solongonews
Дундад Монголын найрамдлын элч
2014-12-08 16:01
н.Баатар гуай Монгол, Дундадын найрамдлын нийгэмлэгт ажиллаад гуч гаруй жил болсон гэнэ.

“Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг. Эрт дээр үеэс өдгөөг хүртэл Дундад, Монгол хоёр улс хамгийн ойр хөрш байж, соёл, эдийн засаг гээд аль ч талаар салж болшгүй нөхөрсөг харилцаа байгуулжээ. Хоёр орон 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөдөр даруй 65 жилийн ой тохиож байна.

Энэ 65 жилийн туршид хоёр орны харилцаанд хэдийгээр багагүй хүндрэл бэрхшээл учирсан боловч найрсаг хөршийн харилцаа нь гол шугам болсоор ирсэн юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц амжилтад хүрлээ. Хоёр орны найрсаг харилцаа, найрамдалт хамтын ажиллагааны гүүрийг тавихад өөрийн өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулж яваа хүний нэг бол Монгол Улсын Архангай аймгийн Дундад, Монголын найрамдлын нийгэмлэгийн захирал.н.Баатар юм.

н.Баатар гуай Монгол, Дундадын найрамдлын нийгэмлэгт ажиллаад гуч гаруй жил болсон гэнэ. Гучин жил гэдэг тийм ч бага хугацаа биш л дээ, би түүнийг сэтгэлдээ сэмхэн биширч амжлаа. “Би энэ ажлыг 30 жил ер тасалдалгүй хийсээр өнөөг хүрсэн.”

 Монгол Улсад бол Монгол, Дундадын найрамдлын нийгэмлэг төрийн бус байгууллага гэнэ. Тэгэхээр н.Баатар гуай сайн дураараа энэхүү найрамдлын ажлыг 30 жил хийсэн гэхэд үнэхээр итгэж ядмаар. “Зөвхөн Монгол, Дундад хоёр улсын ард түмний хооронд найрамдлын гүүр тавьж, Архангай аймгийнхан, Монгол Улсын ард иргэд болон хоёр улсын иргэд хоорондын ойлголцлыг харилцан илүү таниулахын төлөө юм” гэсэн түүний үг надад онцгой санагдсан юм.

“-Найрамдлын ажилд оролцож явсан эдгээр жилүүдэд надад хэдийгээр олон арван хүндрэл бэрхшээл тулгарч байсан ч ихэнх хугацааг би маш сэтгэл хангалуун, баяр баясгалантай өнгөрүүлсэн” гэж тэр баяртайгаар ярьж байлаа.

2014 он түүний хувьд маш ачаалалтай байсан боловч хамгийн баяртай, сэтгэл хангалуун нэг жил болсон гэнэ. Энэ тухай тэрээр: -2014 он бол Дундад, Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жил, найрсаг хамтын ажиллагааны гэрээ шинэчлэн байгуулсны 20 жилийн ой, Дундад, Монголын найрсаг харилцааны жил тохиож буй хоёр орны харилцаан дахь түүхэн цаг үе тохиож байна. Мөн ӨМӨЗО болон Архангай аймаг хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулсан бас нэгэн том түүхэн жил болж байгаа юм. Энэ онд ӨМӨЗО-ны Суртал ухуулах хэлтсийн гадаад сурталчилгааны алба болон Архангай аймгийн засаг даргын тамгын газрын хооронд хамтын ажиллагааны протокол үзэглэв. Энэ бол Өвөр Монголтой манай Архангай аймгийн байгуулсан том чухал хамтралцаа юм. Мөн бидний олон жил хөөцөлдөж бүтээсэн ажил. Энэ онд эдгээр ажил үр дүнтэй, өгөөж ихтэй болсонд Архангай аймгийн ард иргэд бид маш их баяртай байна. Миний найрамдлын ажил ч их сайхан үр дүнтэй болсон” гэж тэр ярьж байлаа.

Зургийн юм шиг сайхан байгальтай үзэсгэлэнт Архангай аймагт төрж өссөн тэрээр аймгийнхаа хөгжил дэвшилд өөрийн өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулахаар өдөр шөнийн ээлжинд хичээнгүйлэн ажиллана. Түүний хийж байгаа найрамдлын ажил Архангай аймгаа гадагшаа сурталчлахад их тус нэмэр болсон байна. “Бид Өвөр Монголын гурван аймаг, есөн хотоос нэг аймаг хоттой хамтран ажиллах хүсэлтэй байсан. Хоёр талын засгийн газрын холбогдох байгууллагуудын зөвшөөрлөөр манай Архангай аймаг Өвөр Монголын Улаанхад хоттой найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулаад одоо хамтарч ажиллаж байна. Энэ оны гуравдугаар сард Архангай аймгийн засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид Улаанхад хотод албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Улаанхад хот-Архангай аймаг хоорондын найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Мөн энэ оны долоодугаар сарын эцсээр Улаанхад хотын ардын засгийн гарын дарга Б.Мандаа тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт айлчилж, Архангай аймгийн ард түмэн, байгаль, үйлдвэр, аж ахуйтай танилцсан юм. Үүнд бид их баярласан, маш богино хугацаанд хоёр орон хоорондоо харилцан айлчлал хийж, харилцан танилцаж, ойлголцон итгэлцэж гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаа байгуулна гэдэг үнэхээр чухал үр дүнтэй үйл ажиллагаа гэж бид үнэлж байна.”гэж ярьлаа.

Энэ оны наймдугаар сард Улаанхад хотын жилд нэг удаа зохиогддог урлагийн наадам, Хун Шань соёлын наадам болов. Наадмын үеэр Архангай аймгийн хөгжмийн театрын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанхадад очиж, Улаанхадын иргэдэд урлагийн тоглолтоороо бэлэг барин мэндчилгээ хүргэсэн байна. Мөн Улаанхадынхан Монголын жүжигчдийн тоглолтыг халуун дотно хүлээн авч, сэтгэгдэл маш өндөр байлаа. Мөн энэ оны наймдугаар сард зохиогдсон ӨМӨЗО-ны соёлын өдрүүд анх удаа Архангай аймагт зохиогдож байгаа нь юм. Ийнхүү Өвөр Монгол, Архангай аймгийн хоорондын найрамдал, хамтын ажиллагаа үр өгөөжтэй баялаг сайхан болж байна.

Эдгээр олон томоохон чухал арга хэмжээнүүдийг зохицуулан, алжаал ядралаа таягдан, ажил үйлсийн амжилтаараа гялалзаж яваа н.Баатар гуайн урам зоригтой өөдрөг байдал биднийг яахын аргагүй бишрүүлж байлаа. Өөдрөг, урам зоригтой, цайлган сэтгэлтэй түүний ажил амжилттай, ээлтэй сайхан болж байгааг ярианаас нь хүртэл төвөггүй ойлгож болно.

-Дундад, Монголын найрамдлын ажиллагааг хийгээд би одоо 30 гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ ажилдаа би их дуртай. Миний найрамдлын ажиллагаа их сайхан буянтай, өгөөжтэй, ээлтэй, ард түмэнд тустай, утга учиртай ажил гэж би боддог. Ажлын 30 жилийн хугацаанд би Дундад улсын олон сайхан хүмүүстэй уулзаж танилцан хамтарч ажилласан. Мөн олон зүйлийг сурч эзэмшин найрамдлын ажиллагаандаа хэрэгжүүлсэн. Дундад, Монгол хоёр орны ард түмний буянаар миний ажил их сайн үр дүнтэй өгөөж ихтэй байгаад би баярлаж явдаг.

Та нар өөрийн хийж байгаа ажилдаа хайртай юу? Маш олон хүмүүс ажлынхаа талаар тааламжгүй эсвэл бүтэлгүй ажил мэтээр хардаг бол н.Баатар гуай харин найрамдлын ажлаа хийх тусам хайртай дуртай болж буй нь гайхалтай. Нэг ажлыг он удаан жил хийж, хийх тутмаа ажилдаа улам дурлаж, улам амжилттай ажилладаг хүн  цөөн байдаг байж магад. Тэрээр эргэцүүлэхдээ:

-Өдөр хоног өнгөрөх нь урсах усан мэт хурдан. Гучин жилийн турш би Дундад, Монголын найрамдлын ажил хийдэг хүмүүс, бусад салбарын хүмүүстэй ойр танилцан нөхөрлөж, маш олон найзтай болсон. Мөн Дундад, Монгол хоёр орны харилцаа хамтын ажиллагааны өөрчлөлтийг харсаар өнөөг хүрсэн билээ. Харин Дундад, Монголын харилцаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Энэ ажлыг цаашид бас олон жил хийх хүсэлтэй байна. Би Дундад, Монголын ард түмний найрамдлын хөгжилд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулахыг хичээж ажилладаг. Мөн өөрийн ажиллаж амьдарч байгаа нутаг, Архангай аймгийн ард түмэнд найрамдлын үр шимийг хүртээе, хоёр улсын ард түмний хооронд гүүр болъё, тус болъё гэсэн сэтгэлээр ажиллаж буйгаа би маш азтайд бодож явдаг.

Гол мөрөнд гүүр хэрэгтэй бол улс орнууд хоорондоо харилцаа холбоо байгуулахад мөн гүүр холбоос хэрэгтэй нь дамжиггүй. Харин энэ гүүр холбоосыг тавихад н.Баатар шиг хариуцлагатай, шаргуу, урам зоригтой өөдрөг хүн зайлшгүй хэрэгтэй.

Найрамдлын ажлаар Дундад улсын олон муж хотуудаар зочилж байсан тэрээр Дундадын хүмүүсээр бахархаж явдаг юм байна. н.Баатар: -Миний бодлоор Дундадын хүмүүс маш ажилсаг хөдөлмөрч, “За гэвэл заавал биелүүлдэг” сайхан зантай” гэж ярьж байлаа. Тэр Дундадын бүх муж хотоор очиж, 56 үндэстэнтэй нь уулзахыг хүсдэг гэнэ. Ингээд эрхэм таны үйлс бүтээл монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч,  юу санасан есөн цагаан хүсэл тань биелэн, буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөл өргөн дэвшүүлье.

 

Зохиогч: Шинэцэцэг, Хавар
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл