solongonews
Яруу найргийн дагина
2016-01-05 14:28
Дээд Монгол буюу Хөхнуур мужийн залуу яруу найрагч Хөхшил

Тэмээ цангам манхан цөлийг

Хөхнийхөө сүүгээр ундалж

Тэмүүжин мэндэлсэн эх орныг

Есүхэйн тангаргаар мялаасан

Монгол бүсгүй

Яруу найргийн дагина – Өэлүн эх

 

Дээлийнхээ өвөрт хүүхдээ нуун

Дэлхийн аюулыг зүрхээрээ туулж

Дэлгэр орчлонгийн цэнхэр нуруун дээр

Тулгаа тулж, нутаг заасан

Монгол бүсгүй

Яруу найргийн дагина – Өэлүн эх

 

Тэнгэрийн нар хөөж гүйцэмгүй

Уудам талыг

Өэлүний үрс хурааж авсан

Тэнгэрийн шувуу нисэж тууламгүй

Манхан говийг

Чингисийн агт туулж номхтгосон

 

Яруу найргийн хатан дагина

Өэлүн эхээс Тэмүүжин төрсөн

Яруу найргийн хаан шүтээн

Тэмүүжин хөвгүүнээс Монгол мэндэлсэн

 

Ононы хөвөнд тэмүүжин мэндэлснээс

Орчлонгийн нэг чагтага бий болжээ

Оддын гэрлээр хормойгоо мялаалгаснаас

Өэлүн эхээс

Найргийн онгод төрөх болжээ

 

2007.03

 

 

Зохиогч: Хөхшил
Найруулагч: ....
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл