
Жэжян мужийн Ханжөү хотын Чяньтан дүүргийн хээрийн хөдөлмөрийн дүр зураг
Зургийг: ЧЭНЬ ХАОЖЕ, ЖАН ЖИН
Хаврын сэвшээ салхи үлээж, нэг л шөнийн дотор Чяньтан мөрний хөвөө ногоон өнгөөр хучигджээ. Хөвөө хязгаар нь харагдахгүй улаан буудайн ургац толгойгоо дааж ядан бөхөлзнө. Саравчтай малгай дарсан Ши Чючинь гартаа дрон удирдлага барьсаар уулын хяр дээр зогсож байна. Түүний удирдаж байгаа дрон жигд тайвнаар дээшилж, гурав дөрвөн метрийн өндөрт гараад агаарт зогслоо. Ши Чючинь дроноо удирдахад зүүн тийшээ үл ялиг хөдөлж, дахин удирдахад дронд тээсэн бордоо борооны дусал шиг асгаран буудайн тариан дээр жигдхэн бууж байлаа. Хэдхэн минутын дотор нэг акр буудайг бордож дуусна.
- Би хүүдээ трактор жолоодохыг, харин хүү маань надад дрон удирдахыг зааж өгсөн гэж 61 настай Ши Чючинь инээмсэглэн ярив.
2009 онд Ши Чючинь Засгийн газраас зохион байгуулсан айлчлалын багийн хамт гадаадад суралцахаар явсан. Тэд нэгэн тариалангийн газарт бүрэн автоматжуулсан ургац шилжүүлэн суулгах үйл явцыг олж харжээ. Ургац шилжүүлэн суулгагч машин нэг удаа яваад өнгөрөхөд 8 зурвас тариаг нямбай тарьсан байдаг. Нааш цааш хэдхэн удаа яваад л тарьж дуусгасан харагдана. Нэг хүн нэг л машинаар нэг л өдөрт 20 гаруй хүний нэг өдрийн хөдөлмөрийг хийж чадаж байгааг Ши Чючинь нүдээрээ харлаа.
Өмнө нь газар тариалангийн ажил дэндүү хүнд байсан тул залуучууд үүнийг хийх хүсэлгүй байсан. Ургац ургуулах завгүй үед лийрийн тариалан эрхэлж байгаа Ши Чючинь ажилтан олохгүй гачигдаж, хөдөлмөрийн зардал асар их нэмэгдэж байгаад бас үргэлж санаа зовдог байсан. Хэдэн өдрийн турш суралцсаны дараа Ши Чючинь ийнхүү эргэцүүлэн бодлоо. Тариаланчид үр тариа тарих хүсэлгүй байвал улс орны үр тариа хаанаас гарах вэ? Тариалангийн ажил бүгд механикжсан бол үр тариа тарих хүсэл эрмэлзэлтэй хүмүүс нэмэгддэг болов уу?
Хятадад буцаж ирснийхээ тэр шөнө нь Ши Чючинь лийр тарих гэж гэрээ байгуулсан газрынхаа зарим хэсгийг ашиглан үр тариа тариалахаар болжээ. Түүний төлөвлөгөөг сонсоод нөхөр нь хөмсгөө зангидан дуугарсангүй. Хүү нь учрыг нь мэдэхгүй, машин хаанаас олохыг нь асууна. Ээж нь харин санчиг нь бууралтсан үсийг нь хараад:
- Чи хэдэн эгч дүүгийнхээ дунд хамгийн их ажил хийдэг нь. Үс чинь эрт бууралтсан, ээж нь хараад сэтгэл зовж байна гэж аяархан хэлэв. Ши Чючиний залуу нас тийм ч амар байгаагүй. Тэрээр дэлгүүр нээж, загас нугас тэжээн, такси барьж хоолны газар ажиллуулах гээд л янз бүрийн зовлон зүдгүүрийг туулсан. 2001 онд Ши Чючинь Чяньтан мөрний дагуу 27 га орчим газарт лийр тарих талбай түрээслэн авчээ. Лийр ургуулсан найман жилийн хугацаанд Ши Чючиний гэр бүл лийрийн хүрээлэндээ амьдарч хооллон, амьдрал нь ихээхэн хүнд байлаа. Тэдний өнгөрүүлсэн гашуун зовлонг ар гэрийнхэн л мэднэ.
Чяньтан мөрний дагуу түрээсэлж авсан газар нь шаварлаг, хужир шүлтлэг, үржил шим багатай, маш сул газар юм. Тариа тарьж ургуулсан ч олигтой сайн ашиг олдоггүй. Лийрийн мод зөвхөн өндөгний чинээ жимс ургадаг. Лийрийн үнэ ч муу байдаг болохоор ямар ч ашиг олдоггүй байлаа. Ши Чючинь лийрийн төрлийг сайжруулахын тулд 4-5 төрлийн лийрийг нэг модонд залгаж ургуулснаар боловсорч гүйцэх гэж байхад нь далайн шуурга бүх мөчрийг нураажээ. Ши Чючинь бохирыг нь цэвэрлэж, мөчир залгах ажлыг дахин хийж, лийрийн модны ойдоо тахиа тэжээн, голын усанд загас тэжээж, тахианы ялгадсаар лийрийн моднуудаа борддог. Гурван жилийн дараа ургац хураалт ирлээ. Лийр маш сайн зарагдан борлуулалт их сайжрав.
Гуравдугаар сард лийрийн модны мөчрүүд хөхрөн ногоорч, салхины аясаар бүжнэ. Хотын хүмүүс цэцэрлэгт хүрээлэнд жуулчлан бас хоол идэхээр энд ирдэг болжээ.
Сайхан өдрүүд удаан үргэлжилсэнгүй. Одоо бүр бүхнээ алдлаа. Яагаад ийм байдалд хүрснээ яаж ч бодоод ойлгосонгүй. Шөнө болж, бүх зүйл анир чимээгүй. Ши Чючинь ус авчран нүүр гараа угаагаад өдрийн алжаалаа тайлан толинд харж бодол болон зогсоно. Тэрээр:
- Би тариа тарьж сайн ургац ургуулна! гэж хатуухан шийдэв.
Ингээд Ши Чючинь их хэмжээгээр цагаан будаа тариалж эхэллээ. Машин худалдаж авах нь хэтэрхий үнэтэй байсан тул Ши Чючинь ажилд зориулж трактор түрээслэв. Ажилчидтайгаа нийлээд газар тэгшилж, хөрсний давхарга нь зузаан биш байвал стандартын шаардлагад нийцүүлэн тэгшлэн босгож байлаа. Ус татах машиныг жижиг голын эрэг дээр тавиур дээр байрлуулж, усыг нь өдөр нь татан, шөнө нь гадагшлуулдаг, ингэж зарим хортон шавж устгадаг байжээ. Органик бордоо, тахианы ялгадас, лаг шавар, загасны цөөрмийн сүрлээр бордоо болгодог.
Эхний жилд хүмүүсийн хэлснээр газар нь "түүхий газар" хэвээр байсан болохоор ургац төдийлөн ургадаггүй байв. Ши Чючинь өөрийн тооцоолсон ургац маш бага гэдгийг мэдэж байсан учир их хэмжээний ургац авна гэж төсөөлөөгүй боловч ургац хураалтын үеэр маш их сандарч байв. "325 кг." "375 кг" "405 кг" "425 кг" жин хэмжигч тоогоо хэлж байна. Энэ тоо улам ихсэж, Ши Чючиний зүрхний цохилт улам хурдассаар байв. Тооны машин шажигнан дуугарахад тэр хүн түүнд хандан:
- Эгч ээ, танай газрын дундаж ургац нэг мү-гээс 800 кг ургац авлаа гэж хэлэв.
Ши Чючин чихэндээ ч итгэсэнгүй. Эхний жил ийм их ургац авсандаа тэрээр өөртөө итгэх итгэл дүүрэн болж, хоёр дахь жилдээ 500 кг ургац авахаар зорилт тавилаа. Ши Чючинь трактор худалдаж авчээ. Тэрээр өмнө нь такси барьж байсан, жолооны ур чадвар сайтай, тракторын ажиллагааг бага зэрэг мэддэг болохоор багахан оролдоод л чадварлаг жолоодож чаддаг болжээ. Ши Чючинь өдөр бүр эрч хүчээр дүүрэн байдаг болж, өдөрт 4-5 га газрыг суллахдаа ядарч туйлддаггүй байв.
Алтан шаргал тутаргын тариа толгойгоо дааж ядан бөхөлзөж, элбэг хураалт авах дохио өгнө. Ши Чючиний гэр бүл маш их баяртай байв. Тэд будаагаа хурааж авсны дараа зарим тоног төхөөрөмж худалдан авч, илүү газар түрээслэх гэрээ байгуулан, үр тариа тариалахаар төлөвлөжээ.
Тариачид эцэст нь мөн л тэнгэрт найдах ёстой хэвээр байна. 07-р сард супер хар салхи ирсэн нь Ши Чючиний мөрөөдлийг үгүй хийсэн юм. Тутаргын тариа хөндлөн гулд газарт унан сүйджээ. Түүний сэтгэл зовсон гэж жигтэйхэн. Газар унасан будааны сүрэл бараг хэрэггүй болж, комбайн ажиллах газаргүй болж, будааны ургац 30-50 хувиар буурав. Гэр бүлийнхэн нь Ши Чючинд үр тариа тариалахын оронд тариалангийн талбайгаа бусдад шилжүүлж, лийр тарьж, тогтвортой амьдрахыг ятгана. Гэвч Ши Чючин унасан газраасаа шороо атгаж босохоор шийдэв.
Ши Чючинь эртийн цагаан будаагаа хурааж дуусаад оройн цагаан будаагаа тарих ажилдаа орлоо. Тэрээр бас зээл авч импортын трактор авчээ. Аз болоход дараагийн өдрүүд хур бороо тэгшхэн, гай гамшиг гарсангүй. Арван нэгдүгээр сард цагаан будааны ургац сайн болж, нэг мү-гээс авах ургац 500 кг-аас давав.
Гурав дахь жилдээ Ши Чючинь эртийн цагаан будаа тарих бэлтгэл ажлыг эртнээс хийж эхлэв. Гэтэл цагаан будааны талбайд шавж ихтэй, зарим шавж онцгой тэсвэртэй, пестицидийг хэд хэдэн удаа цацаад нэмэргүй байгаа нь тун хачирхалтай. Ялангуяа ургасан үр тариа хорчийгоод хоосон байх нь аймшигтай байв. Шинж тэмдгүүд нь халдварт шинжтэй, үр тариа нь улам бүр хорчийдог. Ши Чючин сандарч, яаран будааны мэргэжилтнээс тусламж хүслээ. Цагаан будаа тасралтгүй тариалснаас болж хортон шавжийн тахал үүссэн гэж мэргэжилтнүүд хэлжээ. Нэг жилийн өмнө дулаахан өвөл болж, зарим хортон шавьж хөлдөж үхээгүй, дараа жил нь цагаан будаагаа хорлох гээд гараад ирдэг. Өөр тариа таривал зүгээр байдаг гэнэ. Энэ бүхнийг хэтэрхий хожуу ойлгосноор хагас жил зүтгэсэн зүтгэл нь тийнхүү талаар болов.
Газар тариалан эрхлэхэд зөвхөн хичээнгүй байгаад болохгүй, шинжлэх ухааныг ойлгох нь бас их чухал гэдгийг Ши Чючинь өөрийн гашуун туршлагаас сургамж авлаа. Тэр цагаас хойш газар тариалангийн төрөл бүрийн ном судалж, тариа тарих аргад суралцан, газар сэлгэх арга техник эзэмшиж, газрын үржил шимийг хадгалахын тулд шаргуу ажиллажээ.
Эдгээр зүйлийг сайн суралцсаны учир будаа тариалсан дөрөв дэх жилдээ нэг мү-гээс авах ургац 700 кг болтлоо нэмэгдсэн байна. Ши Чючинь үр тариа тариалж байхдаа маш их ёс учир, арга зүйг ойлгов.
- Ер нь хамгийн сайн үрийг авах хэрэгтэй, сайн үрээс сайн будаа гарна гэж тэрээр ярив. Сайн үр бол үр тарианы цөм юм. Үр нь муу байвал хэчнээн үржил шимтэй газар байсан ч, хэчнээн их эрчим хүч зарцуулсан ч үр дүнгүй.
Үрийг худалдаж авсны дараа соёололт нэн тэргүүний асуудал юм. Ши Чючинь алхам тутамдаа хайнга хандаж зүрхлэхгүй байлаа. Үрээ 47 цаг дэвтээж, соёололтод 15 цаг байлгаж, суулгацын тавиур дээр жигд тараан, долоо хоног хүлээж, дараа нь суулгацыг тарих талбайд шилжүүлж, нэг сарын дараа шилжүүлэн суулгах ажил албан ёсоор эхэлнэ.
Тэрээр өнөөдөр 400 гаруй га хүртэл газар нутгийг түрээслэн, үр тариа тариалах талбай нь улам бүр томорч байна.
Жилээс жилд өргөжиж байгаа тариалангийн газар, жилээс жилд нэмэгдэж байгаа ургац хураалтаа хараад чихэр авсан хүүхэд шиг баярлаж сууна.
Ши Чючинь ганцаараа үр тариа тариад зогсохгүй, эргэн тойрныхоо хүмүүсийг механикжуулж, шинжлэх ухаанчаар хамтдаа тариа тарих ажилд хөтөлдөг. Чэнь овогтыг Ши Чючинь тарианы ажилд чиглүүлсэн хүн. Чэнь овогт хөрш тосгонд амьдардаг. Тарьц суулгац, цэцэг, хүнсний ногоо их тарьдаг. Хэдэн жилийн өмнө Чэнь овогт Ши Чючинь үр тариа ургуулах гэж бүдэрч байгааг хараад түүнийг лийр тарих ажилдаа буцахыг зөвлөж байв. Сүүлийн хэдэн жилд Ши Чючингийн механикжсан тариа тариалалт маш амжилттай болсныг хараад Чэнь тун их сэтгэл хөдөлсөн боловч техник хэрэгсэлгүйн улмаас тариа тарьж зүрхэлсэнгүй. Ши Чючинь Чэний юу бодож байгааг хараад түүнд хандан:
- Санаа зоволтгүй, намайг дагаж тарь. Нэг ширхэг будаатай ороод, атга тариатай гарах болно гэдгийг би баталж байна гэв. Чэнь худалдаж авсан будааны үрээ Ши Чючинд өгч, Ши Чючин суулгацыг ургуулж, будаа шилжүүлэн суулгах машинаа барьж Чэний тариалангийн талбайд ирж тарьж өгчээ. Хэдэн сарын дараа машин дахин Чэнийн тариаланд орж ургац хураалаа. Хурааж авсан будаагаа зарж Чэний орлого ихээхэн нэмэгдсэн байна.
Чэнь овогтоос гадна, нэг тосгоны Ү овогт Ши Чючинийг дагаж үр тариа тариалжээ. Ү овогт механикжсан тариалангийн амтыг амтлахдаа Ши Чючинийг алсын хараа, эр зоригийг нь хүн болгонд магтаж байлаа.
Ши Чючиний үр тарианы "найз нөхдийн тойрог" үргэлжлэн өргөжин тэлж, олон арван өрхийг үр тариа тариалахад чиглүүлжээ. Гагцхүү энэ жил гэхэд л тэрээр тариаланчдыг 10 мянган мү үр тариа тарихад хөтлөөд байна.
Боловсролын түвшин доогуур, тариа тарихдаа муу байсан Ши Чючинь арав гаруй жил хөдөлмөрлөсний эцэст тариа тарих төрөл бүрийн арга ухаан, хөдөө аж ахуйн машин механизмын олон төрлийн үйл ажиллагааны ур чадвар эзэмшсэн байна. Хөдөө аж ахуйн технологи, хөдөө аж ахуйн машин механизмын нэр хүндтэй мэргэжилтэн, Найман улаан дарцагчин, Хятад улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн "давхар сурлага, давхар өрсөлдөөн"-ий эмэгтэй мэргэжилтэн, шинжлэх ухаан, технологиор баяжсан мэргэжилтэн, хөдөө аж ахуйн машин ашигласан тэргүүний мэргэжилтэн зэрэг олон сайхан шагнал өргөмжлөл хүртсэн байна.
Цагаан будаа, буудайн, буурцгийн тариаланд ирж танилцах тариаланчид, мэргэжилтнүүд, оюутнууд их олон болжээ. Ши Чючинь тэдэнтэй хээр талд зогсоод тариалах туршлагаа хөөрөлдөн ярина.
Ойролцоох сургуулийн багш нар хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг оюутнуудыг хөдөлмөрийн боловсрол олгох зорилгоор байнга авчирдаг. Насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдүүд ялангуяа, Ши Чючинээс "яагаад" гэж олон асуудаг.
"Дижитал тариалан гэж юу вэ?", "Яагаад шар будааг наранд шарж хатаах хэрэггүй, хатаагчинд түр байлгаад авахад л болдог вэ?", "12 хатаагч машин 180 тонн үр тариа хатаасан уу? Би итгэхгүй байна". "Энэ тариа тарих машин үнэхээр автомат уу? Энэ үнэхээр сайхан байна, том болоод би ч бас үүнийг хийх болно!"
Магадгүй, Ши Чючинь тэднийг сэтгэлдээ үр тариа суулгатал нь ажилласан биз ээ.
Өнгөрсөн намар Жэжян мужийн Ханжөү хотын чухал үр тарианы агуулах болох Чяньтан дүүрэг ургацын баяр зохион байгуулжээ. Ши Чючинь болон бусад 12 гол үр тарианы тариаланчдыг шагнан сайшаав.
Цагаан будаагаа хурааж дууссаны дараа Ши Чючинь улаан буудай тарьсан байна. Эдүгээ хөвөө хязгаар нь харагдахгүй улаан буудайн талбайд дрон ажиллуулж байгаа Ши Чючин үнэхээр гайхалтай цоглог харагдана!
