Есдүгээр сарын 4-5-нд БНХАУ-ын зүүн нутгийн Жэ Жян мужийн төв Хан Жөү хотод “Их-20” бүлгийн удирдагчдын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ жил "Их 20"-ийн бүлгийг даргалагч орон Хятад энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол сэдвийг "Шинэ бүтээмж, амьжиргааны хүч, уялдаа холбоо, багтаамжтай дэлхийн эдийн засгийг цогцлон бүтээе" гэж тогтоожээ. Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа энэ үед БНХАУ дэлхийн эдийн засагт шинэ арга замуудыг нээхийг эрэлхийлж байна.
"Их 20”-ийн бүлэг нь дэлхийн эдийн засгийн болон санхүүгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг форум юм. Уг бүлэг нь дэлхийн ДНБ-ий 85 орчим хувь нь ногддог хөгжингүй болон хөгжиж буй эдийн засгуудыг нэгтгэдэг. 2015 онд “Их 20”-ийг Турк даргалж байсан бол 2016 онд энэхүү үүргийг БНХАУ гүйцэтгэж байгаа юм.
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэгүүд “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад онцгой анхаарал хандуулж байна. Тус уулзалт олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэж найдаж буй талаар "Синьхуа" мэдээллээ.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар удирдагчид дэлхийн банк санхүүгийн системийн өөрчлөлтийг үргэлжлэн ахиулж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулна хэмээн барууны шинжээчид найдаж байгаа аж.
