
Өвөр Монгол дахь Монголын Оюутны холбооны тухай ӨММОХ-ны тэргүүн Т.Эрдэнэжаргалтай ярилцлаа.
Сайн байна уу, Танд өдрийн мэндийг хүргэе.
- Хөххот дахь Монголын оюутны холбоо анх хэзээ үүсгэн байгуулагдаж байсан тухай ярина уу?
- Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбоо (ӨММОХ) ӨМӨЗО-д суралцаж буй оюутан залуусын сайн дурын үндсэн дээр нэгдсэн “Төрийн Бус Байгууллага” юм. 2003 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн оюутан Х.Энх-Амгалангийн санаачлагаар анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш өдгөө 16 дахь жилдээ ӨМӨЗО-д суралцаж буй Монгол оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, мэдээ мэдээлэл түгээх, улс эх орноо сурталчлах болон нийгмийн сайн үйлсэд чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн билээ.
- Хөххот дахь Монголын оюутны холбооны үйл ажиллагаа, хамрах цар хүрээний талаар?

- Өнөөгийн байдлаар Монгол Улсаас Хөххотод хичнээн оюутан, ямар чиглэлээр илүү сурч байна. Тэтгэлгээр сурч буй оюутан их байх?
- Одоогийн байдлаар 6 их сургуулийн 2000-аад оюутан залуус суралцаж байна. Үүнээс 80-аад хувь нь Хятад Улсын Засгийн газар болон ӨМӨЗО-ы Засгийн газар, “НЭГ БҮС – НЭГ ЗАМ” гэх зэрэг тэтгэлгээр суралцаж байна. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын дийлэнх нь эдийн засгийн чиглэлээр суралцаж байна.
- Оюутнууд хоорондоо ямар үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулж байна. Сургууль юм уу, бусад албан байгууллагуудын нийгмийн үйл ажиллагаа, арга хэмжээнд оюутнуудаа зохион байгуулан оролцдог уу?
- Манайхаас зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаанд оролцохоос гадна, сургууль тус бүрийн гадаад оюутан хариуцсан салбар сургуулиа төлөөлөн спорт болон урлаг соёлын үйл ажиллагаанд амжилттай оролцдог.

- Хятадад сурч буй Монголын оюутнуудын холбоо гэж байна уу, ямар хүн тэргүүлдэг вэ?
- БНХАУ дахь бүх Монгол оюутнуудын нэгдсэн холбоо болох БНХАУ-МОХ гэж байдаг. 2017 оноос эхлэн одоог хүртэл П.Мөнхзаяа удирдаж байна.
- Хятадад нийт хэдэн Монгол оюутнууд сурч байна. Аль хотуудаар олон байна, энэ тухай мэдээллийг хуваалцана уу?
- Бидэнд байгаа албан бус мэдээллээр 10 000 гаруй Монгол оюутнууд суралцаж байгаа бөгөөд Бээжин, Шанхай, Хөххот Монгол оюутны тоогоороо тэргүүлж байна.

- Хятадын бусад муж, хотуудын Монгол оюутны холбоотой хэр их харилцаатай байна, хоорондоо хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг уу?
- Жилд хоёр удаа албан ёсны нэгдсэн хуралд байнга оролцож бусад хотын оюутны холбоодтой мэдээлэл солилцдог. БНХАУ-МОХ-оос зохион байгуулсан “Let’s start” эсээ бичлэг болон өөрийгөө тольдохуй 555 аян зэрэг үйл ажиллагаанд Хөххотынхоо оюутнуудыг уриалан дэмждэг. “Let’s start” эсээ бичлэгийн уралдаан 2018 онд анх удаа зохион байгуулагдсан бөгөөд манай хотоос ӨМИС-ийн докторант Х.Солонго амжилттай оролцож 5-р байр эзэлсэн.

- Энэ онд Хятад-Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан оюутнууд дундаа ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна?
- Хөххотын Их сургуулиудад төгсөгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
- Монголын оюутны холбооны дараагийн ээлжийн тэргүүнд зөвлөж хэлмээр зүйл юу байна?
- Бидний одоог хүртэл зохион байгуулж ирсэн үйл ажиллагааг цааш нь улам өргөжүүлж, шинэ шинэлэг зүйлсээр оюутан залуусын идэвхийг улам сайжруулаарай гэж хэлмээр байна.

- Та Хөххотод анх хэзээ ирсэн бэ, ямар мэргэжлээр хэдэн жил сурч байна. Өөрийн сонгосон мэргэжилдээ сэтгэл хангалуун байна уу?
- 2016 онд Хөххотод анх ирж байсан. Газрын баялгийн удирдлага мэргэжлээр 3 дахь жилдээ суралцаж байна.
- Хүний нутаг, хөндлөнгийн газарт сурч, амьдарч байгаа тухайгаа эргэцүүлэн ярина уу?
- Анх ирэхэд хүндрэлтэй зүйлүүд их тохиолддог байсан. Одоо ч дасаж байна даа.
- Хятад хэлийг хэзээнээс эхлэн үзсэн бэ, монголдоо байхдаа сурч байсан уу. Анх сурахад хэцүү байсан байх?
- Хятад хэлийг Монголд суралцаж байгаагүй ээ. 2016 оноос эхлэн ӨМТИС-д суралцаж байна. Анх суралцахад хэцүү байсан.

- Хөххотод ирээд тулгамдсан хамгийн хэцүү асуудал юу байсан бэ?
- Хэлний асуудал л хүнд байсан даа
- Өвөр Монгол юм уу, Хятадын бусад орнуудаар хэр их явав. Өвөр Монголын хөдөө айлууд Монголтой ямар ялгаатай байна. Үзэж харсан тухайгаа ярина уу?
- Хятадын том том хотуудаар явж үзсэн. Мөн Өвөл Монголын зарим хотуудаар очиж үзсэн ч хөдөө айлуудаар нь орж үзээгүй ээ.
- Сургуулиа төгссөний дараа сурсан мэргэжлээрээ ажиллах уу, эсвэл үргэлжлэн сурах уу?
- Монголдоо очоод төгссөн мэргэжлээрээ ажиллана гэж бодож байгаа.
- Таны сурсан мэргэжлээр Монголдоо амархан ажилд орох уу?
- Амархан олдох байх гэж бодож байна.
- Дараа Хятад улсад сурах хүсэлтэй оюутнуудад зөвлөж хэлэх зүйл юу байна?
- Хятад хэлээ сайн сураад сонгосон мэргэжлээ сайн эзэмшин эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулаарай гэж л хүсье дээ.
