solongonews
Хишиг сайтай ямаа гэрийн чагтага
2016-07-20 11:45
— Малчин Оюунбаатарын ихэрлэдэг цагаан ямааны тухай яриа

    Сөнид зүүн хошууны Цагаан-Овоо суурингийн Баян-Уул багийн ямаат баян Оюунбаатарын сүрэгт удам сайтай, төл сайтай, ноолуур сайтай олон ямааны нэг,  жил болгон ихэрлэн сүргээ чимсэн “бүдүүн бархираа” цагаан ямаа болно.

  Эзнээ үзвэл араас нь дагаад салдаггүй, эзэндээ их ээлтэй энэ цагаан ямаа биеэр бүдүүн, эвэр нь нарийхан урт. Ямаануудынхаа дотор янзтай төрсөн мал. Жил болгон ихэр ишигний майлаанаар сүрэгтээ төл нэмэрлэн хишиг сайтайгаараа гэрийн чагтага хэмээх хүндэтгэлтэй. 2009 оны хавар Оюунбаатарынд өсөх малын хишиг хуурайлж ирсэн “бүдүүн бархираа” цагаан ямаа зусгаасаа аваад одоо болтол жил болгон ихэрлэсээр. Ямаа гэдэг их сонин. Бие биеэ дуурайж байгаа мэт зарим жилдээ ихэрлэх ямаа олон. Зарим жилдээ тун цөөн. Гурван жилийн өмнө Оюунбаатарын гуравхан ямаа ихэрлэсний нэг нь даруй бүдүүн бархираа бөгөөд өнгөрсөн жил олон ямаа ихэрлэсэнд бүдүүн бархираа бүр гурван ихэр гаргасан гэнэ. Баргил бүдүүн дуугаар дандаа майлаад байдаг болохоор “бүдүүн бархираа” нэртэй болж, нэрээр нь дуудвал холоос дуугаа өгч майлдаг. Энэ тухай Оюунбаатар “Манайх ямаа олон болохоор төлийн үед ижил цагаан зүсмийн ямаагаа ялгахад амрыг бодож өөр өөрийн онцлогт нь зохицуулан нэр өгдөг. Бүдүүн бархираа өөрийн нэрээ хамгийн түргэн цээжилчихсэн, хэзээ ч мартдаггүй нь гайхалтай. Мал гэдэг хүний ухаантай юм шүү” гэв.

        “Бүдүүн бархираа” их онцгой. Ноолуур ихтэй бөгөөд төл нь ч ноолуур ихтэй. Дандаа ихэрлэдэг хэмээн эзэн нь тэжээл илүү өгдгөөс болсон гэж үү, сүү сайтай ихэр ишгээ гайгүй сайн цатгадаг. Мөн төл нь эхтэйгээ их адил бүдүүн биетэй. “Бүдүүн бархираа” эзэндээ ээлтэй мөртөө төлдөө ч зөөлөн. Оюунбаатар жил болгон төлөө тавихдаа хамгийн түрүүнд л түүний ихэр ишгийг олж өгдөг зуршилтай. “Бүдүүн бархираа” цагаан ямаа “энэ сүрэгт би эзэн нь юм” гэсэн шиг хэзээд сүргийн түрүүнд явдаг. Ямаа гэдэг амьтан зун намартаа салхидаг ч “бүдүүн бархираа”цагаан ямаа сүрэгтээ байсан цагт ч ямаа салхидах гэж зовдоггүй. Эзнийхээ санааг мэдсэн юм шиг сүргээ дагуулан, салхи сөрөн улирлаар бэлчээр сонгон идээшилж явдаг.

        Малчин хүн гэж малынхаа буяныг түшин амьдардаг болохоор төл сайтай малаа хайрлалгүй ч яах вэ. “Бүдүүн бархираа” цагаан ямааг гурав ихэрлэдэг тэр жил Оюунбаатар ээжтэйгээ хайртай ямаагаа “гавьяат эх” өргөмжлөх тухай зөвлөсөнд ээж нь “ямаагаа одоо жаахан өсгөж байгаад зохих тоонд хүрсний дараа болъё, “гавьяат эх”- ийн цол “бүдүүн бархираа”-т зохино” гэжээ. “Бүдүүн бархираа”-ийн эх нь ихэрлэж байгаагүй боловч ноолуур сайнтай, номхон зантай нутгийн цагаан ямаа байсан. Түүний төл болсон бүдүүн бархираа маань ноолуур сайн буухаас гадна дандаа ихэрлэдэг нь манайх “өсөх малын хишиг хуурайлсан гэрийн чагтага” хэмээн их бэлэгшээдэг гэж Оюунбаатар ярив.

 

Зохиогч: Сарна
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл