Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын харилцаа, бизнесийн үйл ажиллагаа улам өргөжиж байгаа билээ.
Түүний нэгэн илрэл болсон “Цог” соёл зуучлалын компани Хорчин нутгийн уран бүтээлчдийн тоглолтыг 2016 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар төмөр замын дуу бүжгийн чуулгын тайзнаа толилууллаа.
Энэхүү тоглолт нь тус “Цог” соёл зуучлалын компанийн 2017 оныг угтсан цэнгүүн үдэшлэг юм.
Тоглолтонд тус Хорчин нутгийн уран бүтээлчид нутгийнхаа уул ус, зан заншлыг магтан дуулсан магтаал хайлж, хөөмийлж, ардын дуугаа дуулж, тус нутгийн охид бүсгүйчүүд ардын бүжгээ бүжиглэж сонирхуулсан сайхан цэнгүүн боллоо.
Тодруулахад, ӨМӨЗО-ны Хорчин хошуу нь Чингис хааны дүү хавт Хасарын харьят нутаг юм. Баруун талаараа Шилийн гол аймаг, хойгуураа Хөлөнбуйртай хөрш нутаг аж. Энэ нутгийн соёл нь голдуу ардын үлгэр, тууль хайлах, ардын дуу, ардын бүжгийн төрөл их хөгжсөн нутаг аж.
Ж.Дуламсүрэн
Гэрэл зургийг Ц.Ганболд













