solongonews
Англи хэлнээс монгол хэлэнд орчуулсан “Өвгөн ба далай” тууж хэвлэгдлээ
2017-05-23 11:53
АНУ-ын уран зохиолч Эрнест Хемингуэйн Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн тууж “Өвгөн ба далай” нь дэлхийн олон хэлэнд орчуулагдан хэвлэгдэж, уншигч түмний таашаалыг олсоор иржээ.

Гэсэн хэдий ч Хятадын монгол үндэстний уншигчдын өнгөрсөнд уншиж байсан текст нь англи хэлнээс шууд орчуулсан биш, харин бусад хэлнээс дам орчуулсан текстүүд байлаа. Бээжин Их Сургуулийн профессор Дулааны англи хэлнээс шууд монгол хэлэнд орчуулсан “Өвгөн ба далай” туужийг Өвөр Монголын Багачууд хүүхдийн хэвлэлийн хорооноос хэвлэж, монгол уншигчдынхаа гэгээн мэлмийд хүргэж байна.

“Утас гарын алгыг гал гартал өрөмдөн гадагш сумдан гүйж байлаа…”, “Загас уяа тойрон эргэх…”, “өвгөн би сүүдрээсээ өөр ханьгүй гэхэд загас ч сүүлээсээ өөр нөхөргүй дээ…”, “тэнгисийн мандал уул шиг овойн өргөгдөж…”, “ус хагаран ярагдах нүсэр битүү дуун болон… ус цалгих хүнд шуугиан…” гэх зэрэг монгол сайхан хэллэгүүд нь уул бүтээлийн үзэл санааг уран илтгэж чадсан бөгөөд Хемингуэйн зохилын авсаар хэл хэллэгийн хэв намбыг тэр ёсоор нь илрүүлж чадсан байна. Энэ нь тус туужийн англи хэлнээс нь шууд монгол хэлэнд орчуулсны жинхэнэ үнэ өртөг болж байгаа аж. Монгол хэлний үгсийн сангийн баян нөөцтэй гэдгийг уг орчуулгаас та бүхэн олж харах болно.

Профессор Дулаан 2013 оны эхээр “Өвгөн ба далай” (The Old Bgy and the Sea) туужийг англи хэлнээс шууд монгол хэлэнд орчуулсан бөгөөд тухайн жилийн “Үндэстний утга зохиол” сэтгүүлийн монгол хэвлэлийн 4,5 дугаар хугацаанд үргэлжлэн нийтэлсэн бөгөөд тун удалгүй “Дэлхийн утга зохиол” ч шилжүүлэн нийтэлсэн байна. “Үндэстний утга зохиол” сэтгүүл бусад үндэстний цөөнхийн орчуулагчдын бусад үндэстний цөөнхийн хэлэнд орчуулсан “Өвгөн ба далай” болон Профессор Дулааны монгол текстийг хамтад нь нийтэлснээр асар их нөлөө үзүүлсэн болно. Монгол “Далай ба өвгөн” нь дэлхийн сонгодог зохиолыг шууд эх хэлнээс нь эх хэл уруу орчуулахад жишээ үзүүлсэн явдал болж “Үндэстний утга зохиол”-ын оны шагналыг хүртсэн байна.

Үүнээс өмнө орчуулагч Ү Лаогийн хятад хэвлэлийг монгол хэл дээр орчуулсан хэвлэл, Монгол Улсын С.Сандагдоржийн Орос хэлнээс дам орчуулсан кирил үсгийн хэвлэлийг дахин уйгаржин монгол бичигт хөрвүүлсэн хэвлэл, Монгол Улсын алдарт орчуулагч Г.Аким гуайн англи хэлнээс орчуулсан “Өвгөн, далай” зэрэг монгол хэвлэлүүд гарч байжээ.

- Орчуулга гэдэг нэг үндэстний уран зохиол болон соёлын хөгжлийн түвшинг харуулж чадах чухал стандарт юм. Ямар нэгэн үндэстэн дэлхийн соёлын тэргүүний эгнээд явахын тулд заавал бусад үндэстний шилдэг соёлыг суралцахын зэрэгцээ өөрийн үндэстнийхээ шилдэг соёлыг дэлхий дахинд таниулах ёстой. Энэ явцад орчуулга шаардах мөртөө сайн орчуулга шаардана гэж Профессор Дулаан өөрийн бодлоо хуваалцав.

Холбоос:

Эрнест Миллер Хемингуэй:  (Ernest Miller Hemingway, 1899 оны 6 дугаар сарын 22-1961 оны 7 дугаар сарын 2) Америкийн зохиолч, сэтгүүлч. 1954 онд “Өвгөн тэнгис хоёр” туужаараа Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Америкийн утга зохиолыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн дайны цагийн амьдралыг хүүрнэн бичих талаараа нэрд гарсан зохиолч байв. 1926 онд «Индиан отог» нэртэй богино өгүүллэгээ бичин алдаршсан бөгөөд түүнээс хойш «Нар мандсаар байна-Фиеста» (The Sun Also Rises,1926), «Зэр Зэвсэг минь баяртай» (A Farewell to Arms,1929), «Килиманжаро уулын цас»(The Snows of Kilimanjaro,1933) зэрэг алдартай бүтээлүүдээ туурвисан билээ.

Тууж “Өвгөн ба далай”-д хувь заяагаа өөрчилж чадахгүй ч гэсэн хугарахаас биш нугарахгүй зориг ухаанаараа дэлхийн сонгодог бүтээл болж хэдэн үеийн хүмүүст нөлөөлсөн байна.

Дулаан (Чэнь Ганлүн): Бээжин Их Сургуулийн профессор, докторын багш. ӨМӨЗО-ны Зарууд хошууны уугуул. 1987 онд Төвийн Үндэстний Их Сургуулийн түүхийн мэргэжлээр оюутан болжээ. 1997 онд Бээжингийн Багшийн Их Сургуульд доктор цол хамгаалан Бээжин Их Сургуульд багшийн ажлын гараагаа эхлүүлжээ. “Монгол аман зохиолын харьцуулсан судлал”, “Мангасын үлгэрийн судлал”, “ Шилийн галзуу баатар”, “Сүүтэй цай ба кофе” , “Дорно дахины аман зохиолын тойм” зэрэг гуч гаруй эрдэм шинжилгээний ном бичиг хэвлүүлж, дотоод гадаадад 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг нийтэлсэн байна. “Монгол хүн”, “Нойтон сар”, “Шар нүдэн хүүхэн” зэрэг яруу найргийн түүвэртэй бөгөөд “Монгол хүн” бүтээл нь Монгол Улсын сурах бичигт сонгогдон орсон аж. Сүүлийн үед тэрээр хүүхдийн яруу найрагт анхаарал хандуулан, Монгол Улсын алдарт хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн хамт “Монгол Улсын хүүхдийн шүлгийн сонгомол”-ыг сонгон найруулж хэвлүүлсэн бөгөөд өөрийн туурвисан шүлгүүдээ түүвэрлэж “Чандмань эрдэнийн даага” нэрээр хэвлүүлсэн байна. 

 

Зургийг профессор Дулааны Blog-оос авав.  

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : m.hulug.mgyxw.net, Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл