Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Аргентины ерөнхийлөгч Алберто Фернандезтэй харилцан захидал илгээн, хоёр орны харилцаа, цар тахалтай тэмцэх зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Ши Жиньпин: Ерөнхийлөгч та тушаалд гарснаас хойш бид утсаар ярилцсан бөгөөд олон удаа харилцан захидал илгээж, Хятад, Аргентины харилцааг гүнзгийрүүлэх, цар тахалтай тэмцэх зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн билээ. КОВИД-19 цар тахал дэлхий нийтэд хүндхэн сорилт боллоо. Хятад, Аргентин хоёр орны ард түмэн цар тахалд хандан зовлон бэрхшээлээ хамтатгаж, харилцан дэмжин тусалж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа цар тахлын эсрэг тэмцлийн явцад шат ахив. Аргентины талтай вакцины судалгаа, хэрэглээний хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, цаашид ч Аргентины талын цар тахлын эсрэг тэмцэлд боломжийн хэрээр туслан дэмжихэд Хятадын тал бэлэн байна. Хятадын тал Хятад, Аргентины харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд Аргентины талтай хамтдаа хичээн чармайж, "Бүс ба зам"-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулах хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулан, Хятад, Аргентины иж бүрэн стратегийн түншийн харилцаа үргэлжлэн гүнзгийрэн хөгжихийг хамтдаа удирдан дагуулахад бэлэн байна гэв.
Алберто Фернандез хоёр орны харилцааны хөгжил ба цар тахлын эсрэг тэмцсэн Хятад улсын ололт амжилтыг өндрөөр үнэлээд Аргентины тал цар тахлын эсрэг тэмцэхэд Хятадын тал туслалцаа дэмжлэг олгосонд талархал илэрхийлэв. Тэрээр мөн цар тахлын түрэлтэд хандан улс орнууд нэгдэж, харилцан хүндэтгэн, харилцан тусалж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтын төлөө хүчээ өргөх ёстой юм. Хятад улс ядуурлаас ангижруулах тэмцлийн зорилтоо товлосон ёсоор биелүүлж, шинжлэх ухаан технологийн салбарт гарамгай амжилтад хүрсэн нь Хятадын ард түмэнд мөн нийт хүн төрөлхтөнд ашиг тус бүтээсэн явдал юм гэжээ.
