solongonews
Гурван “дүр”-ээр тоглодог Нарандалай
2016-07-21 11:34
Нарандалайн багын нэрийг “Барцай” гэдэг. Үеийнхэн нь түүний суугаа хорооллыг ч “Барцайн хороолол” гэмээн хэмээдэг. Нарандалай амьдралдаа гурван “Дүр”-д тоглодог. Цовоо бандийн гишүүн, малчин хөтлөгч, нөгөө нь хошин урлагийн дүр.

“Цовоо банди”-ийн “Барцай”

Барцай гэвэл Баруун хошууны хүмүүс бүгд мэднэ. Мэдээд зогсохгүй бас зарим нь суудаг хорооллыг нь хүртэл “Барцайн хороолол” хэмээн нэрлэдэг.

Нарандалай хошууныхаа Улаанмөчирт 6 жил ажилласан түүхтэй бөгөөд өнгөрсөн жил Улаанмөчирөөс гарч, хөдөө гэртээ буцаж,  малчин заяа түшжээ. Харин Улаанмөчирт байхдаа олон тоглолтод оролцож байсан бөгөөд “Цовоо банди” хошин урлагийн хамтлагийн гишүүн байжээ. Нарандалай: “Саяхан Хөххотод очиж анхны хошин урлагийн наадамд хамтлагаараа оролцон“ гэлээ. Түүний хамтлаг саяхан байгуулагдсан ч хамтарч тоглоод харин хэдэн жилийн нүүр үзжээ. Дөрвөн гишүүнтэй, бүгд эрчүүл болохоор “Цовоо банди” хэмээх нэр өгсөн байна.

— Манай хамтлаг дөрвөн гишүүнтэй. Нарандалайгаас бусад нь Улаанмөчирт жүжигчнээр ажиллаж байгаа. Бид ажлын чөлөө заваараа уран бүтээлээ хийдэг. Энэ бол бидний шинэ бүтээл гэж хамтлагийн ахлагч Отгонбаатар ярив.

Тэдний тоглосон хошин жүжиг, дүрс бичлэг, кино олон байдаг байна. Эмэгтэй жүжигчингүй учир хааяа тулгамдах учир гарна. Кино, хошин шог тоглох үед хэрвээ эмэгтэй дүр гарахад өөр хүнийг тоглуулах буюу өөрөө эвлүүлнэ.

Хийсэн бүтээсэн зүйлдээ өөрөө баярлаж, хүн ардынхаа сэтгэлд өчүүхэн ч гэсэн инээд бэлэглэнэ хэмээн хэдэн залуус маань чөлөө заваараа олон бүтээл амжуулсныг уншигч та юун андах билээ. Харин энэ жилээс хамтлагийн гишүүд өөрийн бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байгааг дамжуулахад таатай байна. “Цовоо банди”-ийн “Барцай” цоглог дүрээр та бүхэнтэй золгоно.

Малчин хөтлөгч “Барцай”

Хязгааргүй үргэлжлэх элсэн далай жаргах нарны туяанд шаргалтан нэлийж, үүх түүхийн үнэн бүхнийг элгэндээ багтааж чадсан хэдий ч агуу ихийн өмнө агуу ихээ нуусан мэт омгоо дарах нь эчнээ далд.

Нарандалай энэ нутгийн уугуул, хар багаасаа цэрэгт явах мөрөөдөлдөө хөтлөгдөж, дунд ангиа дүүргээд Шиньжянд 3 жилийн цэргийн алба хаав.

— Багадаа нутгийн ах нар цэргээс ирэхэд их л шохоорхдог. Харин анх очоод өөрөөсөө их зовсон. Гэр нутгаа сана, дасгал их хэцүү. Гэхдээ монгол хүний бие сайн, хал зовлон бүхнийг туулж чадсан гэж Нарандалай өгүүлнэ.

Түүнээс хойш Нарандалай хоолны газар зөөгч, харь газар хар ажил, жуулчны баазад дуучнаар ажиллаж байжээ. 2000 оны үед хар ажил хийж байсан ч Нарандалай сард 900 юанийн цалинтай байсан гэж ярив. Дараа нь хошууныхаа Улаанмөчирт 6 жил ажиллажээ.

- 2013 онд ахынхаа санал болгосноор анх удаа хүүхдийн өрлөгний найранд хөтлөгч хийсэн нь түүний амьдралд бас нэгэн “дүр” болсон юм. Түүнээс хойш нутгийнхан дандаа түүнийг хөтлөгчөөр урьдаг болов. Өнгөрсөн жил Улаанмөчирийн ажлаа хаяж хөдөө нутагтаа харьж айл өрх босгосон ч хошуу аймгийн хөтлөгчийн ажил тасрахгүй байлаа.

Унасан нутаг, уусан усаа хайрлан дээдэлж, удам судрын малчин заяагаа хаяж төвдөхгүй, хаяж ч болохгүй хатуу зоригтой хэрнээ хот хөдөөгийн хооронд мөн л амжуулж л байгаа нь түүний амьдрал ч юм уу. “Хөдөө гэртээ мал ахуйтайгаа байх сайхан, нутгаа сахиж л байвал заяа хазайна гэж байхгүй. Тэр бол бидний үеийн үед эрхэмлэн дээдлэх үнэт өв мөн” гэж Нарандалай бодно.

Алшаа баруун хошууны Бадайнжаран суурингийн ард байрлах элсэн толгойн оройд Нарандалай бид хэдүүл намхан тэнгэрийн доор үлгэр түүх хүүрнэсэн мэт үдшийн харанхуйд хөөрөлдөн сууж билээ. Энэ дэлхийд элс ус хоёр шиг эмзэг зүйл хаа байхав, элс ус хоёрт өгсөн эр хүний сэтгэлээс илүү эмзэг зүйлийг нэн юун хэлэх билээ. Малчин хөтлөгч “Барцай” бидэнд энэ түүхийг хүүрнэж байна.

Вичат группийн “Барцай”

Би Нарандалайг анх вичат группээс харж байсан юм. Гэтэл уулзаж учирсан Нарандалай миний бодол дахь Нарандалайгаас өөр, энэ нь миний үзэг хөдөлгөж бичих болсны нэгэн шалтгаан гэлтэй.

Вичат групп гэдэг хэдэн зуун хүнтэй багийнхан хэдхэн цагийн дотор л зөв буруу бүх мэдээллийг дэлхийд цацаж чадах тийм хүчтэй бөгөөд аймшигтай зүйл. Нарандалайгийн бичлэг харин хаа сайгүй харагдана.

Нарандалай Алшаа нутгийн дууг мөр холбон ая алдалгүйгээр нэлээд хэдэн бадаг өлгөж дуулдаг. Нутаг нутгийн аялгууг нутгийнхан хүнээсс илүү дуурайж ярьдаг. Хурим найр хөтлөхөөр илүү хөгжөөнтэй байдаг. Кино дүрд сэтгэлээ өгч тоглодог. Малчин заяа түшиж амьдралаа өөд нь татдаг.  Монгол соёлоо дээдэлж хааяа зүрх шимшрэн зовдог.

Бидний ярилцлага маш хялбар болсон ч Нарандалай буюу “Барцай”-д та бидний вичатаас харснаас өөр эр хүний эмзэг сэтгэл, өөдөө тэмүүлсэн үйлс, бодол, амьдралд үл сөхрөх зориг, алсын мөрөөдөлдөө хөтлөгдсөн гэнэн зан илүү байгааг таньсан маань их олзуурхал.

Амьдралдаа 3-н “дүр”-д тоглодог “Барцай” гуай удалгүй аав болох юм байна. Бас нэгэн “дүр” нэмэгдэхээр байна. 

Зохиогч: Мөнхбаяр Соёлт
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл