Цахим худалдааны хууль хэрэгжиж эхлээд 5 жил болж байна. Энэ 5 жилд Хятадын цахим худалдаа асар хурдацтай хөгжиж, дэлхийд тэргүүлэх болов. Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Юйтин өчигдөр хэвлэлийн бага хуралд Хятадын цахим жижиглэн худалдааны талаар танилцуулав.
Шү Юйтин хэлэхдээ, Хятад улс 2019 оноос цахим худалдааны хууль мөрдөж эхэлсэн. Хууль хэрэгжсэнээрээ бизнесийн орчин сайжирч, цахим худалдаа Хятадын дижитал эдийн засгийн салбарт хамгийн өргөн хүрээтэй, олон салбарыг хамарсан, инновац шинэчлэл хөгжсөн салбар болж байна гэв.
2018 онд цахим худалдаа 31 их наяд 630 тэрбум юань байсан. 2022 онд 43 их наяд 830 тэрбум юань болж өссөн. Цахимаар борлуулсан бодит бараа жижиглэн худалдааны 25 хувийг эзэлж байна. Цахим худалдаа дижитал эдийн засгийн шинэ хөдөлгөх хүч болж, ялангуяа химийн аж үйлдвэр, барилгын материалын борлуулалт 100 тэрбум юань давсан B2B тавцан буй болж, энэ нь цаашлаад бэлэн хувцас, гэрийн тавилга зэрэг гуч гаруй төрлийн аж үйлдвэрийн хөгжлийг дайчилж байна. Цахим худалдааны салбарт ажиллагсад 47 сая байснаа сүүлийн 5 жилд өссөөр 70 сая болж нэмэгжээ.
Шү Юйтин цааш нь, цахим худалдааны салбарын олон улсын хамтын ажиллагаа гүнзгийрч байна. "Бүс ба Зам"-ын хүрээнд Торгоны замын цахим худалдааны түншүүд 30 орон болж өргөжлөө. Цахим худалдааны "үүлэн хичээл" сургалт 80 гаруй улсад хэрэгжин, өгөөжөө өгч байна. Хятад улс Торгоны замын цахим худалдааны жишиг бүсийг Шанхайд байгуулж, энэ салбарыг гадаадад нээлттэй байлгах, дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааны шинэ өндөрлөг бий болгов. Хятадын байгуулсан олон улсын чөлөөт худалдааны 22 хэлэлцээрийн 13 нь цахим худалдаа багтаж байна гэжээ.
Цахим худалдааны эрх зүйн тогтолцоо Хятадад улам боловсронгуй болж байна. Худалдааны яам тэргүүтэй холбогдох газрууд цахим худалдааны хуулийг үндэс суурь болгож, явж ирсэн практиктай уялдуулан цахим худалдааны төлөвлөлт, төрийн бодлого, стандартыг нэгдэлтэй зохицонгуй хөгжүүлж байна. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор "14-р таван жилийн цахим худалдааны хөгжлийн хөтөлбөр",“Цахим худалдааны аж ахуйн нэгжийн кредитийн үнэлгээний дүрэм , “Онлайн худалдааны тавцангийн удирдлага болон үйлчилгээний дүрэм”бичиг баримт баталсан гэв.
