solongonews
ЗҮҮДЭНД УЯАТАЙ НУТАГ
2017-07-28 15:18
Бээжингийн Төвийн Үндэстэний их сургуулийн Монгол хэл-утга зохиолын салбарын III дамжааны оюутан Г.Түгээмэл Монголд анх удаа ирж буй бөгөөд анхны бичсэн нийтлэл нь Монголын тухай байлаа.

Монголд ирснээр би анх удаа хилийн дээс алхлаа. Гэхдээ яагаад ч юм надад гадаад явж байна гэхээсээ илүүтэй харь  холд суугаа садныдаа айлчлахаар ирж байгаа сэтгэгдэл төрсөн. Учир нь би эцэг тэнгэр шүтээнтэй, эзэн Чингисийн үрс юм. Бидний хоолойд үг хүртэл нэг янзаар зангирч, бидний судсанд цус хүртэл нэг янзаар урсдаг.

Зүүдэндээ би Монголд олон удаа ирсэн. Харин энэ удаагийн аялал маань бүр ч сайхан байлаа. Нэг удаа айхавтар муухай зүүд зүүдэлж билээ. Зүүдээ ярья. Улсын хилээр алхан Монгол явах гэтэл хилийн цэрэг намайг хятадаар ярилаа гээд над руу үхэр чулуу шидэж байх юм гэнэ. Ер нь монголд ирэхээсээ өмнө олон зүйлээр төсөөлж бодсон  болохоор ингэж зүүдлэсэн байх.

-Он жилийн тоосонд дарагдсан оюу ногоон гал тэрэг-

Замын Үүдээс Улаанбаатар хүрэх галт тэргийг анх хараад оргилсон сэтгэл тэр дороо намдав. Оюу ногоон өнгийн галт тэрэгний өнгө нь нар салхинд  гандаад борлож хуурсан харагдсан. Гэхэд эрийг бүү бас гэдгийн адилаар  галт тэрэг нь хэдий хуучин ч дотроо их сайхан цэвэр тохилог байв.

Нэг талын орыг голоор нь дээр, доор байрлуулж, дээд талын орыг эвхэж болдгоор хийсэн нь зорчигчидын хөдөлгөөнд саад болохгүй сайн талтай болжээ.Үүнээс гадна дээд талын орны хэсэгт хайрцаг, цүнх хийх газар байгаа нь зай томтойн дээр эд зүйлсээ алдагдахаас сэргийлжээ.

Нөгөө талд нь хоёр орыг хөндлөнгөөр дээр, доор нь байрлуулжээ. Доод талд байрлах ор нь гурван хэсгээс бүрджээ. Дундах хэсэг нь дээш доошоо чөлөөтөй хөдөлж болдог. Дээшээ тавибал ширээ болж, доошоо болгоход бүхлээрээ ор болдог.

Хамгийн чухал нь бас сүүтэй цай, кофе нь үнэгүй. Энэ бүхэн нь цөм монголчуудын өрөөлийн төлөө өврөө уудлах сүүн цагаан сэтгэлтэйг харуулж байна.

-Гэгээн Монголын гэрэлт сувд-Улаанбаатар-

Эх монгол нутгийн зүрх нь болсны хувьд Улаанбаатар хот гурван сая түмнийг өвөртөө бүүвэйлэн хооронд нь холбож байна. Монголын нийслэл болсны хувьд хивс ногоон тал дээр сувд мэт гэрэлтэж байна. Хэдийгээр хөгжлөөрөө хөрш улсаа гүйцэхгүй ч гудамж талбай нь цэвэрхэн, хүн ард нь маш боловсон юм. Хог хаях хүнгүй, олон нийтийн газар чанга дуугаар ярих хүнгүй, тамхи татаж буй хүнтэй бараг таарахгүй. Хүндэлж мэндлэх ёсыг их хичээдэг, энэ бүгд цөм дээдсээс уламжилж ирсэн ариун цагаан ёс болой.

Улаанбаатарт худалдаалж уй бараа бүтээгдэхүүний үнэ Хятдынхыг бодвол  хямд байна. Харин жимс ногоо нь үнэтэй санагдсан.

Үдэшдээ Зайсан толгойгоос Улаанбаатарыг харахад “Улаанбаатарын үдэш” хэмээх дууг бодогдуулам сайхан байлаа. Тэнд бараг л жижиг наадам  болж байна.

-Орчлонд ганцхан үзэсгэлэнт наадам-

Аз тохиол, алт мөнгөний сайнаар улсын наадмыг олж нэг үзлээ. Ингээд энэ удаагийн аялал минь харамсахааргүй сайхан боллоо. Олноос олон наадамчид Төв цэнгэлдэх хүрээлэнд цугларан наадмын нээлтийг сонирхлоо. Наадам үзэхээр гадаадын олон жуулчид ирсэн харагдсан. Тоглолт үзүүштэй сайхан байсан. Гэхдээ хэт олон хүн байснаас эмх замбараа алдагдаж хэсэг бүлэг хүмүүс суудалгүй болсон юм. Би тэр азгүй хүмүүсийн нэг нь.

Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод жигд олон майхан барьжээ. Эдгээр нь наадамчин олонд хоолоор үйлчлэх хуушуурын майхнууд юм. Би хол ойрдоо цуутай наадмын хуушуурыг олж идлээ. Бас хорхог идэв. Сайхан л байсан. Өнгө өнгийн бараа дэлгэн зарах нь хямд бөгөөд чанар сайтай.

Наадмын үдэш Сүхбаатарын талбайд залуу дуучдын тоглолт болов. Монголчуудын дуу бүжгэндээ сайн нь түүхээсээ уламжлалтай учраас авъяаслаг хүнээр дутахгүй байдаг. Тэр үдэш Сүхбаатарын талбай хөөр баяраар дүүрэн байлаа. Улаанбаатарт шөнө дөлөөр явах аюултай хэмээн багш бидэнд  сануулсан тул амрахаар эрт харилаа. Үнэндээ хааяа нэг хоёр согтуу хүн явахыг эс тооцвол амгалан сайхан хот юм аа.

-Нэгэн зүйлийн сонин учир бий-

Анх Улаанбаатарт ирэхэд юу ч мэдэхгүй учраас дээшээ харахад тэнгэр хол байлаа. Хашаа ч гэсэн бүр таксыгаар явдаг байлаа. Гэхдээ зам зуур бид яриа дэлгэхээр жолооч нь биднийг өвөрмонголчууд гэдгийг мэдээд илүү мөнгө авдаг байлаа.Сүүлд нь бид үнээ тохиролцоод явдаг болсон. Гэхдээ яахав ээ дүн нь адил. Нэг газар руугаа гурван удаа явахад харилцан адилгүй мөнгө авна. Тэгээд бид энэ тухай ярьж инээлдэж байсан. Усыг нь уувал, ёсыг нь дагана гэдэг дээ. Тиймээс бид хэлсэн мөнгийг нь төлж байлаа. Уул нь буруу л даа. Ар, Өвөр монголчууд адилхан монгол шүү дээ. Хуруун чинээ ашгийн төлөө ингэж авах нь чухалгүй.

Монголчууд бүгд тийм биш. Миний ардын сэтгэл цагаан байна, цагаанаараа байгаасай.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл