Хотод машинаа зогсоох гэж үйлээ бардаг тохиолдол зөндөө бий.
- Гадаа гарахдаа машинаа барина гэж боддог. Харин машинаа тавихад амаргүй гэж бодохоор зүрхшээдэг болсон. Би ихэнхдээ зогсоол олох гэж хагас цаг эргэлддэг боловч сул зогсоол ер олддоггүй гэж Бээжинд амьдардаг Шяо Ян бодлоо хуваалцлаа.
Олон нийтийн аюулгүй байдлын яамны Замын хөдөлгөөний удирдлагын товчооны нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 оны 06-р сарын эцсийн байдлаар Хятад улсын автомашины тоо нийт 426 саяд хүрч, 88 хотын автомашины тоо нэг саяыг давжээ. Үүний дотор Бээжин, Чэндү 6 сая гаруй, Чунчин, Шанхай, Сүжөү хот 5 сая гаруй машинтай. Зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх нь зогсоолын хомсдолыг шийдвэрлэх арга хэмжээний нэг. Үүний зэрэгцээ зогсоолын үр ашгийг дээшлүүлэх, дижитал технологийг ашиглах нь бас чухал арга зам юм.
Навигаци ашиглан зогсоол олох нь нь маш тохиромжтой
Бээжингийн иргэн Шяо Ян авто машины зогсоол олдоггүй тухайгаа:
-Би нэг удаа 20 орчим минут эрж хайсны эцэст сая дэлгүүрийн газар доорх зогсоолд орж зогссон гэж Шяо Ян хэллээ.
Машин барьдаг хүмүүст ийм явдал зөндөө тохиолддог. Зогсоол олохын тулд авто зогсоолын дотор хэд дахин эргэж цагаа барж ядардаг. Өнөөдөр дижитал болон ухаалаг технологиор зогсоолын навигацийг ашигласнаар энэхүү асуудал шийдэгдсэн байна.
Зогсоолын навигаци гэж юу вэ? Тэр нь хүмүүсийг шууд ямар нэгэн зогсоол руу хөтөлдөг боломжтой нарийвчилсан навигаци юм. Та холбогдох апп дотроо зорьсон газрынхаа ойролцоох зогсоолыг сонгоно. Зогсоолын үүд хүрэх үед тус навигаци тухайн үеийн авто зогсоолын нөхцөл байдалд тохируулан зогсоол сонгож, таныг шууд зогсоол уруу удирдан чиглүүлэх үйлчилгээг үзүүлэх болно.
Шяо Ян саяхан зогсоолын навигацийг хэрэглэж үзсэн байна. Тэрээр хэд хоногийн өмнө Бээжингийн Фэнтай галт тэрэгний буудал руу хүн авахаар очихдоо Байдү навигацийн апп-ыг ашиглан "Зогсоолын навигаци" гэсэн хувилбарыг олж сонирхож үзсэн байна. Түүнийг машины зогсоол дээр ирэхэд навигацийн программ нь зогсоол сонгоход нь тусалж, тэнд чиглүүлсэн байв.
-Машины зогсоол руу шууд явах нь маш тохиромжтой! Бүх авто зогсоолын газар бүгд ийм байгаасай гэж хүсэж байна гэж Шао Ян хэлсэн байна.
Одоогийн байдлаар машины зогсоолын навигацийн технологи хөгжиж байгаа бөгөөд цаашид илүү олон авто зогсоолууд үүнийг ашиглан үр ашгаа дээшлүүлэх болно.
Ухаалаг төлбөр хийх нь үр ашгийг дээшлүүлдэг
Уг нь хүмүүс зогсоолоос гарахдаа гарц дээр дараалалд зогсож, машин зогсоож төлбөрөө төлдөг. Ачаалал ихтэй үед төлбөрөө төлөөд явахад ч хагас цаг гаруй хугацаа шаардагдана. Жэжян мужийн Ханжөү хотод амьдардаг Шяо Жөү ийм нөхцөл байдалтай тулгарах бүртээ ихэд бухимддаг.
-Төлбөрөө хурдан хийж, шууд гараад явах шинэ технологийг би удаан хүлээсээр ирсэн гэж хэллээ.Мобайл төлбөрийн технологи түгээмэл болсноор зогсоолын төлбөрийг шууд төлөх болсон нь авто машины зогсоолоос гарах үр ашгийг эрс дээшлүүлж, урт дараалалд дахин зогсох шаардлагагүй болсон байна. Өнөө үед ухаалаг төлбөр хийх технологи улам хөгжсөнөөр машинууд хэдхэн секундын дотор зогсоолоос гарах боломжтой болсон юм.
Машинаа зогсоохгүй, мөнгө гаргахгүй, карт авах шаардлагагүй, QR код уншуулах ч хэрэггүй, бүр машиныхаа цонхыг ч доошлуулах хэрэггүй болсон. Зогсоолоос гарах үед төлбөрийг автоматаар хасаж, шонг өргөж, хэдхэн секундын дотор машин зогсоолоос гарна. Зогсоолын төлбөрийн ухаалаг төлбөр бол ийм энгийн зүйл юм. Шяо Жөү энэхүү төлбөрийн аргад маш их дуртай:
-Дахин хүлээж зогсох шаардлагагүй болжээ. Цаг хугацаа хэмнэх нь хүн бүрд тохиромжтой! гэж хэллээ.Салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ухаалаг төлбөр тооцоо нь нууц кодгүй, хурдан төлбөр тооцоо хийх болон машины дугаарыг таних технологийн хослол юм. "Авто машины дугаарыг таних, шон өргөх, гарах, мөнгө хасах" гэсэн дөрвөн явцыг зэрэг гүйцэтгэх юм. Гэхдээ та автомашины дугаараа банкны карт, WeChat, Alipay зэрэг хувийн дансанд хавсаргах шаардлагатай. Статистик мэдээллээс харахад энэ нь ухаалаг төлбөргүй зогсоолоос явах цагийг 80 хувь хэмнэдэг аж.
Автомашины эздэд машинаа хурдан олоход тусалдаг технологи зэрэг олон дэвшилтэт технологиуд нь авто зогсоолуудад ашиглагдаж байгааг сурвалжлагч мэдсэн байна. Зогсоолын роботыг ашигласнаар үр ашгийг дээшлүүлсэн. Цаашид үүнийг шинэ эрчим хүчний автомашин цэнэглэх болон бусад функцуудтэй хослуулан зогсоолын үйлчилгээний чанарыг бүх талаар сайжруулах болно.
Зогсоолын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд олон шинэ боломжууд бий
Зогсоол бол үнэндээ амьжиргааны асуудал юм. Хотод машинаа хялбар зогсоож чадах эсэх нь иргэдийн аз жаргалын мэдрэмжийг дээшлүүлнэ. Ухаалаг зогсоол байгуулах ажлыг дэмжихээр олон газар хүчин чармайлт гаргаж байна. Энэ оны 04-р сараас Бээжин "Ухаалаг зогсоолын системд тавигдах техникийн шаардлага"-ыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь Бээжин хотын худалдааны зогсоолын ухаалаг зогсоолын системийг барьж, шинэчлэх техникийн үндэслэл болсон юм. Шанхай хот "14-р таван жил"-ийн хугацаанд 100 гаруй ухаалаг авто зогсоол болон 100 гаруй зам дагуух ухаалаг зогсоол байгуулахад анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна. Энэ жил 20 ухаалаг зогсоолыг барьж дуусгах болно.
Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн Барилгын салбарын дарга Ли Липин:
-Ухаалаг зогсоол нь хотыг шинэчлэх чухал хэсэг болохын зэрэгцээ салбарын өөрчлөлт, шинэчлэлийг хурдасгах төдийгүй, мөн үйлдвэрлэлийг сайжруулахад холбогдох хэрэглээнд түлхэц болно гэж хэлсэн байна. Холбогдох хэлтэс, аж ахуйн нэгжүүд шинэ нөхцөл байдалд хөгжлийн шинэ боломжийг эрэлхийлж, шинэ өсөлтийн цэгүүдийг тодорхойлж, хотын авто зогсоолыг илүү бий болгох хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.
Хэд хоногийн өмнө болсон 2023 оны Хятадын авто зогсоолын экспод "Өндөр хурдны давхар зогсоол", "Шинэ үеийн босоо эргэлттэй зогсоолын төхөөрөмж", "Ган хийцтэй автомат зогсоолын төхөөрөмж" зэрэг хэд хэдэн зогсоолын технологи, тоног төхөөрөмжийг танилцуулав. Шинэ эрчим хүчний автомашины эзэмшлийн хурдацтай өсөлт, хотын дэд бүтцийг шинэчлэн өөрчлөх зах зээлийн эрэлт хэрэгцээ нь авто зогсоолын тоног төхөөрөмжийг тасралтгүй шинэчлэхэд түлхэц болж, холбогдох салбарууд шинэ боломжуудыг нээж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн том дата, эд зүйлсийн интернэт, хиймэл оюун ухаан болон бусад технологийн хэрэглээ нь зогсоолыг төдийгүй, хотуудыг илүү “ухаалаг” болгож байна.
