solongonews
Энгийн хүний эгэлгүй зүтгэл
2022-08-18 10:15
Энгийн хүний эгэлгүй зүтгэл

Та бидний хажууд чимээгүйхэн хийдгээ хийж, хэзээ хаана ч цөхрөлгүй ажиллаж, зүтгэсээр асар их амжилтад хүрсэн хүмүүс олон бий. Эдний нэг бол Цэцэнчимэг.

Дур сонирхол хүнийг хөгжүүлдэг. Ялангуяа энгийн хүний дур сонирхлынхоо төлөө гаргасан эгэлгүй хичээл зүтгэл нь амьдралыг нь чимэн утга төгөлдөр болгодгийг Цэцэнчимэг багштай уулзаад мэдэрч билээ.

Цэцэнчимэг Өвөр Монголын Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн багш нарт гар урлалын сургалт явуулдаг энгийн нэгэн багш юм. Хийсэн бүтээснээ хэдхэн үгээр намуухан ярихаас нь харахад энэ багш илүү хийж дутуу ярьдаг нэгэн гэдэг нь тодорхой. Тэрээр 90-ээд оны сүүлээр Улаанцав хот (Өмнө нь аймаг гэж байв)-ын Багшийн сургуулийг Уран зургийн багш мэргэжлээр төгсөн, Дархан Муумянган холбоот хошууны Шармөрөн суурингийн бага сургуульд Уран зургийн багшаар ажиллаж багшийн гараагаа эхлүүлжээ.

30-аад жилийн турш багшийн ажилд шуурхайлж явахдаа хар багын сонирхлоо огт орхиогүйн дээр олон хүүхдэд зааж сургаж явсан нь гайхалтай бас бишрэм юм. Цэцэнчимэг багш эртний Хятадын дөрвөн их нээлтийн нэг болох цаасан хайчилбараар орон нутаг, ялангуяа монгол нутгаа зурж хайчлан, нутаг орныхоо хүүхдүүдэд зааж сурган, цуцалгүй зүтгэж бусдад уламжлан өвлүүлж байгаа нь түүнийг эгэлгүй нэгэн болгожээ.

Хятадын цаасан хайчилбар нь 2000 гаруй жилийн түүхтэй эртний гар урлалын үнэт соёл юм. Хайчлах, сийлэх, гараар урах, хүжээр түлэх гэсэн үндсэн дөрвөн аргаар цаасан хайчилбарыг урладаг байна. Эрт цагт цаасан хайчилбар нь охид эмэгтэйчүүдийн уран гар, ухааныг шалгах чухал шалгуур болгодог байсан гэдэг. Ард түмний дундаас үүссэн цаасан хайчилбар нь хялбар, загвар үзэмж сайтай, хэрэглэхэд таатай учир мянга мянган жилийн туршид уламжлал тасраагүй үргэлжилсээр иржээ. Өдгөө цаасан хайчилбар нь Хятадын ард түмний хамгийн их сонирхдог, хамгийн өргөн дэлгэр тархсан ардын гар урлалын нэг болжээ. Хятадын олон үндэстний амьдралын орчин, зан заншлын ялгаа нь хайчилбарын өнгө аясыг өөр өөр болгосон байдаг. Цаасан хайчилбар нь бодит амьдралд байгаа бүхнийг маш уран гоёор дүрслэн хайчилж, амьдралыг энгийн мөртөө сонирхолтойгоор илэрхийлдэг байна.

Цэцэнчимэг багшийн хувьд ихэнхдээ улаан цаасаар хайчилбар хайчилдаг уламжлалыг давж гол төлөв хар өнгийн цаасаар хайчилбар урладаг нь өвөрмөц юм. Хар өнгийн цаасаар хайчилж бүтээсэн хайчилбар нь хальт харахад бар зураг шиг харагдана.

Тэрээр “Би эхлээд улаан цаасаар хайчилдаг байсан. Монгол нутаг орны үзэмжийг хайчлахад хар өнгөтэй цаасаар хайчлах нь илүү сүрлэг жавхаатай харагддаг. Тиймээс хар өнгийн цаасыг сонгосон. Үнэндээ одоо өнгө өнгийн цаасаар хайчлахыг оролдож байна” гэж ярилаа.

Түүний 30-аад жилийн хичээл зүтгэлийн үр дүнд “Монгол морь”, “Морин уралдаан” зэрэг цаасан хайчилбар нь сүүлийн жилүүдэд Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх Бугат хотын цаасан хайчилбарын үзэсгэлэнд дэлгэгдэж, Цэцэнчимэг ч хошуу нутгийнхаа цаасан хайчилбарын биет бус соёлын уламжлагч болжээ.

Тэрээр ээжийгээ хайчилбар урлан хаалга цонхоо өнгөлөхийг хараад дуурайж хайчилсаар энэ гар урлалд дуртай болсон гэдэг. Хожим нь уран зургийн мэргэжлээр сурч, цаасан хайчилбарын талаар илүү ойлголттой болж, баяр дурсгалын өдрөөр айл саахалт, төрөл садандаа “Баяр” үсэг, морь, хээ угалз зэргийг хайчилж өгдөг байв.

Цаасан хайчилбарыг Хятад хүмүүс өөрсдийн чөлөөт уран сэтгэмж, ирээдүйн сайн сайхны төлөөх ерөөл билэгдлээ шингээн янз бүрийн өлзийт үсэг, хээ хуар оруулан бүтээдэг юм. Цаасан хайчилбар аль үед Монгол нутагт уламжлагдан ирснийг тодорхой хэлэхэд хэцүү ч энэхүү гар урлал Монгол оронд уламжлагдан ирэхдээ бэлгэдлийн зан заншлыг ихэд агуулсан байдаг.

 “Цаасан хайчилбарын гар урлал нь тухайн ард түмнийхээ ертөнцийг үзэх үзлийг нэвт шингээсэн байдгаараа бусад урлагаас өвөрмөц байдгийг гүнээ мэдэрсэн” хэмээн Цэцэнчимэг багш ярив.

“Монгол нутаг орныхоо өнгө үзэмж, хүн байгаль, соёл зан заншлыг хар цаасан дээр хайчилж, Хятадын уламжлалт ардын гар урлалыг нутаг орныхоо онцлог шинжтэй уялдуулан шинэчлэл хийсэн н түүний цаасан хайчилбарын дэвшил юм” гэж нутгийнхан нь үнэлж байв.

Тэрээр “Намайг бага байхад хээ угалз, морь хайчилж цагаан сараар айлууд хаалга цонхондоо наадаг байлаа. Сүүлийн үед энэхүү цаасан урлал нь ханандаа наах, дэлгэн үзүүлэх зэрэг засал чимэглэлд ашиглах нь дийлэнх болжээ” гэв.

Цэцэнчимэг багш нутаг орныхоо хүүхэд багачуудад зааж сургаж байсан бол одоо багш нарт цаасан хайчилбарын сургалт явуулж байна. Энэ бол түүний хувьд бас нэгэн дэвшил юм.

Тэрээр хайчилбарын талаарх өөрийн ойлголтоо "Цаасан хайчилбар хийж байхад анхаарал төвлөрч, ядаргаа бас тайлагддаг. Ялангуяа их ажлын дундуур түр зав гарган цаасан хайчилбар хийхэд амсхийх шиг болдог. Мэдээж уран гоё дүрс гарган хайчлах нь бас сайхан мэдрэмж төрүүлнэ" гэв.

Цаасан хайчилбар нь сийлбэрийн урлаг бөгөөд зураасан зургийн төрөл юм. Хүмүүс цаасан хайчилбараас урлагийн таашаал хүртдэг. Хайчилбарт энгийн дүрснээс аваад нарийн төвөгтэй бүхий л дүрсийг хайчилж болно гэдгийг Цэцэнчимэг багшийн бүтээлүүд бүрэн харуулж байлаа.

Цаасан хайчилбарт дүрсийг хооронд нь холбоотойгоор зохиомжилдог нь их сонин байв. Ертөнцийн бүх зүйл хоорондоо холбоотой байдаг. Энэхүү гүн ухааныг цаасан хайчилбарын урлагт нэвт шингээсэн байна. Хоёр морь хайчлахад дэл, сүүл гээд аль нэг хэсгээр холбоотойгоор зохиомжилдог байна.

“Цаасан хайчилбарыг уран бүтээлч зохиомж, орон зайн нарийн мэдрэмжээрээ хайчилдаг. Цэвэр мэдрэмжийн урлаг юм. Хайчилбар хийдэг уран бүтээлч зургийг зохиомжлох чадвараараа уран зургийн зураачаас илүү байх нь чухал юм” хэмээн олон жилийн туршлагаа бидэнтэй хуваалцлаа.

Тэрээр цаасан хайчилбараа урлахын дээр арьсан сийлбэрийн урлалаар янз бүрийн цүнх, ном дэвтрийн хавтас урлан зах зээлд гаргах болжээ. Энэхүү арьсан сийлбэрээ ч бусдад зааж сургасаар байна.

 

 

Зохиогч: Нийтлэл: Ш.Цогзолмаа, Ц.Урантунгалаг, Т.Буянхишиг
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл