solongonews
Төрийн тайзнаа “Тэнгэрлэг эгшиг”-ийн ид шидийг гайхуулсан уран бүтээлч Б.Хасбат
2018-07-13 16:26
Монгол хүнд гурван эрдэнэ байдаг. Тэр нь тал нутаг, ажнай хүлэг, уртын дуу билээ! Энэ гурван эрдэнээ өр зүрхнээсээ хайрлан шүтэж явсан хүний нэг нь Боржигин Хасбат юм.

Б.Хасбат 30 гаруй жил уртын дуугаа шуранхайлж, үзэсгэлэнт сайхан тал нутгийнхаа элгэнд үндэстний уламжлалт соёл урлагтаа өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж явна. Тэрбээр Улаанхад хотын Үндэстний дуу бүжгийн хүрээлэнгийн улсын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин, Өвөр Монголын Дуу урлагийн нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Уртын дууны урлагийн судалгааны нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч, Хятадын Үндэстний цөөнхийн дуу урлагийн нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Хятад улсын Уран бүтээлчдийн нийгэмлэгийн гишүүн зэрэг албан тушаалтай. Үүгээр ч барахгүй Өвөр Монголын зэрэглэлийн монгол уртын дууны биет бус соёлын өвийн өвлөн уламжлагч юм.

“Уртын дуу бол монгол хүний зүрхэнд шингэсэн урлаг, монгол үндэстний соёлын хийморь жавхааг дэлхийд алдаршуулах брэнд болно” гэж уртын дуучин Б.Хасбатын хэлсэн үгээр бидний сурвалжлага эхэлсэн юм.

32 жилийн турш тал нутагтаа шингээсэн гүн гүнзгий сэтгэлгээгээ уртын дуугаараа аялуулж явснаас Б.Хасбатын сэтгэлд уртын дуу нь өнө үүрдийн тэнгэрлэг яруу ая, уламжилж хөгжүүлэх шаардлагатай монгол соёлын молор эрдэнэ болжээ. Б.Хасбат хар бага байхын дуу, урлагт авьяастай байснаас 1979 оноос эхлэн уртын дуучин дархан багш Лхавжав багшаас уртын дуу сурсан нь урлагийн замынх нь өндөр гараатай эхлэл болов. Тэрээр 1981 онд Өвөр Монголын Урлагийн сургуульд шалгалт өгч, Зуунаст багшийн удирдлага болон өөрийн төрөлх авьяас, цуцалтгүй хичээл зүтгэлээрээ урлагийн шимийг хүртэж, уртын дууны эрэлч, соёлын өвлөгч болох суурийг тавьсан билээ.

Сургуулиа төгссөний дараа сурч судлахаар мэрийдэг Б.Хасбат сурсан суурь мэдлэгээ хэрэгжүүлэхийн тулд уртын дууны дархан дуучин Даваасамбуу, Хөгжилт багшаас уртын дуу дуулах, хоолойн өнгө, дууны нугалаа ба амьсгалаа зохицуулах арга барилыг илүү сайн эзэмшсэн байна. 1993 онд Төвийн Үндэстний Их Сургуулийн урлагийн ангид шалгалт өгөн элсэж, маш олон алдарт дуучин, алдарт багш нарын удирдлагыг хүртэж, уртын дууны арга мэргэжил нь өдрөөс өдөрт нэмэгдэн, өөрийн гэсэн хэв намбатай болов. Түүний дуулдаг “Жий талын гургуул”, “Жан мөрний ус”, “Хянган өндөр” зэрэг уртын дуу нь бүгд олны хүртээл болсон Зуу-Удын ардын уртын дуу бөгөөд дуучны сайхан хоолойн өнгө, ур чадвараар дахин амилж, “Сайхан дуу”, “Сайн дуу” гэж магтагдан олныхоо дунд оройлж байсан юм.

1992 оноос эхлэн олон арван уралдаан тэмцээн, тоглолтод оролцож, цаг заваараа сурагч элсүүлэн уртын дуу зааж байв. Түүний хүмүүжүүлсэн сурагч Цэцэнбилэг “Хятадын ардын дундах дуу бүжгийн уралдаан”-д алтан медаль хүртэж, тэрээр нэгдүгээр зэрэглэлийн удирдагч багшаар шагнагджээ. 1995 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Тал нутгийн алтан намар” дууны хоёрдугаар уралдаанд уртын дуугаараа тэргүүн шагнал авчээ. Мөн олон олон уралдаан тэмцээнд тэргүүн, дэд, шилдэг шагнал хүртэж байсан бөгөөд 2004 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болсон “Олон улсын уртын дууны уралдаан”-д тусгай мэргэжлийн багшийн алтан медаль авснаараа үзэгчид, урлагчдын дунд их нэртэй болж, “Залуу дуучин Б.Хасбат” хэмээн алдаршин, тэр жил нь “Солонго” сэтгүүл зэрэг сонин мэдээллийнхэнд сурвалжлага өгсөн билээ. Тэр хүнгэнэм сайхан хоолой, уярам сайхан хөг аястай монгол уртын дуугаараа монгол түмнийхээ дунд ингэж л алдаршин, монгол соёлынхоо шимийг хүртэж, монгол соёлдоо ач тус, нэмэр хандиваа өргөсөөр олон удаа томоохон хэмжээний уран сайхны тоглолтод уригдан оролцож, гадаад дотоодын есөн хэлтний сонорыг баясгаж, монгол соёлоо дэлхий дахинд дуурсгаж явжээ. Жишээ нь: Уртын дуугаараа нийслэлийн үзэгчдийг гайхшруулж, Шэньжэнь, Шиньжян, Шанхай зэрэг муж, орны томоохон уран сайхны тоглолтод оролцсон бөгөөд Америк, Канад, Япон, Монгол, Орос зэрэг улсын “Mengguliyan Long-Tune” гэдэг нэр алдрыг сонсогчдод таниулан, монгол соёл, монгол уртын дуугаа даян дэлхийд алдаршуулан дуурсгаж явжээ. Тэрээр 2000 онд Өвөр Монголын “Алдарт уран бүтээлч” болов.

Б.Хасбат зөвхөн нэг дуучин биш, урлаг судлаач, зохион бүтээгч, урлагийн сэхээтэн юм. Дуулж явах хорвоод дуучин хүн олон байсан ч уртын дууг зохиож бүтээх нь туйлын хүнд асуудал байдаг. Б.Хасбатын зохиосон бүтээл “Хөх мөнгөн нутаг”, “Монгол морины магтаал”, “Цоорын дуу”, “Морин хуурын хөгжим” зэрэг уртын дуу бий. Үг аяараа сонсогчийн магтаалыг олсон билээ. Мөн “Тайван цэгээн нуур” гэх морин хуурын ая нь намуун уян аястай, сэтгэлийг догдлуулам сайхан эгшигтэй билээ. 2018 онд “Өвөр Монголын дуу урлагийн онолын тусгай мэргэжилтэн”, “Хятад улсын умард хилийн дуу урлагийн соёлын тусгай мэргэжилтэн”-ээр үнэлэгдэж билээ.

Б.Хасбат уртын дуугаараа Хятадын нутаг оронд дуурсагдаж явсан бөгөөд соёл урлагийн шимээ уламжлан өвлөж явсан билээ. 1992 оноос эхлэн сурагч элсүүлэн шавь хүмүүжүүлж, хүүхэд залуучууддаа уртын дууны шимийг хүртээж явснаар 300 гаруй сурагч хүмүүжүүлж, эдгээр сурагчид нь ч урлагийн тайзнаа өөрийн авьяас билгээ харуулж нэр төртэй явж байгаа нь түүний хамгийн том бахархал болжээ.

Сурагчийн амжилт багшийн гавьяа зүтгэлээс салшгүй юм. 2016 онд “Умардын тариачин дуучны аварга” хэмээн алдаршиж, 2018 онд Төв телевизийн “Одон гялбаат дардан зам” нэвтрүүлгийн шийдвэрт уралдааны тэргүүнээр тодорсон Орчлон гарын шавь нь. 2009 оны “Хувьсгалт дууны уралдаан”-ы тэргүүн байр, Мийрэн хамтлагийн дуучин Баясгалан, 2000 онд Төв телевизийн “Одон гялбаат дардан зам” нэвтрүүлгийн дууны уралдааны гарагийн манлай, сарын уралдааны дэд дуучнаар тодорсон Балжинням зэрэг олон залуу дуучид бүгд түүний хүмүүжүүлсэн шавь юм.

- Бидний нэг үеийн дуучин уран бүтээлчид шавь хүмүүжүүлэхийг хичээнэ. Монгол соёл урлагаа хойч үеийнхэндээ уламжлан залгамжлуулах нь монгол уран бүтээлчдийн дархан үүрэг мөн. Олон арван залуу уран бүтээлч шалгаран гарах нь бидний хувьд тун баярлууштай явдал юм гэж Б.Хасбат сэтгэл догдлон ярьж байлаа.

Б.Хасбат 2017 оны 06-р сард Хөлөнбуйр хотод болсон “Хөх тэнгэр • хөдөө нутаг” нэрэмжит дэлхийн хэмжээний уралдаанд монгол үндэстний уртын дууны төлөөлөгчөөр оролцож, “Богд Чингис”, “Жан мөрний ус” гэх хоёр уртын дуугаараа урлагийн дээд зэргийн шагнал - “Ге Лай Мэй” шагналыг авч, энгэрээ мялаалгасан байна. Тус шагнал нь урлагийн шагналын хамгийн дээд шагналын нэг бөгөөд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгддөг шагналын нэг мөн. Энэ том шагналыг авсан уран бүтээлч амжилт зүтгэлдээ ханаж суувал болох байсан ч Б.Хасбатд зогсох бодолгүй дуугаа дуулсаар...

Одоо ч олон арван хүүхдэд уртын дуу зааж, илүү олон уртын дуучныг хүмүүжүүлэхээр зорьж байгаа бөгөөд өөрийн ажлын зав чөлөөгөөр Зуу-Уд ардын монгол уртын дууны тухай материалыг эмхтгэн цуглуулж, зарим устах шахсан уртын дууг сэргээн амилуулж, “Зуу-Уд монгол ардын уртын дуу”-ны дөрвөн CD цомгийг эмхтгэх ажил нь шувтаргаандаа орж, энэ жилийн 07-р сарын сүүлээр цомгоо хэвлүүлэн тархаахаар төлөвлөж байна.

Зохиогч: Нуганбилэг
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл