
Хашаан дотор нь идшиндээ цадсан хэдэн үхэр ийш тийш дуртай дургүй харан хивж байгаа нь харагдана. Энэ бол Алдарт сумын Шаргатай багийн Хуа Чэнлинийх болно.
Хуа Чэнлинь тавь гаруй насны нар салхинд бөхшсөн хөрслөг бор хүн байлаа. Хориод жилийн өмнөөс түүний гэргий нь унадаг өвчин тусаж, олон газраар эмчлүүлсэн боловч бүрэн эдгэрсэнгүй. Энэ нь амьдралын нөхцөл ядуу айлд маш их дарамт учруулжээ. Гэвч сүүлийн жилүүдэд хөдөө тосгоны хамтарсан эмнэлэг зэргээс ашиг хүртэж, эм эмнэлгийн зардлаа ихэнх харьцаагаар данснаас тайлагна авч болдог болсон нь тэдэнд маш их тус болсон байна. Өнгөрсөн жил ядуурлаас ангижруулах төслийн дагуу эдний 3 үнээ худалдан авч, мөн арваад хоньтой болсон байна. Баяжин чинээлэгжих итгэл зориг өгчээ. Түүгээр ч барахгүй сумын Нам, засгаас нь ядуу буурай амьдралтай айлыг анхааралдаа авч, улсын үндэстний цөөнхийн онцлог баг тосгон хэмээгдсэн Шаргатай багийн ой модыг хамгаалж, байгаль орчны бохирдолгүй байдлыг хамгаалах ажилтан болгож, жилийн 10 мянга гаруй юанийн нөхөн олговор олгодог болжээ.

Эднийх 2 га гаруй талбайтай тарианы газартай ч сүүлийн хоёр жил гангүй бол үер болж, ямар ч орлогогүй байлаа. Эхнэр нь бие муутай болохоор тэрээр гадагшаа гарч хөлсний ажил хийж чаддаггүй байна. Мөн эхнэр нь нөхрийгөө гадагшаа гарч ажиллан ядарч зүдрэхийг харан сэтгэл амаргүй байдаг. Ирэхэд нь халуун бүлээн хоолтой байна хэмээн хоол хийж байгаад зуухан дээрээ татаж унаж олон шарх сорви үлдээсэн байлаа. Энэ бүхнийг хархаар Хуа Чэнлиньд хүнд байдаг болохоор эхнэрийнхээ хажууд байхыг хичээсээр иржээ. Хуа Чэнлиний хүү нь Индэр суурингийн ахлах дунд сургуульд сурдаг. Хүүгийнхээ сурлага хичээлд нөлөөлөхөөс болгоомжилж ямар ч учир явдал тохиосон ч ярьдаггүй. Хүү минь сайн сурвал бид хоёрын сэтгэлийн дарамт хөнгөрнө гэж дотроо даатгаж л суудаг. Харин хүү нь маш ухаантай, зун өвлийн амралтаар ирэх бүрдээ гэрийн гадна, дотно ажилд тусалж, энэ тэрийг нь ойртуулан өгч, аав ээжийгээ баярлуулдаг байна.

2007 оны 07-р сарын 20-ны өдрийг Хуа Чэнлинь мартдаггүй. Учир нь энэ өдөр тэднийх шавар байшингаасаа салж, 50 кв.м талбайтай тоосгон байшинтай болсон байдаг. Тус байшингаа барихад төслийн сангаас 6000 юанийн нөхөн олговор өгч, өөрөө хэдхэн мянган юань зарцуулсан байна. Ийнхүү нам, засгаас түүнийг боломжтой бүх талаар дэмжиж байлаа. Харин энэ жил ядуурлаас ангижруулах төслийн хүрээнд ядуу хүндрэлтэй өрх бүрийн хүн нэг бүрд 6000 юанийн нөхөн олговор өгч, өөрөө 3600 юань зарцуулбал үнээ худалдаж авах боломжтой болох учир тэрээр мөн хоёр үнээ худалдан авах санаатай байгаа аж. Мөн хашаалан үржүүлэх эдийн засгийг хөгжүүлэх төслийн буянаар хашаандаа хүнсний ногоо тарихаар болсон байв.
- Би 0.06 га талбай тарихаар мэдэгдсэн. Төслийн дагуу өөрийн амьдралаа сайжруулах нь зөв зам болно. Чадлынхаа хэрээр тарих санаатай байна гэж Хуа Чэнлинь ярина.

Хашааныхаа дотуур нэлээд олон чулуу овоолон тавьсан харагдаж, учрыг нь асуувал:
- Тариалангийн ажил дууссаны дараа хашаагаа засаж шинэчлэх санаатай. Хашаа хороо эвтэйхэн байвал сэтгэл ч таатай болдог. Улс орон, нам, засгаас ингэтлээ дэмжиж байхад ядуурлаасаа ангижирч чадна гэж Хуа Чэнлинь итгэл дүүрэн ярьж байлаа.
