solongonews
Холын цэнхэр Хархорумд
2017-07-28 11:59
Бээжингийн Төвийн Үндэстэний их сургуулийн Монгол хэл-утга зохиолын салбарын III дамжааны оюутан Г.Түгээмэл Монголд анх удаа ирж байгаа юм. Түүний анхны бичсэн нийтлэл нь Монголын тухай байлаа.

Оны хүрд эргэсээр бас нэг долоо хоног өнгөрлөө. Багшийн тохируулснаар энэ хагас сайн өдөр  /долоодугаар сарын 22-нд/ Хархоринд очихоор болсон. Өглөөний нарны уураг шаргал туяаг угтан бид Хархорин хүрэх аянаа эхлүүллээ.

Холын аянд хоёр чих хүнд гэдэгчлэн нойрондоо дарагдсан бид замын үзэмжийг анзааралгүй хэвтсээр Элсэн тасархайд хүрчээ. Тэнд би анх удаа тэмээ унаж үзлээ.  Аав минь тэмээчин байсан ч намайг том болох үед манайх тэмээгүй болсон. Би ч харж л байснаас биш ерөөс унаж байсангүй. Тэмээний бөх үнэхээр тэнгэр тулам өндөр, дээр нь мордсон би үүлэнд хүрмээр байсан.

Аян маань үргэлжилсээр Архангай аймгийн Хашаат сумын нутгийн “Хөшөө цайдам” музейд хүрлээ. Тэнд Билгэ хааны онго, тахилгыг малтах явцад олж илүүлсэн хааны эрдэнийн шувуу зуусан дүрс бүхий цул алтан титэм, алтан эдлэл, ээмэг зүүлт, мөнгөн буга зэргийг байрлуулжээ.

Гэхдээ эдгээр хөшөө чулуунууд нь бүгд толгойгүй байлаа. Харын дайсанд эвдэгдсэн нь илэрхий. Дайны гал үнэхээр хэцүү догшин байна. Хүнийг нь хороох атлаа соёлыг нь ч зүгээр орхидоггүй нь харамсалтай. Азаар Билгэ хааны өөрийн дүү  болох жанжин Күль-Тегинд зориулж босгосон гэрэлт хөшөө бүтэн үлдэж түүхийн хоосныг нөхсөн байлаа.

Нар баруунаа байхад бид Хархоринд буулаа. Тэнгэрийн хур тэгшгүй жил таарч энд өвс ногооны гарц тааруу байв. Таших нартай уралдаад бид ойрын нэгэн толгойд гарч завдлаа. Жаргах нарны улбар туяанд өвс ногоо шаргалтан, Орхон гол хөндийгээр нь намнан урсна. Бэлээр нь сүрэг адуу янцгааж адуучин айл гүү сааж байна. Дэргэд нь саяхан төрсөн унага эхээ тойрон эргэлдэнэ. Энэ бүхэн юутай амгалан, сайхан.

Хоёр дахь өдрийн шаргал туяаг угтан бид Эрдэнэ зуу хийдийг чиглэн хөдөллөө. 108 суваргатай хэрмээр хүрээлэгдсэн Эрдэнэ зуу хийд Хархорумын хуучин буурьтай залган умар талд нь байрлажээ.Тайлбарлагчийн үгнээс юу нэгийг бодлоо.

Ингээд бодоход Монголд сүм хийд, шашны эд зүйлс илүү хадгалагдан үлджээ. Харин түүхэн соёлын зүйлс цөөхөн байна. Энэ нь түүхэнд сүм, хийд олноор нь  байгуулагдаж байсантай холбоотой болов уу. Тухайн түүхэн эд зүйлс ном судрыг хадгалах газаргүйтэй бас холбоотой.

Хятадууд худал үнэн нь мэдэгддэггүй ч өөрийн гэсэн түүхтэй, түүхээ үсэг бичгээр тэмдэглэх уламжлалтай. Харин монголчууд маань нүүдэлчин ард түмэн учраас бичиж  тэмдэглэсэн нь цөөхөн, бичсэн ном бичиг нь ч гээгдсэн  талтай. Тиймдээ ч харь үндэсний түүхэн бичгээс өөрийн түүхээ сүвэгчилж байна. Түүхээ сүвэгчлэхээр барахгүй хойч үедээ түүх соёлоо сайтар судалж, бичиж үеийн үед уламжлуулах хэрэгтэй байна.

Эрдэнэ зуугаас гарч Хархорум музей хүрээд аяны сүүлээ хурайллаа. Хамгийн анхны шашин чөлөөтэй хотыг монголчууд байгуулсан нь энэ юм. Хар Хорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж. Хубилай хааны үед барин дуусгасан гэдэг.

Номны хуудаснаас олонтаа уншсан Хархорум хотын музейгээс илүүтэй ихийг мэдэж авлаа. Энэхүү  аялалд яваад жаахан ядарсан хэдий ч олз ихтэй, сайхан байлаа.

 

Зохиогч: Г.Түгээмэл
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл