МОНГОЛ ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН VII ФОРУМ
Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь Монгол Улс, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагаанд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн анхдагчдын нэг бөгөөд өнөөдөр ч энэхүү үүргээ амжилттай хэрэгжүүлж, шинэ зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна.
Анх 1958 оны зургаадугаар сарын 2-нд Бээжин хотноо МОНЦАМЭ, СИНЬХУА агентлагуудын хооронд байгуулсан мэдээ солилцох тухай хэлэлцээрээр СИНЬХУА агентлаг нь өөрийн дамжуулсан мэдээг Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгч ашиглуулах эрхийг МОНЦАМЭ агентлагт хариуцуулан олгож байв. МОНЦАМЭ агентлаг ч өөрийн дамжуулсан бүх мэдээг БНХАУ-ын хэвлэл, радио нэвтрүүлэгт ашиглах эрхийг СИНЬХУА-д олгосон бөгөөд эндээс хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааны итгэлцал, түншлэл шинэ шатанд гарсан гэж үзэж болно. Дээрхи хэлэлцээрийн III зүйлд “Харилцан тохирогч хоёр этгээдийн аль нэг нь хэлэлцээр байгуулагч нөгөө этгээдээс хүлээн авсан мэдээнд сайн санааны үүднээс талархалтай хандаж, мөнхүү орны дотоодын байдал, сүүлчийн үйл явдал, тэрчлэн нөгөө этгээдийн засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тухай хүлээн авсан мэдээг гуравдугаар этгээдээс авсан дээрх сэдэвтэй мэдээнээс илүүтэй итгэн хүндэтгэж үзэх үүргийг хэлэлцэн тохирогч хоёр этгээд харилцан хүлээв” гэсэн нь үүний нотолгоо юм. Нөгөө талаар МОНЦАМ, СИНЬХУА агентлагийн хооронд байгуулсан 1958 оны энэхүү хэлэлцээр нь хоёр орны хоорнд мэдээлэл солилцох төдийгүй сэтгүүлчдээ харилцан айлчлуулдаг, Улаанбаатар, Бээжинд тус тусын тусгай сурвалжлагчийг томилон ажиллуулдаг өнөөдрийн байнгын механизмын эхлэл болсон юм.
МОНЦАМЭ, СИНЬХУА агентлаг нь энэ үеэс хойш харилцан мэдээлэл солилцох, сэтгүүлч солилцож, туршлага судлуулах, Бээжин, Улаанбаатарт суугаа тус тусын сурвалжлагчдаа харилцан дэмжих зэргээр тасралтгүй хамтран ажиллаж ирсэн ба хамгийн сүүлд буюу 2013 онд хоёр агентлагийн хооронд байгуулсан хэлэлцээрээр энэхүү харилцаагаа баталгаажуулсан юм. Өнөөдөр МОНЦАМ агентлаг нь СИНЬХУА агентлагаас өдөр тутам Хятад орны дотоод үйл явдлын болон дэолхий дахин, бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны талаархи мэдээ мэдээллийг англи хэлээр дамжуулан хүлээн авч Монголын уншигчиддаа орчуулан хүргэж байна. Мөн Монгол оронд болсон цаг үеийн үйл явдлууд, хоёр орны харилцаанд хамаарах бусад мэдээ мэдээллийг өдөр тутам СИНЬХУА агентлаг руу илгэж байна.
Энд онцлон дурдахад хоёр улс харилцааны хүнд хэцүү сорилтыг туулсан 1960-аад оны сүүлч, 1970-аад оны үед ч МОНЦАМЭ, СИНЬХУА агентлаг харилцаагаа таслаагүй, өдөр тутам мэдээллээ солилцож, харилцан сурвалжлагчаа суулгаж, улс орнуудынхаа харилцааны гүүр болж байсныг бид бүхэн үргэлж бахархалтайгаар дурсан санаж байдаг юм.
Энэ утгаараа БНХАУ-ын СИНЬХУАЯ агентлаг нь МОНЦАМЭ агентлагийн хамгийн итгэлтэй дотны түнш мөн бөгөөд бид өдөр тутам мэдээлэл солилцох, сэтгүүлч сурвалжлагчаа харилцан айлчлуулах зэргээс гадна Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага “OANA/-ын хүрээнд ч нягт хамтран ажиллаж, харилцан бие биенээ дэмжиж ирсэн бөгөөд цаашид энэ бүх харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, бэхжинэ гэдэгт итгэж байна.
