Эх орон
Эх орон
Хөл дор байгаа
Хөрс шорооноос эхэлнэ
Униартан харагдах
Уул тал багтана
Эх орон
Амьсгалж байгаа
Агаарын сайхнаас эхэлнэ
Одод анивчих
Огторгуй бас багтана
Эх орон
Ундарч байгаа
Усны ариунаас эхэлнэ
Голдиргоор мяралзах
Гол мөрөн багтана
Эх орон
Талдаа багшрах
Таван эрдэнээс эхэлнэ
Бордож ургуулсан
Будаа тариа багтана
Эх орон
Уран зэрэглээт
Уудам говиос эхэлнэ
Улаан номын
Ховор амьтад багтана
Эх орон
Нүргэх чимээтэй
Хүнд үйлдвэрээс эхэлнэ
Нүүгэлтэх бараатай
Галт тэрэг багтана
Эх орон
Мөнхөд шуугих
Өтгөн шугуйгаас эхэлнэ
Мөсөн хучлагатай
Өндөр оргилууд багтана
Эх орон
Багачууд бидний
Баяр жаргалаас эхэлнэ
Өдөржин наадах
Өрсөн тоглоом багтана
МЗЭ -ийн шагналт Хүүхдийн зохиолч Н.Одонхүү 2016 он
"Эмтэй бороо" шүлгийн номноос
