Бид урамгүй нэгэндээ “Баяртай учралаа илүү бод” , “Гуниг зовлонгоо март, инээмсэглэж яв” гэж тайвшруулдаг. Харин “Сайн уйлаарай” гэх нь дэндүү ховор.

Инээмсэглэл бол өөртөө итгэлтэй, эрүүл саруул байхыг илтгэдэг. Тэрчлэн инээмсэглэхэд эргэх холбоосоор тархинд эерэг дохио очиж, бүх бие махбод нь сайн байна гэсэн дохио хүлээн авснаар тайвшран цэвэршдэг гэнэ. Тиймээс урамгүй үедээ инээмсэглэх нь зохих хэмжээнд тайтгарал болдог. Нулимс мөн адил таагүй зүйлийг арилган цэвэрлэж чаддаг гэдгийг хүмүүс төдийлэн сайн мэддэггүй. Америкийн судлаачид нулимсны молекулын бүтцийг судалж, хүний биед маш хэрэгтэй химийн бодис агуулагдаж байгааг мэджээ. Үүнд, өвдөхийг намдаах буюу тайвшруулах, хорт бодисыг гадагшлуулах, гомдох мэдрэмж төрүүлдэг бодисуудыг нулимстай хамт биеэс гадагшлуулдаг. Нулимс хүний сэтгэл санааг цэвэрлэн ариутгаж бүх өвдөлт, зовлонг гадагшлуулснаар хүнийг илүү үзэсгэлэнтэй, өөдрөг болгодог.
Дэлхий нийтээр хийсэн судалгаанаас харвал эмэгтэйчүүд эрчүүдээс тав дахин илүү уйлдаг учир 7 насаар урт насалдаг гэдэг. Эмэгтэйчүүд илүү урт насалж байх нь мэдээж маш олон зүйлд нөлөөлдөг ч нулимсаараа сэтгэлээ уудлан, таагүй зүйлээс салж чаддаг давуу тал нь зохих хэмжээгээр нөлөөлж буй нь гарцаагүй. Тиймээс сэтгэл хөдөлгөсөн ном унших, кино үзэх, дуу сонсохдоо хааяа ч гэсэн нулимс дуслуулахад ичих зүйл үгүй, харин бие сэтгэлд чинь эрүүл ач тустай гэдгийг санаарай .
