Төмс хэмээх эрхэм Өвөр Монголын тал нутгаас Хятадын уран зургийн ертөнцөд хөл тавьсан нэрт тосон будгийн зураач, уран зургийн багш юм. Тэрээр өөрийн онцгой хэв маяг бүхий уран зургийн авьяастаа түшиглэн Өвөр Монголын “Тал нутгийн зураачдын хамт олон”-ы манлайлагч болсон байна.
Энэ жил наян хоёр насны босго давсан зураач Төмс, Бээжин хотын захын Хуайрөү тосгонд оршин суудаг. Тэрээр чөлөөт цагаараа ном бичиг уншиж, зураг зурж өнждөг нэгэн. Хуай рөү тосгонд өглөө бүр эртлэн Тай Жи нударган зодооны эрдэм сурахаар түүнийг бишрэн дагадаг шавь нараа дагуулан нударган эрдмийн дасгал сургуулилтаа хийдэг байна. Эрхэм зураач маань эгэл даруухан нэгэн бөгөөд зурсан зургаа ч олон нийтэд гайхуулж сайрхдаггүй учир хөрш зэргэлдээ оршин суудаг хүмүүс нь түүнийг Өвөр Монголын тал нутгаас Хятадын уран зургийн ертөнцөд алдар хүндээ дуурсгасан нэрт тосон будгийн зураач, уран зургийн багш Төмс гэдгээр нь мэддэггүй байлаа.
Тал нутгийн сэтгэлгээгээр зүрх сэтгэлдээ нутаг усныхан, хамаатан садан, ажнай хүлэг, шинэ соргог уур амьсгалыг багтаана. Эдгээр нь мөн л түүний сэтгэл зүрхэнд гүн шингэсэн байдаг. Тал шиг уудам сэтгэлээ дэлгэх үе бол зураач Төмсийн чансаатай уран бүтээлээ зохион бүтээх агшин билээ. Хожим яах вэ? Тэрээр хэлэхдээ:
- Мэдэхгүй ээ! Хаана очно тэр газрын ёсыг нь дагаж амьдарна. Амьдралд тохиосон бүхэндээ өөдрөг хандах болно. Ямар ч гэсэн тасралтгүй хөгжиж, дасан зохицож амьдарна. Үргэлжлэн ажиглан хянаж, үргэлжлүүлэн эргэцүүлэхийн хажуугаар зорьсон чиглэлээ алдахгүй гэж тэрээр нэгэнтээ ярьсан нь бий.
Лүө Гүнлюгийн бахархал болсон гарын шавь
Зураач Төмс 1932 онд Өвөр Монголын Түмэд зүүн хошууны “Ци Лао буюу хоёрдогч хуучин” тосгонд мэндэлсэн. Тэрээр хайраар бялхсан орчинд өсч торнисон юм. Ээж нь цаасан хайчилбарт онцгой авьяастай, аав нь тухайн тосгоныхоо бичиг үзэж, сургуулийн алтан босгыг алхсан анхны хүн. Тиймээс Төмс найман настайдаа тосгоноосоо аяарлаж, Хөххотын Түмэд сургуульд үсэг бичиг тайлагдсан. 15 настайдаа Бээжингийн Монгол, Төвдийн сургуульд дэвшсэн. Харин тэнд өөрөө өөртөө Төмс гэсэн нэрийг хайрласан байна. Мөн тэнд Төмс анх удаа зургийн бийр барин зураг зурах ур авьяасаа нээж, үүгээрээ илтгэх арга барилаа бага багаар мэдэрсэн байна.
1951 онд зураг зурахын хажуугаар нударган эрдэм сурч эхэлсэн гэх. Чэнь овогт Тай Жи нударган зодооны эрдмийн залгамжлагч Чэнь Жаокүйд шавь оржээ. Ингээд 1953 онд Төмс гуай уран зурагтаа онц дүн авч тэргүүн байранд шалгарснаар Хятадын төвийн Уран зургийн дээд сургуулийн тосон будгийн салбарт элсэн орсон. Энэ ч утгаараа зураг зурах аянаа албан ёсоор эхлүүлэн мэргэжлийн боловсрол эзэмшиж эхэлсэн байна. Мөн 1960 онд Хятадын төвийн уран зургийн дээд сургуулийн тосон зургийн судалгааны ангид элсэн оров. Удирдагч багш Лүө Гүнлю зааж сургах хурц мэргэн арга барилаараа шавь нарынхаа оюун ухааныг хөгжүүлэн тэлж, басхүү урамшуулдаг. Тэдний өөрийн үндэстнийхээ гоо сайхны үзэл санаа болон үндэстний гоо зүйн таашаалын сонирхолдоо үндэслэн зургийн урлагийг ухамсарлан мэдрэхийг ямагт сануулдаг байна. Ялангуяа, хятадын тосон будгийн зураг зайлшгүй өөрийнхөө замаар замнах, шавь нартаа хуулан зурах ба утгачлан зурахыг уялдуулах аргыг эрж хайх хэрэгтэй гэдгийг оюуны хөрсөнд нь суулгаж өгсөн байна.
Төмс гуай 1963 онд Хятадын төвийн Уран зургийн дээд сургуулийг төгсөөд сургуульдаа томилогдон үлдэж багшлах байв. Гэвч энэхүү боломжоос татгалзан зүрх сэтгэл, оюун сүнсийг байнга даллан байдаг тал нутагтаа буцаж, Өвөр Монголын Багшийн дээд сургууль(өнөөгийн Өвөр Монголын Багшийн Их Сургууль)-ын уран зургийн салбарт багшилсан. Тэрээр ихэд баярлаж сэтгэл догдлон:
- Их сайн явдал болсон, эцэстээ унаган нутагтаа буцаад ирлээ...” гэжээ. Ийнхүү Төмс Өвөр Монголын тосон будгийн зургийн салбарын гарамгай чадвартан болсон билээ .
Хятадын уран зургийн ертөнц дэх “Төмсийн салхи”
Зураач Төмс гэргий Шя Хэшютэйгээ хуримлаад тун удаагүй байхад “Соёлын хувьсгал”-ын үе тохиож таагүй шалтгаанаар өрөөсөн чих нь сонсголгүй болсон байдаг. Үүнээс болж Төмс гуай урам хугаран шантарч, уран зургаа завсарлан, нэг хэсэгтээ зурахаа больсон юм.
Харин нэгэн намуун үдэш Шя Хэшю сэмээр эр нөхрийнхөө будаг материалыг нь баглаж, зургийн хавтанг нь хадаж бэлджээ. Тэгээд маргааш өглөө нь зургийн хайрцгийг нөхрийнхөө гарт атгуулж өгсөн байна. Харин Төмс гуай юу ч ярилгүй зургийн хайрцгаа авч хотын захад очсон гэх. Тийнхүү тэр өдрийн үзэмж төрх зурагчны маань бийрийн үзүүрээс гүн гүнзгий утга учрыг агуулан төрсөн байна.
Төмс ийнхүү зурж эхэлсэн юм. Өглөө бүр эртлэн хотын захад очоод нар мандахаас өмнөх хагас цагийн хугацааг сайтар ашиглан, хоёр үзэмжийн зураг зурна. Тэрээр зүрх сэтгэлээрээ ялимгүй бага зүйлийг ч мэдрэн зурж, өдөртөө дотоод сэтгэлээрээ бийрийн үзэгтэйгээ ярилцдаг болсон гэлтэй. 1971 онд тэрээр Хятадын түүхийн музейд “Хятад, Солонгос холбоолон дээрмийг эсэргүүцсэн” нэртэй түүхэн зураг зурж өгсөн байна. Мөн түүний дараа Бээжингийн Зи Жү хүрээлэнд бага хэмжээний үзэмжийн зургийн үзэсгэлэн нээсэн ч хүрэлцэн ирсэн сонирхогчид үзэсгэлэнгийн өргөөг дүүргэжээ.
1980 онд түүний хайр хорсол бүхнээ ардаа орхин мартагнуулсан нэгэн үйл явдал тохиолдсон юм. Зураач маань Шилийнголын их тал нутагт очиж малчидтай хамт мартагдашгүй ахуй амьдралыг бүтээсэн байна. Тал нутаг түүнийг улам өргөн уудам сэтгэлгээтэй болгож, багтаамжтай уужим сэтгэлээр бодит байдалд, урлагт хандаж, уран зургийн далд нууцыг эрж хайх эрэлд гаргасан байна. Төмсийн урлагийн хэв маяг нь үүнээс улбаалан эргэлтийн үе шатандаа орж, шинээр эхэлсэн юм. Урлагийн тухай олон жилийн бодлогоширол нь нэг л агшинд шинэ соргог амьдралын тухай мэдрэмжтэй золгоход Төмс өөрийгөө нэлээд тодорхой ойлгож, дотоод мэдрэмжээ илэрхийлжээ.
Лүө Гүнлю Төмсийг зоригжуулан Бээжинд зургийн үзэсгэлэн нээлгэж, Шян уул орчимд Бээжингийн ургамлын хүрээлэнгээс нэгэн зургийн өргөө гаргаж өгөв. Тэнд хоёр сар гаруйн хугацаанд өдөрт дунджаар нэг зураг зурах хурдаар 80 гаруй тосон будгийн зургийн уран бүтээлээ урлан бүтээсэн байдаг. Хоёр сар гаруйн дараа Төмс зургийн өргөөнөөс гарч ирэхэд хэдийгээр үс гэзэг нь өрвийн ургасан ч урласан бүтээлүүд нь харин хятадын зургийн ертөнцийг байлдан дагуулж чадсан юм.
1981 онд Төмс Хятадын уран зургийн дээд сургуулийн дэлгэн үзүүлэх ордон, Үндэстний соёлын ордонд удаа дараалан зургийн үзэсгэлэн гаргаж байв. Энэ нь Төмсийн урлагийн аян зам дахь нэгэн индэр, бэлэг тэмдэг болсон юм. Мөн Төмсөд Хятад улсын уран зургийн ертөнцөд байр суурь олгож өгсөн байна. Түүний уран бүтээлд “Төмсийн хар саарал” өнгийн онцлог бүхий өнгө будаг тодордог. Тайван амгалан тал нутаг болон хүмүүсийн уянгалаг шинж үзэгч түмэнд шинэ соргог тал нутгийг харуулав. Бүтээлд нь тал нутгийн ард түмний өвөрмөц оюун санаа, сүнс, сэтгэл зүйн байдлыг тод харуулдаг байна.
Тал нутгийн зургийн хамт олон
Төмсийн тал нутгийн шүлэг зураг нь уянгалан хүүрнэж байгаа мэт тал нутгийн соёлыг Хятад улсын дотоод, гадаадын урлагийн салбарынхны анхааралд тод томруун хүргэж чадсан байна. Энэ ч утгаараа Өвөр Монголын зураачид өөрийн илтгэх арга барилаараа тал нутгийг урлан зурдаг болсон гэхэд болох юм.
Зураачид өнгөрсөн зууны наяад оны эхэн үеэс Өвөр Монгол орны байгалийн үзэмжийг амьд төрхөөр нь хуулж зурах, бодит амьдрал дээр сургуулилт хийх зорилгоор байнга Өвөр Монголд айлчилдаг байсан. Харин бүх хятадын өнцөг булан бүрийн уран зургийн их, дээд сургуулиудын багш, сурагчид Өвөр Монголын тал нутагт ирж, Төмсийн уран бүтээлд харуулсан мэт өнгө төрх байдлыг өөрийн нүдээр үзэж, дотоод сэтгэлдээ мэдрэх зорилгоор ирдэг болсон гэх. Өнгөрсөн зууны наяад оны дунд, сүүлч үеэр Өвөр Монголын тал нутгаас хятад даяар алдар хүнд нь мандсан зураачид шалгаран гарч олныг гайхшруулсан байна. Эдгээр “Тал нутгийн зургийн баг” -ын хамт олон, бүх Хятадын уран зургийн ертөнцөд гэнэт цойлон гарснаар Хятадын дотоодын уран зургийн салбарынхныг гайхшруулан цочроож чадсан билээ.
Төмс хувийн онцлог бүхий хэв маягаар хөгжсөн замаа Хятад улсын тосон будгийн зургийн хөгжилтэй нягт холбодог. Түүний туурвин бүтээх ажил Өвөр Монголын тосон будгийн багт нөлөөлж байдаг. Хэв маяг нь тал нутгийн өөр хоорондоо ялгаа бүхий янз бүрийн зан заншил, байгалийг илтгэн харуулсан зургууд тэдний бийрээр дамжин мэндэлсэн. Ингээд уран зургийн салбартаа “Өвөр Монголын тал нутгийн уран зургийн хамт олон” хэмээн нэрлэгдсэн байдаг. Тэр дундаа Төмс бол “Түүний өвөрмөц уран зургийн хэв маягт үндэслэн анхны салхийг хагалан Өвөр Монголын “Тал нутгийн уран зургийн хамт олон”-ыг бий болгосон манлайлагч, үлгэр дууриал бөгөөд хятад улсын дотоод, гадаадад алдар хүндээ дуурьсуулжээ гэж дуу нэгтэйгээр үнэлж байлаа.
Хятад улсын тосон будгийн зургийн өнгө аяс
Өнөөгийн тосон будгийн зургийн үзэсгэлэнд Төмсийн зурсан зургийг бид хармагцаа л танина. Энэхүү ололт амжилт түүний өчнөөн олон жилийн турш баримталсан “Тосон будгийн зургийн хятадын онцлог бүхүй өнгө аяс”, “Тосон будгийн зургийг үндэстний онцлогтой болгох”-ыг үргэлж зорьж байдгаас улбаатай юм.
Зураач Төмс олон жилийн турш анагаах ухаанд суралцаж, бага сага эм барьж ирсэн болохоор өдгөө өвчин оношилж, эм барих хэмжээнд хүрсэн байна. Зэвсгийн эрдмийн хувьд 60 жил баримталсны эцэст зэвсгийн эрдэмд цагаарч өөрийнхөө ясны бэртэл, шархаа анагааж чаддаг болсон. Улмаар зэвсгийн эрдэмд хорхойтой, сонирхолтой олон арван залуусын бишрэн шүтэх их багш болж шалгарсан байна. Тэрээр уран бичлэг, сийлмэл урлагийн ид шидэд гүн автсан ч үүний дундаас тосон будгийн зурагт бийрийн үзгээ хэрхэн ашиглах урлагийн онгодоо олж мэдэрсэн байна. Тэрээр хятад үндэстний соёлыг тодорхой гүн ойлгодог бөгөөд монгол нүүдлийн соёл иргэншлээ ч сайн мэддэг. Тэр утгаараа Хятадын соёлын онцгой зүйл болон нүүдэлчин угсаагтны зан заншил, хэв маягийг өөрийн уран бүтээлдээ уялдуулан шингээж чадсан болохоор тэрээр уран зургийн цар хүрээнд ийнхүү гарамгай амжилт гаргаж чадсан юм.
Түүний уран бүтээлийн онгод бүрт монгол үндэстэн, тэнэгэр уудам тал нутгийн үзэмж төгс төрхүүд тодоос тод илэрч байдаг. Энэ бол түүний хувьд яс маханд нь хадгалагдаж буй үндэстний онцлог бүхий авьяас билэг, зан авир, сэтгэлгээ нь урлагийн бүтээлд нь аяндаа тодорсныг харуулж буй.
Өнгөрсөн зууны наяад оны дунд үеэс хойш Төмс хоёр удаа гадаадад айлчилж, судалгаа шинжилгээ хийсэн байна. Мөн энэ үеэс эхлэн тэрээр өөрийн уран бүтээлээсээ зураг сийлмэлийн чулуу тоосго үрэгдсэний дараах үнэр, үнэ цэнэтэй ховор чулууны болон хадны сүг зургийн үнэр адил үнэ цэнэтэй зүйл тодрон байгааг мэдэрч, энэхүү өөрийн онцлог бүхий санаа ахуйг харуулсан уран зургийн хэв маягаа улам хөгжүүлэхээр хичээж ирсэн байна.
1984 онд зохион бүтээсэн “Өвс овоолдог эмэгтэйчүүд” бүтээл бол Төмсийн томоохон уран бүтээлийн нэгд тооцогдоно. Энэ бүтээл нь зургаа дахь удаагийн бүх хятадын уран зургийн уран бүтээлийн үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү уран бүтээлээр бэлэг тэмдэг болгож, “Өвөр Монголын тал нутгийн уран зургийн хамт олон”-ы манлайлагч, үлгэр жишээ гэдгээ олноо нотолсон гэхэд хилсдэхгүй. Төмс шинэ эрин зууны босгонд тухайн зурж буй зүйлийнхээ үйл хөдлөлийг хэрхэн илэрхийлэх талаар илүү тунгаан бодлогоширч, онцгойлон зарим хүний дүрс бүтээхдээ зохих хэмжээний хэтрүүлэл ашиглах болон хялбарчлахыг зорьдог. Хүмүүсийн онцгой дүрсний загварын шинжийг тодруулж, улмаар нэгэн зүйлийн хөшөө мэт зузаан бөгөөд бүхэл бүтцийн шинж чанарт анхаардаг байна.
Уран зургийн боловсролын шагнал
Төмс зураач хэдэн арван жилийн турш уран зураг болон багшлах ажилд цаг хугацаагаа зориулсан. Түүний хичээл зүтгэлийн үр дүн, ололт амжилт Өвөр Монголын Багшийн Дээд Сургуулийн уран зургийн салбарын хөгжин мандлын гэрч болж байна.
Төмс Хятадын төвийн Уран зургийн дээд сургуулийн нарийн бодитой урлагийн хэв маягийг Өвөр Монголд авчирсан. Тэрээр бат бэх суурьгүй хоосон хийсвэр зүйлд дургүй. Ялангуяа хий хоосон, гоо зүйн бодит үндэслэлгүй “Орчин үеийн ухамсар”-ыг төдийлэн баримталдаггүй. Төмс гуай сурагчдыг бүх талаар ёс суртахуунтай, боловсролтой хүн болж хүмүүжихэд ихэд анхаардаг. Сурагчдыг өөрийг нь дууриахыг зөвшөөрдөггүй, мөн сурагчдын урлагийн өвөрмөц бодгаль чанарыг хөгжүүлэхийг зорьдог. Тэрээр сурагчдыг гүн зузаан амьдралын утга санаанд үндэслэн өөрийн дотоод ертөнцийн олон янзын мэдрэмжээ тодруулахыг шаарддаг. Хэн нэг нь уран зурагтаа худал хуурмаг хандахыг огт хүлээн зөвшөөрдөггүй. Төмс:
- Зураачдын илэрхийлэн гаргадаг зүйл бол тухайн зүйлийн дотоод гоо сайхан юм. Зохиогч бол иймэрхүү гоо сайхнаас аяндаа үүссэн хайр сэтгэлээ зориулдаг. Гагцхүү нэг гоё хээнцэр зүс царай хүмүүсийн дотоод сүлд сүнсийг даллаж чаддаггүй гэж ярьсан юм.
Хятад улсын Анхдугаар удаагийн тосон будгийн зургийн үзэсгэлэнд шагнуулсан 15 том шагналын дөрөв нь тал нутгийн сэдэвтэй уран бүтээл байлаа. Түүнийс гурав нь Төмсийн гарын шавь нарын бүтээл аж. Олон жилийн туршид Өвөр Монголын тосон будгийн зураачдын эгнээ улам онцгойрч, шинэ зураачдын шинэ бүтээл зогсолтгүй шалгаран гарч, хэв маягийн хувьд олон төрөл, олон янз болсон байна.
1990 онд Төмс “Ү Зүөрэнь олон улсын уран зургийн фондын нийгэмлэг”-ийн “Уран зургийн сурган хүмүүжлийн шагнал” хүртсэн. Харин өнөөг хүртэл бүх хятадын хэмжээнд гуравхан хүн хүртээд байгаа юм. Одоо Төмс багшийн сурагчид нэгэнтээ хятад даяар түгжээ. Тэд Өвөр Монголын уран зургийн болон Хятадын уран зургийн салбарт гялалзаж байна. Түүний уран зургийн урлаг шавь нараар нь дамжин Хятад улсын уран зургийн ертөнцөд нөлөөлсөн юм.
2014 оны есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл “Оторлон мал маллах урсгал дагаж хөвж шилжих”-ээр гол сэдэв болгосон тосон будгийн зургийн хамтарсан үзэсгэлэн хятад улсын театрт нээгдсэн. Тус үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд Хятадын дотоодын тосон будгийн зургийн ертөнцөд олны анхаарлыг ихэд татсан байна. Үзэсгэлэнд оролцсон тосон будгийн зураач Ша Жинь, Жао Жюже Жан Липин, Цогбат нарын дөрвөн эрхэм бүгд Төмс багшийн шавь нар байлаа. Төмс шантарч цөхрөлгүйгээр урлагийн эрэл хайгуул хийж, тосон будгийн зургийг өөрийн орон нутгийн онцлогтой болгох мятаршгүй итгэл нь аяндаа түүний шавь нарын бүтээлд илэрч, биеллээ олсон юм. Зураач Жя Фанжөү:
- Биднийг дайлсан энэхүү нэр хүндтэй дөрвөн зураачдын урлагийн “Амтат зоог” мэлмийг минь мялааж, гоо сайхны таашаалыг хангалттай хүртээлээ гэж хэлсэн юм.
Хятадын Тай Жи нударгын нэрт багш
Төмс эрхэм басхүү үшугийн гарамгай эрдэмтэн билээ. Өдгөө Өвөр Монголын Чэнь овгийн Тай Жи эрдмийн судалгааны нийгэмлэгийн дарга, Өвөр Монголын Үндэстний зэвсгийн эрдмийн ордны захирал, Өвөр Монголын Хийн дасгалын шинжлэх ухааны судалгааны нийгэмлэгийн зөвлөх, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн Үшүгийн нийгэмлэгийн дарга зэрэг тушаал албан тушаал хариуцаж байна.
Төмс балчир багаасаа сул дорой биетэй, олонтаа өвдөж, олон ч аргаар биеэ чийрэгжүүлэхийг зорьжээ. Ингээд Тайжи нударгын хувьд тоног төхөөрөмж бүхүй тавцан, онцгой нөхцөл байдал шаардахгүй байдгаас хаа газар хэзэ ч эрүүлжүүлэх чийрэгжүүлэх дасгалаа хийж болох давуу талыг анзаарав. Тиймээс 1951 оноос эхлээд Төмс Чэнь овогтны Тай Жи нударгын залгамжлагч Чэнь Жаокүйд шавилан, Тай Жи нударгын дасгал хийсэн байна.
Жар гаруй жилийн турш өдөр бүр хоёр цаг зэвсгийн эрдмийн дасгал сургуулилтаа огтхон ч алгасч үзээгүй билээ. Түүний Тай Жи нударгын эрдэм маш сүрхий, хөдөлгөөнгүй, тайван. Дасгалаа хамгийн удаан хугацаагаар хийх үед бол гурван цагийн хугацаатай нэг газартаа хөдөлгөөнгүйгээр нам гүм зогсдог. Түлхэх эрдэм хийх үед шавь нар нь түлхэгдээд хол зайд үсрэн гардаг, тэр тусмаа хэдэн идэр насны хүдэр эрчүүд хамтдаа Төмсийн эсрэг тулалдсан ч түүнийг яаж ч чаддаггүй гэнэ. Тэрээр өнөөг хүртэл мянга гаруй шавь нартай болсон бөгөөд огтхон ч төлбөр тооцоо авахгүйгээр шавь нартаа эрдэм сургаж, үүгээрээ өөрөө ч бахархаж, дүүрэн аз жаргалтай явдаг аж. Түүний үзэж буйгаар:
- Зэвсгийн эрдмийн дасгал хийх нь нь бие махбодыг чийрэгжүүлэх, сэтгэл, мэдрэмжийг хурц сэргэг байлгахад ч тусалдаг. Нударган загварын тэнцвэртэй жигд хэмнэл зэрэг мэдрэмжийн чадвар нь уран зураг зурахад ч бас ихээхэн ач холбогдолтой. Тэр нь хүмүүсийн итгэлийг гүнзгийрүүлж хүч чадал олгодог гэжээ.
Хайр дурлалдаа үнэнч
Төмсийн амжилт үйлсийн дунд хамгийн их гавьяатай хүн бол түүний гэргий Шя Хэжю билээ. Тэдний үнэнч шударга хайр дурлалын хувьд Хятадын соёлын салбарынхан бүгд ам сайтай байдаг.
Шя Хэшю бол хотон үндэстэн билээ. Төмсөөс 11 насаар дүү бөгөөд тухайн үед ч цаг үеийг байлдан дагуулсан гоё охин байсан төдийгүй түүнд олон “Шилдэг залуус” сэтгэл алдарч байсан гэх. Гэсэн хэдий ч Шя Хэшю билгийн нүдээр Төмсийн олноос өвөрмөц гэдгийг нь мэдэрч, түүний авьяас билэг, зан аашинд нь татагдан дурласан байна.
Тэрээр бүх сэтгэл зүрхээрээ эр нөхрөө хайрладаг. Тоолж баршгүй олон сайхан зүйлээр нь бахархдаг. 40 жилийг нэг л өдөр мэт санаж, хотон үндэстний өвөрмөц амьдралын зан заншлыг нь хүндэтгэн байдаг сайхан ааль нь түүнийг насан туршид нь урамшуулж өгсөн гэх.
Шя Хэшю нөхрөө маш сайн ойлгодог. Мөн Төмсийн авьяас билгийг хэрхэн бүрэн урамшуулан бадраахыг ч мэддэг. Хэдийгээр өдөр тутмын амьдралын хэрэгцээний орлого тааруухан байлаа ч идэх, өмсөхөө арвилан гамнаж,Төмсийн урлан бүтээх ажилд шаардлагатай болгоноор нь хангадаг байна.
Гэргий Шя Хэшю нь хэдийгээр гэртээ бол “Ерөнхийлөгч”-ийн тушаалд байдаг ч бүхий л боломжоо гагцхүү эр нөхөртөө зориулан түүнд уран бүтээлээ туурвихад нь аль болох таатай нөхцөл бүрдүүлж өгдөг. Соёлын хувьсгалын дунд зураач Төмс шоронгоос гарсны дараа эрч хүч, урам зоригоор дутуу байсан хэдий ч Шя Хэшю өөрийн халуун хайраараа нөхрийнхөө сэтгэлийн гүнд нуугдаж буй урлагийн онгод, халуун сэтгэлийг дахин сэргээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Шя Хэшю байгаагүй бол өнөөдрийн Төмс байж чадах эсэхийг хэлэхэд хэцүү. Амжилттай сайн яваа хүний ард сайн ханийн хайр халамж байдаг гэгч энэ буюу.
