Хуралд оролцсон талууд нэгдсэн мэдэгдэл гаргаж: Олон талт худалдааны системийг бэхжүүлж, ганц талт үзэл, худалдааг ивээх үзлийг эсэргүүцнэ гэж цохон тэмдэглэжээ. ШХАБ олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмжиж, дахин нэгдсэн мэдэгдэл гаргаж буй нь энэ юм.
Энэ оны 06-р сард ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын үеэр “ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын худалдааны журмыг хялбарчлах нэгдсэн мэдэгдэл” гаргаж, ДХБ-ын тогтоолоор үндэс болгосон чөлөөт худалдааг хамгаалахын төлөө хамтдаа хичээн зүтгэхийг уриалж, талууд хоорондын худалдааг хялбарчлахаар хичээнэ гэжээ. Дөрвөн сарын дараа ШХАБ-ын ерөнхий сайд нар энэ асуудлаар дахин нэгдсэн мэдэгдэл гаргалаа.
Хурлын үеэр ОХУ-ын ерөнхий сайд Медведев зэрэг олон орны ерөнхий сайд нар зарим улс орон худалдааг ивээх үзэл, ганц талт үзлийг дэмжиж, улс төрийн дээрэнгүй зан гаргаж буйг буруушаажээ.
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян хуралд ШХАБ-ын чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг судлахыг санал болгож, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны илүү нягт тогтолцоог бий болгоё гэжээ. Хурлын нэгдсэн мэдэгдлээр энэ саналыг дэмжиж, талууд худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбаршуулахыг дэмжиж, бараа бүтээгдэхүүн, хөрөнгө мөнгө, үйлчилгээ, технологийн чөлөөт урсгалыг аажмаар бий болгоно гэжээ.
ШХАБ дэлхийн нийт хүн амын бараг тэн хагасыг хамарч, Европ, Азийн эх газрын 60 гаруй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь дэлхийн нийт хэмжээний 20 гаруй хувийг эзэлж байна. Ийм том бүс нутагт чөлөөт худалдааны бүс байгуулах нь тийм хялбар биш. Гэвч ШХАБ-ын хөгжлийн хандлага, Хятад улс чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг судлах санал гаргаж буйгаас үзвэл чөлөөт худалдааны бүс байгуулах үндсэн нөхцөлүүд нэгэнт бүрдсэн байна.
Нэг. Улс төрийн нөхцөлийн хувьд ШХАБ-ын гишүүн орнууд улс төрийн харилцан итгэлцлийн гүн зузаан үндэс суурьтай, гишүүн орнуудын төрийн тэргүүн нар маш нягт харилцаатай, олон салбар, олон шат давхарга дахь хоёр талт болон олон талт харилцаа эрчтэй хөгжиж, гишүүн орнууд эдийн засгаа хөгжүүлж, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхийг хамгийн гол үүргээ гэж үзэж буй учраас хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна.
Хоёр. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд ШХАБ-ын гишүүн орнууд бүгд чөлөөт худалдаа, бүс нутгийн хамтын ажиллагааны үр ашгийг хүртэж, тууштай дэмждэг. Гишүүн орнуудын ихэнх нь газар нутгаараа холбогдож, худалдааны харилцаа нягт, харилцан бие биенийхээ худалдааны чухал түнш, худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээ, хамрах салбар тэлэхийн хэрээр хамтын ажиллагааны боломж ч нэмэгдсээр байна.
Гурав. Худалдааны дүрмийн үүднээс үзвэл ШХАБ-ын гишүүн орнуудын Узбекистанаас бусад нь ДХБ-ын гишүүн учраас дагаж мөрдөх худалдааны дүрэм тогтоолын хувьд ижил, ДХБ-ын дүрэм, түүнд суурилсан олон талт худалдааны системийг дэмждэг.
Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын гишүүн орнуудын хооронд бүс нутгийн хоёр талт, олон талт худалдааны хамтын ажиллагааны механизм олширсон нь чөлөөт худалдааны бүс байгуулах үндэс суурь болж байна. Тийм ч учраас Казахстаны ерөнхийлөгч Назарбаев 2017 оны ШХАБ-ын дээд уулзалтын үеэр: Европ, Азийн эдийн засгийн холбоо, торгоны замын эдийн засгийн бүсийн уялдаа холбоо бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ боломж нээсэн гэжээ.
Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал харьцангуй тогтвортой байгаа ч олон тодорхойгүй байдал гарч, эдийн засгийн даяарчлалд сорилт тулгарч, худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл газар авч, дэлхийн эдийн засгийн хөгжилд заналхийлж байна. Ийм нөхцөлд хамгийн олон хүн ам, хамгийн уудам нутгийг хамарсан бүс нутгийн чанартай олон улсын байгууллага ШХАБ худалдааг ивээх үзлийг эрс эсэргүүцэж, чөлөөт худалдаа, олон талт механизм, хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг тууштай дэмжиж байгаа нь эдийн засгийн даяарчлалд чухал ач холбогдол үзүүлж, дэлхийн эдийн засгийн хөгжилд дэм болох нь гарцаагүй юм.
