Гэхдээ энэ нэг жаахан амьтан надтай 24 цагийн турш байх болсноос хойш би амьдралын арга ухааны талаар ч бас олон зүйлийг ухаарсан юм. Ээж болчихсон байгаа бүх бүсгүйчүүд үүнийг уншаад надтай санал нийлэх байх.
1. АМ сайтай хүнээс ҮГ сонс
Анх жирэмсэн болсноо мэдээд л би гэдэг хүн сайн эмчийн эрэлд гарлаа. Facebook group-үүдээс хайлт хийж хүмүүсийн хамгийн ихээр бие биедээ зөвлөж байгаа хэд хэдэн эмчийн нэрсийг жагсааж хараад эхнийх дээр нь очив. Мэргэжилдээ сайн байрын боловч хатуу үгтэй, ширүүн зантай эмч шиг сонсогдоно. Дугаарлан хүлээж байгаад үзүүлтэл эмч маань намайг ЭХО-ны аппаратаараа дотуур гадуур хоёр дахин үзээд “байхгүй байна” гэдэг ганц үг хэллээ.
Өмнөх жирэмслэлтүүдийн минь түүхийг сонссоноос ч болсон уу, “энэ удаад ч бас бараг найдвар алга даа, ямартай ч шинжилгээ өгөөд ир” гэх нь тэр. Хэлсэн шинжилгээг нь өгөөд очтол “HCG ийм бага байгаа нь үнэмшилгүй байна, ер нь л өсөлтгүй болчихож гэж таамаглалаа, цус гараад эхлэхээр нь түргэн дуудаарай” гэж хэлээд гаргасан юм.
Эмчийн хэлсэн үгийг сонсоод сэтгэл санаа таагүй болсон боловч яагаад ч юм яаран итгэх хэрэггүй мэт бодогдоод ахин нэг эмч дээр очихоор шийдэв. Азаар тэр эмч маань ЭХО-ны орчин үеийн аппараттай чиг, бас ам сайтай хүн таарч намайг үзээд:
-Хүүхэд чинь зүв зүгээр байна. Зүгээр л огнооноосоо 2 долоо хоногоор зөрчихөж. Одоо бол байгаа үгүй нь мэдэгдэхгүй шахуу цэг төдий байна. Тайван байж, бүтэн хэвтрийн дэглэм сахиад 7 хоногийн дараа ахиж үзүүлээрэй хэмээсэн үгээрээ сэтгэлийг минь амраасан юм.
Үнэхээр ч хүүхэд маань жаахан “залхуу”-раад савандаа орж ирэлгүй удчихсан байснаас биш эрүүл саруул өсөн торниж байсан. Уулзсан цагаасаа л эхлээд “Гайгүй байлгүй дээ, хө” гэсэн дотор амирлуулах үгээр угтаж авсан эмчдээ одоо талархаад бардаггүй. Хэрвээ би эхний эмчийнхээ үгэнд итгээд сэтгэлээрээ буугаад өгчихсөн байсан бол одоо юу болчихсон явах байсныг хэн ч таашгүй. Өөдрөгөөр итгэн хүлээсний эцэст бүх зүйл сайнаар өнгөрч билээ.
Энэ үед л би хэн нэгний үгэнд яаран орохоосоо өмнө эхлээд түүний амны сайн, муу эсэхийг шинжиж байхад суралцсан юм. Ам муутай хүний үг үнэн байсан ч дараа дараагийн итгэл найдварыг хамтад нь үгүй хийдэг. Харин ам сайтай хүний үг худал байсан ч ирээдүйн итгэл найдварыг асаалттайгаар нь үлдээдэг юм билээ.
2. “Болох цагтаа болдог” гэдэг улиг болсон үг үнэндээ үнэн бололтой
Өмнө нь 2 удаа бүтэлгүйтэж байсан намайг “Би хэзээ ч чадахгүй бол яана аа” гэдэг айдас бүтэн жилийн турш, өдөр бүр шаналгаж байсан. Жижиг сажиг өвчнүүддээ эмчилгээ ч хийлгэж, дархлаагаа ч сайжруулж, биеэ эмнэсэн ч цээжин дотроос миний гутранги дуу хоолой “ингэлээ гээд ч үр дүнд хүрч чадаагүй хүмүүс бий шүү дээ” хэмээн хэлдэг байсан юм. 1 удаагийн явдлыг азгүйтэлд тооцоод өнгөрч болох ч, хоёрын 2 удаагийнх учраас өөртөө итгэх итгэл маань үнэхээр ихэд унтарсан байжээ.
Тиймээс л ямартай ч бүрэн эдгэтлээ жирэмслэхгүй байхаар төлөвлөж хуанли хөтлөх аргыг яс баримталж байсан ч “сарын мөчлөгийн минь азтай алдагдал”-ын завсраар ирэх л гэж ирсэн үр маань ороод ирчихсэн байсан юм даа. Өмнө нь өөртөө тийм итгэл муутай байсан би одоо цондойсон гэдсээ дааж ядан яваагийнхаа учир шалтгааныг “зөв цаг нь ирээд л болж дээ” гэхээс өөрөөр яаж бодохоо мэддэггүй юм.
3. Хүний зүрх нь түрүүлж “цохилдог”
Хэнээс ч илүү хурдан хурдан цохилох үрийнхээ бяцхан мөртлөө хүчтэй зүрхийг анх эмчийн өрөөнд олж сонсоод хэмжээлшгүй их баярлахын хажуугаар тэр дотор ямар нэгэн надаас үл хамаарах ид шид, гайхамшиг өрнөөд байгаа юм шиг л итгэхийн аргагүй санагдаж байсан. Энэ мэдрэмжийг ээж болгон мэдэх байх. Эмнэлгээс гараад гэр лүүгээ харих зуур толгойд минь ийм нэгэн бодол орж ирснийг сайн санаж байна: “Хүний зүрх сэтгэл нь түрүүлж бий болдог юм байна ш дээ”
Өөр ямар ч эд эрхтэн үүсээгүй байхад тэдгээрээс урьтан зүрх бий болж, бусад эд эрхтнүүддээ амь бөгөөд амьдрал авчран цохилж эхэлдэг юмсанж. Зүрх сэтгэл маань л биднийг хүн болгож, бидэнд амьдрал бэлэглэдэг гэлцдэгийн учир магадгүй энэ юм шиг санагдсан. Шинжлэх ухаанч реалист үзлээр хандвал энэ бүхэн жам ёсны, биологийн хэвийн үзэгдэл юм шиг харагдаж болно л доо. Гэхдээ эхлээд тархи ч үүсэж болох л байсан шүү дээ...
4. Хүн гэдсэнд байхаасаа л “амьдралын төлөө тэмцэж” эхэлдэг
Жирэмсний эхний хоёр сард би өөрийнхөө “байж байгаа царайг” их л голдог байлаа. Хааяа би төрөө ч үгүй байгаа нялх үрээсээ ч долоон дор, арчаагүй амьтан юм шиг санагддаг байв.
Битгий шоолоорой, үнэхээр би тавьсан зорилгынхоо араас хичээх байтугай өдөржингөө ноцолдоод ганцхан өчүүхэн ажлын ч ард гарч чадахгүй, аяга шанагаа овоолж тавилгуудаа тоосонд даруулчихсан сэгсгэр эмэгтэйн дүрээр 60 хоног явсан юм. Гэтэл хажууд нь миний “оролцоогүйгээр” өөрөө мундаг гэгч нь өсөн торниж байгаа үр маань надаас хавьгүй илүү юм шиг бодогдож бахархах сэтгэл төрдөг байлаа. Ганц муу хордлогонд дарлуулаад юм идэж чадахгүй хэвтэж байхад минь ч, хүүхэд маань хаанаасаа ч юм, яаж ийгээд юм идээд, өөрийгөө “болгоод”, өсөөд байсан юм чинь.
Гэдсэнд байхаасаа л хоолоо өөрөө олж идэж, олон удаагийн тонус, ханиад, уур бухимдал, ааш зангийн хувирал, өлсгөлөн өдрүүдийг ч тэсэн гарч, хорвоо луу тэгтлээ ихээр тэмүүлж байгаа хүүхэд минь надад үнэхээр тэмцэгч, дайчин санагдаж байсан.
5. Хүсэл биелдэг
Би өөрөө ч мартчихсан байсан юм. Гэтэл оны төгсгөлд энд тэндгүй бичиж хадгалсан зурвасуудаа нээж уншихаар боллоо. 2014 онд бичиж Гоолингоодоо илгээсэн ирээдүйдээ илгээх захидал, 2014 оны 2 сард найзуудаараа хийж хадгалсан цаасан одтой хайрцаг, тэмдэглэлийн дэвтэр гээд хүслээ бичиж үлдээсэн бүхэн дээрээ би хамгийн түрүүнд, ухамсаргүйгээр шахуу хүүхдийн тухай бичсэн байлаа. Эргээд санахад сормуус унах тоолонд ч жаахан охин шиг хүслээ шивнэхдээ хүүхэд л боддог, цагаан сарын дараа ном уншуулахдаа ч мөргөх тоолондоо маамуу мөрөөддөг байсан юм билээ л дээ. Тэгсэн хэрнээ би үүнийгээ биелчихнэ гэж яагаад ч юм санаагүй явсан байх юм.
Өмнө нь үргэлж ямар нэг ажлын зорилго эсвэл тавьсан зорилтоо биелээсэй гэж хүсдэг байсан бөгөөд тэдгээр нь цэвэр өөрөөс минь шалтгаалах зүйлс байсан тул биелснийх нь дараа баярлана уу гэхээс ер бусын гайхамшиг мэт санагддаггүй байлаа. Харин хүүхэдтэй болсон минь л анх удаа надад “Хүсэл биелдэг юм байна!” гэж үнэхээр бодогдуулж чадсан үйл явдал мөн.
6. Заримдаа бид өөрсдөө амьдралаа өөрчилдөг бол заримдаа амьдрал биднийг өөрчилдөг
Ихэвчлэн би өөрөө аливаад бэлдэж байгаад ордог байсан бол энэ удаад миний бэлтгэлтэй эсэхийг үл харгалзан, хүүхэд минь эрх дураараа гэгч нь амьдралыг минь өөрчилж орхисон юм даа.
7. Миний бие махбодь бол гайхамшиг
Өмнө нь миний бие өвдвөл өвдчихөөд л бусад үед нь хэвээрээ “байж л байдаг” байсан болохоор би хүч чадлыг нь мэдээгүй явжээ. Харин жирэмсэн болсон чинь судсаар минь гүйх цуснаас авахуулаад миний дотор хэдэн зуун янзын өөрчлөлт явагдаж, бие маань өөрөө өөрийгөө ээж болоход албан ёсоор бэлтгэж эхлэхийг хором мөч бүрт анзаарахаар хүний бие гэдэг итгэмээргүй гайхамшигтай юм гэдгийг мэдэрдэг юм билээ.
8. Зарим зүйлд ямар ч арга хэрэглээд нэмэргүй байдаг учраас зүгээр л өнгөртөл нь тэвчих хэрэгтэй болдог
Өөрөө л хичээж, зөв арга замыг нь ашиглах юм бол юуг ч засаж залруулж болдог хэмээн би саяхныг хүртэл итгэсээр явлаа. Тиймээс ч жирэмсний хордлого эхэлмэгц “Багасгаж болж л таараа” гээд эхэндээ үзэж тарав. Мэдээж миний хэрэглэсэн аргууд тус болсон л доо. Гэхдээ маш бага хэмжээгээр. Хордлогоо алга болгохын тулд би хоол хүнс, хөдөлгөөн, амьдралын хэв маяг гээд олон талын арга хэрэглэсэн ч хүсэн хүлээж байсан шиг минь зүв зүгээр болж байсан өдөр нэг ч үгүй. Эхэндээ “Яагаад нэмэр болохгүй байна аа?”, “Болох л ёстой доо” гэж бодогдоод туршилт хийхээ больсонгүй. Гэтэл сүүлдээ үүнийг намжаана уу л гэхээс арилгах аргагүй гэдэгтэй нь эвлэрч, өөрөө алга болтол нь тэвчээртэйгээр хүлээхээр шийдсэн юм.
Зарим зүйл үнэхээр жам ёсны, “хувь тавилангийн” шинжтэй учраас ямар ч арга хэрэглээд дорвитой нэмэр болдоггүй юм билээ. Энэ үед нь стресстэж, хамаг хүчээ баран тэмцэлгүйгээр зүгээр л нүдээ аниад өдөр хоногийг яаж ийн өнгөрүүлж байтал аяндаа зүгээр болчихдог юм байна. Ийм л дүгнэлтэнд хүрсэн юм даа.
Жич: Гэхдээ багасгах оролдлогууд хийснийхээ ачаар өдөрт 2-3 удаа идсэн ууснаа гаргаж, өдрийн аль ч цагт дотор хутгалдаж байсан ч ядаж л кг, кг-аар нь жин хасалгүй, хүүхдээ шим тэжээлээр дутаалгүй 4 сар хүргэсэн байх гэж боддог. Тиймээс үүнийг уншиж байгаа жирэмсэн ээж байвал хордлогоо ихсэхийг нь зүгээр хараад сууж, улам “дураар нь дургиулж” болохгүй шүү.
