solongonews
Зууны манлай, поп хатагтай Сараа “30 жил урлагт”
2016-10-24 17:11
Өнөөдөр МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяа Соёлын төв өргөөнөө 12:00 цагт хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэхүү хэвлэлийн бага хурлаараа “30 жил урлагт” тоглолтын талаар сэтгүүлчидтэй уулзаж, ярилцсан юм.

Тус хуралд МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяа, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ая зохиогч, UBS телевизийн захирал Л.Балхжав, "On&Off" продакшны Ерөнхий захирал, СГЗ найруулагч С.Ононбат, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг нар оролцлоо.

Өнөөдрийн сэтгүүлчидтэй хийсэн уулзалтаар “30 жил урлагт” тоглолт, урлагийн тайзнаа өнгөрүүлсэн 30 жилийн хугацааны уран бүтээл, дуунуудынхаа төрсөн түүх, аялан тоглолтууд, Л.Балхжав, С.Ононбат, Б.Ганчимэг нартай хэрхэн хамтарч ажилладаг талаараа танилцуулж, ярилцлаа.

Мөн энэ хэвлэлийн бага хуралд оролцсон Л.Балхжав, С.Ононбат, Б.Ганчимэг нар дуучин Б.Сарантуяагийн талаар, түүнтэй яаж хамтарч ажилладаг талаараа ярилаа.

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяагийн тодруулбал,

Тэрээр 16-хан насандаа урлагт хөлж тавьж “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлсэн байна.

Энэхүү 30 жилийн хугацаанд 22 цомог гаргаж, Монгол орноо тойрч найман удаагийн аялан тоглолт, гадаадын арав гаруй оронд аялан тоглолт хийсэн байна.

Зууны манлай дуучин маань урлагт анхны гэх тодотголтой олон үйл явдлуудын эхлэлийг тавьж байсан байна.

Түүний амжилтуудыг дурдвал:

Хамгийн богино хугацаанд Зууны манлай дуучин болсон.

Монголд хамгийн анхны цомог гаргасан

Эмэгтэйчүүдийн анхны шоуг 1994 оны гуравдугаар сарын 8-нд зохион байгуулсан. Энэхүү тоглолтыг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Хайдав найруулж байсан.

Хамгийн олон фэнтэй

Эх орноо таван удаа тойрч, бие даасан тоглолт хийж байсан

Эх орноо, Монгол Улсаа сурталчлах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн арав гаруй орны 20 орчим хотод аялан тоглолт хийсэн.

-“Зүүдний говь” анхны цомог гарсан даруйдаа маш олон хувиар борлогдож дээд амжилт тогтоож байсан.

Монголоос анх удаа Сингапурт хоолойны бичлэгт орж, CD-гээ бичүүлсэн дуучин

1993 онд Казакстанд зохиогдсон дэлхийн 22 орны дуучин оролцсон “Азийн дуу хоолой” наадмаас гранпри шагнал хүртсэн нь Монголчуудыг бахдуулсан үйл явдал болсон

Пентатоник академийг санаачлан, Монголын рок попын хөгжмийн дээд шагнал олгох Пентатоник наадмыг зохион байгуулсан

Монгол ардын хөгжмийг Поп урсгалтай хоршуулж, Монгол поп урсгалыг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Энэхүү “30 жил урлагт” тоглолтонд АЖ Долгор, Харанга, Хурд, Никитон, Камертон, Хар сарнай, Нисваанис, Sweetymotion, Fire, Хөх тэнгэр, Титэм,Lemons хамтлаг, дуучин Дэлгэрмөрөн, Отгоо, Агиймаа нар оролцоно.

Зууны манлай дуучин Сараагийн “30 жил урлагт” тоглолтыг Сод монгол, MOЕT&CHANDON, SMP, On&Off, Хөх Монгол, DUAL ZET зэрэг групп, компаниуд ивээн тэтгэжээ.

Тус тоглолт энэ аравдугаар сарын 29-нд 17:00 цагаас Corporate-ийн концертын зааланд болох аж.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл