
Экологи, эдийн засгийн бүсийн зангилааны Хөх мөрний гурвалжин хойгийн хот, цахим худалдааны томоохон группийн төв оффис байрладаг хот гэдгээрээ дэлхий нийтэд танигджээ. Байгалийн үзэмж цогцолсон Шихү нуураараа ч алдартай. Бээжин- Ханчжоу чиглэлийн далайн тээврийн коридор худалдааны боомт, торго, цай энэ нутгийн брэнд. Шанхай хотын төмөр замд түшиглэн экспорт, импортын худалдаа, хөнгөн үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжсөн. Бидний мэдэхээр 2016 онд G20 дээд хэмжээний уулзалт энэ хотод болсон нь дэлхий нийтийн анхааралд ихээхэн өртсөн юм.
Ханчжоу хотод буугаад эхний зочилсон газар бол хотын төв хэсэгт орших Алибаба групп. Гадаад, дотоодын аялагчдад зориулан бэлдсэн танхим үүднээсээ дээш өгссөн зохион байгуулалттай. Алхам, алхмаар, өдөр өдрөөр өсч, дэвжихийн бэлгэдлийг бодож ийнхүү зохион байгуулсан гэнэ.
Үүдний хэсэгт байрлах залуухан Жек Ма хэсэг нөхдийн хамт инээмсэглэн зогсох зураг нүдэнд тусна. Бээжинд ирээд ажлаа бүтээж чадалгүй буцах замдаа Цагаан хэрэмний урд хэсэгт энэ зургийг татуулжээ. Зорьсон ажил нь бүтээгүй ч Ханчжоу хотод дахин ирэхийн өмнө дэлхийд нэр алдраа цуурайтуулсан компани байгуулах мөрөөдөлдөө хүрэхээр зориг шулуудсан байлаа. Энэ бол түүний мөрөөдлөө биелүүлэх эхлэл цэг нь байв. Түүхийн гэрч болсон энэ зураг Алибаба группийн төв оффист хүндтэй хэсэгт байрладагт гайхах зүйл үгүй.

Дэлхийд тэргүүлэгч компани байгуулсан Жек Ма түүний нөхдийн амжилтад хүрсэн зам саад бэрхшээлээр дүүрэн байлаа. Тэд жирийн нэгэн хорооллын умгар өрөөнд сууцгаана. Хурлын өрөө байхгүй учир Жек Ма нөхдийн хамт гадаа модны дор цуглаж ирээдүйн төлөвлөгөөгөө ярилцдаг байв. Жирийн нэгэн Хятад залуугийн шинийг санаачлагч сэтгэлгээ, хүсэл мөрөөдөлд жигүүрлэсэн Алибаба сайт 18 жилийн түүхтэй дэлхийн хэмжээний групп болтлоо томорчээ.

2014 оны 9 дүгээр сард Алибаба групп АНУ-ын Нью-Йорк хотын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, эхний өдрийн зах зээлийн үнэ 230 тэрбум ам.долларт хүрсэн түүхтэй. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд цахим худалдааны супер хямдралын өдөр тохиодог уламжлал тогтсон аж. 2016.11.11 өдөр Алибаба сайтаас 120 тэрбум 700 мянган юаний бараа бүтээгдэхүүн худалдан авсан байна. Энэ өдөр 1.6 тэрбум 655 юаний ачаа эргэлтийн захиалга 235 улс орноос хийгдэв. Ажлын байраар хангасан хүний тоо 30 сая 830 мянгаар хэмжигдэж байгаа бол худалдан авагчийн тоо 2 тэрбумд хүрчээ. Цаашдаа 100 сая хүнийг ажлын байраар хангах зорилготой гэнэ.

2000 оны өмнөх торгоны замтай зүйрлэж болохуйц даяарчилсан эдийн засгийн сүлжээг Алибаба бий болгож чаджээ. Хэрэглэгчийн нас хүйс, сонирхол, худалдан авах чадвар зэргийг нарийвчлан судалж хэрэглэгчид бүтээгдэхүүнийг ямар хугацаанд хүргэх боломжтой талаарх нарийн мэдээллийг тоон системийн тусламжтай хянаж байна. Хятадын бүс нутагт 24 цагийн дотор дэлхийн бусад улсуудад 72 цагийн дотор бараа бүтээгдэхүүнийг хүргэх боломжтойгоор тээвэр ложистикийг шийджээ.
“Та худалдан авч чадвал бид хүргэж чадна” гэсэн уриан минут, секундтэй уралдан ажилладаг нь тус компаний онцлог. Төвдийн уулын өндөрлөгт орших тосгонд нэгэн эмэгтэй энэ ажлыг хийдэг. Манайхаар бол өртөөч маягийн ажилтнууд дэлхийн хаа сайгүй ажилладаг нь гайхалтай санагдаж байлаа. Банкны системийг ашиглаж том, жижиг аж ахуй нэгжүүдэд зээл олгох боломжоор мөн хангажээ. Зээл хүсэх анкет бөглөснөөс хойш гурван минутын дотор дансанд мөнгө нь шилжих, гар утсаараа захиалга өгөөд урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр зээл авах зэрэг шинэ боломжууд гаргаж ирсэн нь амжилт гаргасаар байна. 2014 онд KTM гэдэг компани байгуулагдаж 17 сая 600 мянган юаний орлоготой байсан бол Алибаба сайттай хамтарч ажилласаар орлого нь 180 сая юань болтлоо өссөн үзүүлэлтийг бидэнд сонирхуулсан юм.

Жек Ма-ийн төрсөн нутаг, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбож дэлхийн өнцөг буланд хүрч байгаа, онлайн худалдаагаар дэдхийд хоёрдугаарт жагсаж буй Алибаба групп Ханжоу хотын бахархал байхаас яах вэ.
Айлчлалын багийнхан Алибаба группийн төв оффист зочилсныхоо дараа Dream буюу Мөрөөдөл хотхонтой танилцсан. 2014 онд байгуулагдсан энэ бүсэд Ханчжоу хотын шинжлэх ухаан технологи инновацийн парк үйл ажиллагаа явуулдаг. Шинэ мэдээлэл, шинэ үйлдвэрлэл, шинэ санаа, шинэ орон зай, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох зорилготой олон компаниуд олон зуун төсөл дээр ажиллаж байна. Бид тухайн өдөр инновацийн хөгжлийг жинхэнэ утгаар нь харж болох Жэжян мужийн Соёл инновацийн парк, Ханчжоу олон улсын үзэсгэлэнгийн төв буюу G20 уулзалтын цогцолбортой танилцаж арвин баялаг мэдээлэл цуглуулж авсан юм.

