solongonews
Монгол Улсын Ерөнхий сайд ӨМӨЗО-ы удирдлагыг хүлээн авч уулзав
2018-07-05 23:09
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр буюу 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Монгол, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр тохиролцсон олон төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа. Өнгөрсөн 04-р сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар тус улсад айлчлан, Бө-Аогийн чуулга уулзалтад оролцсон. Энэ үеэр эрхэм зочин Ли Жихэнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байдгаа  илэрхийллээ.

Монгол, БНХАУ тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна гэлээ. Цаашид хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд ӨМӨЗО-той нягт хамтран ажиллах шаардлага байгааг тэмдэглэв.

Хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтрах, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр ӨМӨЗО-ы хуримтлуулсан туршлагыг судалж нэвтрүүлэх сонирхлоо мөн илэрхийлэв. ӨМӨЗО-ы Баяннуур аймагт болсон уулзалтын мөрөөр хилийн боомтуудын хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг тэмдэглэв.

ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн:

БНХАУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд ӨМӨЗО чухал байр суурь эзэлдэг. Цаашид аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцаа, соёл, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна гэв. Хилийн боомтууд, чөлөөт бүс, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Зохиогч: Бэлтгэсэн: Х.АРВИНТАЛ, Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонгол мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл