solongonews
Ижийнхээ өвөрт дахиад нэг унтах сан...
2015-12-28 18:21
Хэчнээн хүн над шиг ээжийнхээ дэргэд дахиад нэг удаа унтахсан, энгэрийнх нь үнэрийг дахиад нэг үнэрлэхсэн гэж мөрөөддөг бол. Хэчнээн хүн эргэж буцахгүй орчлонгийн эргүүлэгт хувь тавилангийн тэнгисийн нөгөө эргээс ижийгээ дуудан залбирдаг бол. Хэчнээн хүн оддын зүг од болон мордсон ижийгээ санаж энгэрт нь дахиад ганцхан удаа тэврүүлэхсэн, дулаахан хөнжилд нь дахиад ганцхан удаа сэтгэлээ бүлээцүүлэхсэн гэж ганихардаг бол...
Оюутан болсон дүү минь манайд амьдарч хүүхдээ харахад минь тусалдаг юм. Нэгэн өдөр ээж манайд ирж, бидний хэрхэн амьдарч буйтай танилцлаа. Тэр орой зөндөө юм ярилцсан бид унтах тийшээ хандахад ээж дүүд хандан “Миний хүү, өнөө орой ээжтэйгээ хамт унтахгүй юм уу” гэж хошуу дэвсэн асуулаа. Энэ л агшигд миний цээжинд балчир жаахандаа ижийнхээ өвөрт хоргодож, халуун энгэрт нь хайр нэхэн нойрсдог байсан тэр цаг өчигдөрхөн юм шиг л санаанд буув. 
 
“Надаас ингэж асуусан ч болоосой ижий минь. Тантайгаа дахиад нэг удаа сэтгэлээ ханатал энгэрийн чинь үнэрийг үнэрлэж хонох юмсан” гэсэн бодол өөрийн эрхгүй тэрхэн хоромд ухаанд минь үерлэлээ. Надад хаяглаагүй энэхүү “гуйлт”-ыг дүү минь тоосон ч янзгүй хоосон инээмсэглээд л өнгөрөөв. 
 
Харин би сормуусныхаа цаана шүүрс алдалтаа нууж ижийтэйгээ дахиад нэг удаа хамт унтахсан, эрхлэхсэн, яг л балчир жаахан насны үе шигээ хүзүүнээс нь тэврэн гүн нойрсохсон гэж хэчнээн мөрөөдсөн гээч. Энэ нууцаа хэнд ч хэлээгүй тэр хэдхэн хоромд нялх үрс минь намайг дуудаж, өнөөх бодол минь зэрэглээ шиг замхрав. Ижийнхээ энгэрийн үнэрийг дэргэдээс нь санасаар л...
 
Хэчнээн хүн над шиг ээжийнхээ дэргэд дахиад нэг удаа унтахсан, энгэрийнх нь үнэрийг дахиад нэг үнэрлэхсэн гэж мөрөөддөг бол. Хэчнээн хүн эргэж буцахгүй орчлонгийн эргүүлэгт хувь тавилангийн тэнгисийн нөгөө эргээс ижийгээ дуудан залбирдаг бол. Хэчнээн хүн оддын зүг од болон мордсон ижийгээ санаж энгэрт нь дахиад ганцхан удаа тэврүүлэхсэн, дулаахан хөнжилд нь дахиад ганцхан удаа бүлээцэхсэн гэж ганихардаг бол...
 
Ингэж бодохоор л хүүхэд, гэр бүл, нөхөр гэсээр завгүй яваа цаг хугацааны аль нэг зааг завсрыг ашиглаж байгаад ижийдээ заавал очиж, энгэрт нь тэврүүлэх юм шүү, хайр нэвчсэн үнэрт нь “согтож” ганц шөнө ч атугай дэргэд нь унтах юм шүү гэж өөртөө шивнэлээ. 
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл