Хятад улсын ихэнх ард иргэд амарч буй энэ үеэр, олон салбарын хөдөлмөрчид ажлын байраа сахиж, шаргуу хөдөлмөрөөр сайн сайхан хүчин чармайлт гаргаж байна.
Хуан Шяньбө бол Гуандун мужийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн технологийн ахлах ажилтан юм. Тус компанид ажилласан 20 гаруй жилийн турш, тэрээр инновацыг эрхэмлэж, багаа удирдан технологийн олон хүнд асуудлыг шийдвэрлэн, Хятадын материалын салбар дахь технологийн 10 гаруй бэрхшээлтэй асуудлыг зохицуулж, Хятадын сансар судлал, том оврын нисэх онгоц зэрэг технологийн салбар дахь техникийн хөгжлийг ахиулсан байна. Тэрээр: Би судалгааны ажилдаа их дуртай хэмээн ярьж байлаа.
"Лабораторид сууж, технологийн судалгааны ажил хийхдээ би их дуртай. Практикийн явцад их мэдлэг хуримтлуулна. Би залуу хүмүүстэй хамт ажиллах дуртай. Ажлын явцад технологид олон залуус түргэн мэргэшдэг. Мөн тэд судалгааны олон үр дүн гаргаж, тасралтгүй шинчлэл хийхийг хүсэж байна. Ингэж байж манай аж ахуйн нэгж урт хугацаагаар тогтвортой ажиллан, шинэ хөдөлгөх хүчээ тасралтгүй нэмэрлэх болно. "
Хонконг, Жүхай, Макаогийн гүүр бол Линдин тэнгисийг сундалж Хонконг, Жүхай, Макаог холбодог билээ. Линдин тэнгис бол улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай амьтан болох Хятадын далайн цагаан гахай ихтэй газар юм. Их Британид суралцаж байхдаа далайн цагаан гахайг анхааран судалж байсан хатагтай Вэнь Хуа эх орондоо ирснийхээ дараа Хонконг, Жүхай, Макаогийн гүүрийн удирдлагын газрын аюулгүй байдал, байгаль орчны хамгаалалтын хэлтсийн инженерээр ажилласан юм. Хамгаалалтын дүрэм журам боловсруулж, далайн цагаан гахайн амьдрах орчинг хамгаалах нь түүний гол ажил юм.
"Бяцхан далайн гахай саарал өнгөтэй, өсөхөөрөө саарал толботой болдог. Цулгуй цагаан харагдана гэдэг нэлээд том болсны шинж. Энэ гүүрийг тавьсан олон жилийн турш далай тэнгисийн орчин бохирдсон осол огт гараагүй. Бид ингэж л хамгаалахыг хичээсэн юм. Байгаль орчныг хамгаалах ажлаа бид улам сайн хийхийг хүсэж байна. ”
5-р сарын 1-ний Олон улсын хөдөлмөрчдийн баярын гурав хоногийн амралтаар Хятадын баруун өмнөд нутгийн Түвдийн өөртөө засах оронд олон жуулчид аялж, зам тээврийн ачаалал ихтэй байлаа. Лхас хотод 35 жил ажилласан замын цагдаа Паху замын уулзарт жижүүрлэж байхад нь очиж ярилцсан юм. Одоо түүний ярихыг сонсоно уу:
"Жил бүрийн хөдөлмөрчдийн баярын амралтаар би зам дээр ажиллаж, замын хөдөлгөөн зохицуулдаг. Иргэдийн амар тайван зорчихыг баталгаажуулах нь бидний үүрэг юм. Би өдөржин зогсоод ядардаг боловч сэтгэлдээ баяртай байдаг. Энэ бүхэн үнэ цэнэтэй зүйл гэж боддог. ”
Хятадын умард нутгийн боомт хот Тяньжиньд, барилгын ажилчид хөдөлмөрийн ур чадвараар уралдаж, баяраа тэмдэглэв. Энэ удаагийн хөдөлмөрийн ур чадварын уралдаанд оролцсон барилгын ажилчин Ли Пэйзи хэлэхдээ:
"Одоо ч гэсэн бид 'их гүрний уран дархан' хэмээх үзэл санаа, сэтгэлгээг тээж явж байна. Энэ нь өөрийгөө эрэлхэгээр зориулах үзэл санаа юм. Иймэрхүү үзэл санааг бид үйлдвэрлэл, амьдралдаа хэрэгжүүлэх ёстой" гэжээ.
5-р сарын 1-нд, Хятадын Үндэсний үйлдвэрчний ерөнхий эвлэл, Хятадын Төв радио телевизээс хамтран бэлтгэсэн "5.1"-ний Олон улсын хөдөлмөрчдийн баярын сэтгэлийн гүүр "Хятадын мөрөөдөл•Хөдөлмөр сайхан-2018" тусгай нэврүүлгийг олон радио телевизээр нэгэн зэрэг цацсан байна.
