэмдэглэхэд таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа болно. 

Зохиогч: Бэлтгэсэн: Б.ТУЯА, М.БАНДИ, ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл