
“Солонго” сэтгүүлийн анхны дугаар, 10, 20, 30 жилийн дугаар
Агаар тэнгэрийн “солонго”, ариун нөхөрлөлийн гүүр хэмээгдсэн “Солонго” сэтгүүлийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан. Нэг л мэдэхэд 30 жил улирчээ.
Хөрш орнуудад илүү нээлттэй байх гадаад бодлого буюу "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах санаачилгыг дурдан хэрэгжүүлснээс хойш Хятад улсын хөгжил дэлхийн хөгжилд асар ихээр нөлөөлсөөр ирсэн.
Түүнчлэн Хятадын мэдээ мэдээлэл дэлхий дахинд эрэлт хэрэгцээтэй цаг үед оржээ. Энэ цаг үед “Солонго” сэтгүүл нээлттэй цонхны нэг болон хөгжиж, Хятад, Монгол хоёр орны ард түмнийг холбосон гүүр болжээ.
1993 оны 01 дүгээр сард анхны дугаараа уншигчиддаа хүргэж байсан билээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 30 жилийн хугацаанд “Солонго” сэтгүүл Хятад улсын нийгэм, эдийн засаг, худалдаа, соёл урлаг, хүмүүнлэг зэрэг олон салбарын мэдээ мэдээлэл, зөвлөгөө зөвлөмжийг сар бүр уншигчдын гарт тогтмол хүргээд байна.
Өдөр хоног өргөн мөрний урсгал мэт өнгөрч, нэг л мэдэхэд 30 жилийг ардаа орхижээ. 30 жилийн турш “Солонго” сэтгүүл БНХАУ-ын хөгжлийн байдлыг үнэн бодитоор танилцуулсаар ирлээ.
“Солонго” Хятад, Монгол хоёр орны нөхөрлөлийн гүүр, соёлын харилцааны зууч, эдийн засаг, хамтын ажиллагааны индэр, иргэд хоорондын нөхөрсөг харилцааны элч болсоор ирсэн.
БНХАУ-ын түүх, соёл, суут хүмүүс, зан заншил, ард иргэдийн амьдрал, хоёр орны хамтын ажиллагааны амжилтыг шуурхай танилцуулснаар “Солонго” сэтгүүл Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, соёлын харилцаа, мэдээ мэдээллийн солилцооны чухал гүүр болж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, улмаар хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх, шинэ шатанд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

“Солонго” веб сайт нээлтээ хийлээ /2009 он/
“Солонго”-ын аян
“Солонго” сэтгүүл 2004 онд Монгол Улсад албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд Монгол Улсын захиалгын гол сэтгүүлийн нэг болж, дугаар бүрийн зохиол, зураг их нөлөөтэйн дээр байнгын уншигчид ч өдрөөс өдөрт олшрон, Хятадын соёлыг сонирхдог Монгол уншигчдын дотнын анд, үнэнч нөхөр болсон. “Солонго” сэтгүүлийг 2011 оноос Монгол Улсын Улаанбаатар хотноо албан ёсоор хэвлэж, дөрвөн зам шугамаар Монгол Улсын нийслэл, 21 аймагт түгээж эхэлсэн түүхтэй.
“Солонго” сэтгүүл нь агуулга, загвартаа тасралтгүй шинэчлэл хийхийн зэрэгцээ жил ирэх тусам өргөжин, нийтлэлийн сэдвийн хүрээгээ тэлсээр байна. Технологийн өндөр хөгжил, даяаршил, интернэтийн эрин зуунд сэтгүүлийн хамт олон ч уншигчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хятад улсад кирилл үсгээр “Солонго” веб сайтыг нээсэн юм.
Веб сайт нь Хятадын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдрал, түүх, соёл, зан заншлын мэдээ мэдээллийг цаг тухайд нь үнэн бодитоор Монгол Улсын уншигчдад хүргэж, Хятад болон ӨМӨЗО-ыг ойлгох гүүр болж байна.
Монгол Улсын уншигчдын сонирхолд нийцүүлэн “Солонго” веб сайтынхаа нэр нөлөөг илүү дээшлүүлэхийн тулд агуулга, загварт шинэчлэлт хийж, олон төрлийн үйлчилгээний булан нээсэн байдаг. Ийнхүү сэтгүүл, сайт нь өөр өөрийн өвөрмөц онцлогоороо уншигчдад хүрсээр байна.
“Солонго мэдээллийн төв”-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар байгуулагдав
“Солонго” сэтгүүл, “Солонго” веб сайтыг багтаасан “Солонго мэдээллийн төв” нь 2010 оны 10 дугаар сарын 20-нд албан ёсоор байгуулагдаж, “Нэг редакциас хоёр өөр бүтээл гаргах” хэлбэрээр ажиллаж эхэлсэн. “Солонго мэдээллийн төв” байгуулагдсан цагаасаа эхлэн Өвөр Монголын Өдрийн Сонины мэдээллийн эх сурвалжийн давуу талыг түшиглэн ажиллах хэлбэр, чиглэлдээ тал бүрийн өөрчлөлт шинэчлэлт хийж, сэтгүүл, сайт харилцан ажиллаж байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа 2014 онд албан ёсоор нээсэн. Төлөөлөгчийн газар байгуулснаас хойш Монгол Улсад сар бүр сэтгүүлч томилон сурвалжилга хийх, мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах, харилцаа холбооны сургалтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулсаар байна.
Ингэснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьдралын талаар бодит мэдээлэл авч, төвийн сэтгүүлчид Монгол Улсад ажиллан ур чадвараа дээшлүүлэхэд гүүр болсоор байгаа юм.
Мөн тус онд "Солонго" сонины анхны дугаарыг Монгол Улсын уншигчдад хүргэсэн бөгөөд 2023 оноос “Солонго” сонин Монгол Улсын "Өнөөдөр” сонинтой хамтран ажиллаж, Монголын уншигчдыг улам ихээр татаж, нэр нөлөөгөө нэмэгдүүлсээр байна.

“Солонго” сонины анхны дугаар
“Солонго”-ын шинэчлэл
“Солонго” сэтгүүл анхны дугаараа 1993 онд хэвлэхдээ кирилл болон босоо монгол бичгээр 64 хуудастай хэвлүүлсэн түүхтэй бөгөөд “Хятадын эдийн засаг”, “Хайрт Өвөр Монгол”, “Урлагийн индэр”, “Амьдралын зөвлөгч”, “Хятад хэл суръя” зэрэг тогтмол булантай байв. Энэ цаг мөчөөс эхлэн агуулга, загвараа байнга шинэчилсээр ирсэн. 1999 онд загвар, агуулгадаа томоохон шинэчлэлт хийж, хуудасны тоог 48 болгож, гарчгийг кирилл болон хятадаар бичих болсон. 2003 онд агуулга, загвартаа дахин шинэчлэл хийж, хуудасны тоог 64 хүртэл нэмэгдүүлэв. Үндсэн булангуудаас гадна шинээр булан нэмж, нийтлэлийн гарчиг, агуулгын товчийг хятадаар бичих болсон билээ.
2011 оны эхний дугаараас Өвөр Монголын Өдрийн Сонин эрхлэн гаргах болсноор агуулга, загварт бүх талын шинэчлэл хийж, хэвлэлийн цаас, булан зэргийг өөрчлөн 22 булантай болгож, сэтгүүлийн эх бичгийг зөвхөн хятад хэлнээс орчуулан танилцуулж байсан бол сэтгүүлч тус бүрийн эх бичиг 60 хувийг эзлэх боллоо.


Шинэчлэгдсэний дараах “Солонго” веб сайт, АРР
2014 онд Солонго веб сайт /“ѕоlоngоnеwѕ.mn”/-ыг иж бүрэн шинэчилсэн бөгөөд сайт болон сэтгүүлийн АРР, фэйсбүүк, твиттер хуудсыг нээсэн юм. Өнөөг хүртэл Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, мэдээлэл солилцох, хамтарсан сурвалжилга зохион байгуулах, сурталчлах зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллаж байна.
Сүүлийн 10 жилд дөрвөн удаагийн өөрчлөлт, шинэчлэлээр дамжуулан сэтгүүлийн агуулгын цар хүрээ өргөжин, хэв загварт томоохон өөрчлөлт хийж, өнөөдрийн цоо шинэ өнгө төрхөөр уншигчдын гарт хүрч байна.
Ийнхүү 30 хавар, намрыг туулсан сэтгүүлийн өнгө төрх, агуулга, загварыг цаг үеэ даган шинэ, залуу болсон хэмээн уншигчид маань талархан хүлээн авч байгаа билээ.

“Солонго” сэтгүүлийн зохион байгуулсан арга хэмжээнүүд
“Солонго”-ын брэнд
“Солонго” сэтгүүл дугаар бүрт шинэчлэгдэн сайжирсаар улс орноо төлөөлж чадахуйц орчин үеийн сэтгүүл болон хөгжжээ. Түүнчлэн “Солонго” нэрийн дор “Солонго” телевизийн нэвтрүүлэг, “Солонго” сайт, “Солонго” сонин гэсэн олон дүү ар араасаа төрж, улмаар “Солонго” хэмээх нэр Хятад, Монгол хоёр орны нөхөрсөг харилцаа, соёлын солилцооны нэрийн хуудас болжээ.
2008 оны 01 дүгээр сард “Солонго” сэтгүүлийн 15 жилийн ойн баярт зориулан Улаанбаатар хотноо “Солонго” сэтгүүлийн нэрэмжит “Хятадаар хэн сайн бичиж илтгэж чадах вэ?” эсээ бичлэгийн уралдаан болон “Хятадыг хэн сайн мэдэх вэ?” уралдаан, 2009 онд Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан “Солонго” сэтгүүлийн нэрэмжит 60 асуулттай уралдааныг зохион байгуулж байв.
2008 оны 12 дугаар сард Хөххотод суралцаж буй Монгол Улсын оюутан сурагчдын дунд “Солонго” сэтгүүлийн нэрэмжит уран сайхны уулзалт үдэшлэг, мөн оны 05 дугаар сард “Дэвжээ” наадмыг “Солонго” сэтгүүлийн нэрэмжит болгон тус тус зохион байгуулж байсан билээ.

“Солонго” сэтгүүлийн зохион байгуулсан арга хэмжээнүүд
2012 оны 09 дүгээр сард “Өвөр Монголын соёлын өдрүүд”-д зориулан “Солонго” сэтгүүл “Уншигчдын баяр” болон “Солонго” сэтгүүлийн зургийн үзэсгэлэн зохион байгуулсан. Жил бүр зохион байгуулагддаг “Хятад, Монголын залуучуудын солилцоо” цуврал арга хэмжээ нь тус оноос эхлэн “Солонго-Хятад, Монголын залуучуудын солилцоо” цуврал арга хэмжээ нэртэйгээр зохиогдох болсон. Энэхүү олон арга хэмжээ бидний зүгээс санаачилсан “Солонго” нэрэмжит “брэнд”-ийг бий болгов.
Сүүлийн жилүүдэд “Солонго мэдээллийн төв” нь Монгол Улсад олон арга хэмжээ зохион байгуулж байгаагаас дурдвал “Хятад дууны тэмцээн”, “Хятад хэлний илтгэлийн уралдаан”, ”Солонго шагналт зохион бичлэгийн уралдаан”, “Хятад хэлний тэмцээн”, “Солонго уншигчдын уулзалт”, “Солонго зургийн үзэсгэлэн” зэргээр сэтгүүл, уншигчдын хоорондох холбоог нягтруулж, сэтгүүлийн Монгол Улс дахь нэр нөлөөг нэмэгдүүллээ.


“Солонго” сэтгүүлийн зохион байгуулсан арга хэмжээнүүд
Мөн Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын үйл ажиллагааг олон удаа зохион байгуулснаар Монгол Улс дахь нэр нөлөөг илүү нэмэгдүүлсэн гэж болно. “Солонго мэдээллийн төв”-ийн үүсгэн байгуулсан "Солонго аялал" сурвалжилгын арга хэмжээ нь “Солонго” брэндийг уншигчдад илүү таниулсан юм.
“Солонго” брэнд нь 2011 онд ӨМӨЗО-ы Засгийн газраас зохион байгуулсан ӨМӨЗО-ы соёлыг таниулах нүүр царай “брэнд”-ээр тодорч байлаа.
“Хятад улсын хөгжлийн бодит байдалтай уялдуулж, гаднынханд шаардлагатай Хятад улсын талаарх мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэх, хэрэгцээ шаардлагад нийцүүлэх” гадаад сурталчилгааны зарчмын дагуу Өвөр Монголын Өдрийн Сонины мэдээллийн эх сурвалжийн давуу талыг үр дүнтэй түшиглэж, сэтгүүл болон сайт, сонины нэр нөлөөг тасралтгүй дээшлүүлж, Хятад, Монгол хоёр улсын ард түмний уламжлалт найрамдалт харилцааг нэмэгдүүлж, нөхөрлөлийн гүүрийг бататгаж, хоёр улсын соёл, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн солилцоонд гүүр болон ажилласаар байна.

Солонго•2018 Хятад, Монголын интернэт сүлжээний сар шинийн концерт


“Солонго” мэдээллийн төвийн зохион байгуулсан Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга
