
Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл улам гүнзгийрч, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн салбарын солилцоо өргөжин тэлсээр Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ боломжууд нээгдэж байна. Үүнд соёл урлагийн солилцоо нь чухал нэг бүрэлдэхүүн хэсэг болж байгаа юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны соёл урлагийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, олон олон томоохон арга хэмжээнүүд, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааны боломж бололцоо нэмэгдсээр байна. Үүний тод нэгэн жишээ бол Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв 2011 онд албан ёсоор байгуулагдсанаар хоёр улсын соёлын солилцоог нэмэгдүүлэв. Улмаар Монголчууд хятадын соёлыг таньж мэдэн, ард түмнийх нь ахуй амьдрал, эдийн засгийн хөгжилтэй танилцаж, хоёр орны иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлсээр ирлээ. Ийнхүү Хятадын Соёлын төвийн өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд хийж бүтээсэн ажилтай нь танилцахаар тус төвийн орлогч дарга Хасбаганатай хийсэн ярилцлагаа сонирхуулъя.
- Сайн байна уу, Шинэ оны мэнд хүргэе. Он солигдмогц тантай уулзаж байгаадаа баяртай байна. Хятадын соёлын төвийн өнгөрсөн нэг жилийн ажлын тухай дүгнэлтээс яриагаа эхэлье?
- Та бүхэнд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай Соёлын төв Хятад, Монгол хоёр орны соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын маш олон арга хэмжээг зохион байгуулж, амжилттай ажилласан гэдгээ хэлэхэд таатай байна. Бид бүхэн зохион байгуулж байгаа арга хэмжээгээ ерөнхийдөө соёл урлаг, форум хэлэлцүүлэг, сургалт боловсрол, мэдээ мэдээллээр хангах зэрэг дөрвөн хүрээнд арга хэмжээ зохион байгуулдаг. Соёл урлагийн салбарт томоохон хэмжээний хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолт үзүүлбэрүүд, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сар шинийн баярт зориулсан концерт, Хятадын дотоодын муж хотуудын урлагийн багийн концертууд зохион байгуулсан. Мөн өнгөрөгч оны хувьд дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд гол сэдэв болгосон олон арван арга хэмжээ зохион байгууллаа.

- Өнгөрөгч онд ойролцоогоор хичнээн арга хэмжээ зохион явуулсан бэ?
- Нийт 50 гаруй том, жижиг арга хэмжээнүүд зохион байгуулжээ. Мөн бид хүүхдүүдэд зориулан хүмүүнлэгийн чиглэлийн арга хэмжээ байнга зохион явуулдаг. Тухайлбал саяхан манай төв Өвөр Монголын Багачууд хүүхдийн хэвлэлийн газартай хамтран “Монгол үндэстний амьтны тухай ёгт үлгэр” ном бэлэглэх үйл ажиллагаа зохион явуулсан. Өвөр Монголын Багачууд хүүхдийн хэвлэлийн газраас эмхтгэн гаргасан 1400 боть, 14000 ширхэг “Монгол үндэстний амьтны тухай ёгт үлгэр” номыг Монголын хүүхдийн номын ордон, бусад хүүхдийн номын сан, бүх ерөнхий боловсролын сургуулиудын номын санд бэлэглэсэн. Мөн Хятад, Монгол хоёр орон хамтран ном хэвлэлийн солилцоо, хамтын ажиллагааны “Нахиа” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
- Эдгээр арга хэмжээг зохион байгуулаад ямар үр дүнд хүрсэн бэ, монголчууд маань хэр хүлээн авч байна?
- Сүүлийн жилүүдэд манай хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Эдгээр арга хэмжээнүүд маань ч хоёр орны соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, монголын ард түмний таашаалд хүрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол Улсын төр засгийн байгууллагууд ч манай соёлын төвийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж байдагт бид бүхний сэтгэл өндөр байдаг.

- Монгол Улсын болон Хятадын холбогдох байгууллагуудтай хэр ойр ажиллаж байна?
- Соёлын төвийн зохион байгуулж байгаа арга хэмжээний маань гол эх сурвалж Хятадын дотоодын муж хотуудын соёлын байгууллагуудын хамтын ажиллагааны мөрийн хөтөлбөртэй холбоотой. Гэхдээ жил бүр тогтсон зарим арга хэмжээнүүдийг Соёлын яамнаас тусгайлан тохируулсан байдаг. Монгол талын хувьд бол холбогдох албан байгууллага, их дээд сургуулиуд, соёл урлагийн салбарынхантай байнга холбоотой байдаг бөгөөд их ойр ажилладаг.
- Өнгөрөгч жил танай соёлын төвийн хувьд ямар өөрчлөлт, дэвшилттэй жил байв?
- Жилээс жилд шинэ арга хэмжээнүүд нэмэгдэн, манай соёлын төв хүрээгээ улам өргөн хүрээнд тэлж байна. Тогтсон төслөө хэрэгжүүлэхийн зэрэгцээ бусад шинэ зүйлийг нэмж оруулан зохион байгуулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, шинэ шинэлэг зүйлүүд хийж бүтээхээр ажиллаж байна.
- Хичээл сургалт зохион байгуулдаг тухайд сонирхуулбал?
- Хятад хэлний сургалт зохион байгуулахаас гадна ушү, гар урлал зэрэг богино хугацааны сонирхолтой сургалтууд явуулдаг. Мөн номын сан маань уншигч олонд байнга нээлттэй байдаг бөгөөд кино үзүүлбэрийг тогтмол хугацаатайгаар үзүүлдэг.

- Үйл ажиллагааныхаа цаашдын төлөвлөгөөний тухайд?
- Энэ жилийн арга хэмжээнүүд маань эхнээсээ хэрэгжээд эхэлсэн байгаа. Мөн харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Манай төвийн арга хэмжээ зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулагддаг байсан бол энэ жилээс эхлэн аймаг, орон нутгуудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар товлоод байгаа. Тухайлбал, Архангай аймагтай хамтран арга хэмжээ зохион байгуулах тухай хэлэлцээр хийсэн. Монголын хэвлэл мэдээллийн, соёл урлагийн салбарынхантай улам илүү өргөн хүрээнд хамтран ажиллах болно.
- Цаг заваа гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд болон хамт олонд тань ажлын өндөр амжилт хүсье.
- Та бүхэнд ч бас баярлалаа.

