Уг арга хэмжээний хүрээнд Өвөр Монголын 12 аймаг, хотын соёлын аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн сонирхуулах зорилго бүхий Соёлын аж үйлдвэрийн ерөнхий үзэсгэлэнгээс гадна түнш орнуудын бараа бүтээгдэхүүний оролцоотой “Нэг бүс нэг зам” олон улсын үзэсгэлэн нь хүмүүсийн анхааралд хүрч чадсан байна. “Нэг бүс нэг зам” олон улсын үзэсгэлэнд гол төлөв саяхан хаагдсан Хятад-Монголын II удаагийн экспог зорин ирсэн бизнес эрхлэгчид, уран бүтээлчид байсан хэдий ч экспоны үеэр ирж амжаагүй оролцогч, мөн тэдний бараа бүтээгдэхүүн, уран бүтээлийг худалдан авч байсан “танил” зочид багагүй олон байлаа. Эдгээрийн дундаас зочин ихтэй нэгэн уран зургийн павильон байсан нь Монгол Улсын чөлөөт уран бүтээлч, зураач Доржсүрэнгийн Тайванжаргал болон Энхболдын Мягмардорж байсан юм. Энэ тухай зураач Д.Тайванжаргал хэлэхдээ:
- Соёлын үзэсгэлэнд өөрийнхөө уран бүтээлтэй ирж оролцож байна. Уран бүтээлийн хувьд ОХУ, мөн Монголдоо өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Саяхан болж өнгөрсөн Хятад-Монголын экспод мөн ирсэн. Ер нь уран бүтээлээ аваад нэлээд газруудаар явж байлаа. Экспогоор олон бүтээл зарагдсан. Өмнө нь ирж байсан хүмүүс бас эрж хайгаад ирж байна гэлээ.

Монгол Улсын чөлөөт уран бүтээлч, зураач Доржсүрэнгийн Тайванжаргал
Монголын Улсын иргэдийн хувьд монгол бичгээр ажилладаг хүн цөөн гэдэг ч монгол бичгийг маш сайн эзэмшсэн, бүр гайхалтай уран гоё бичдэг хүн байдгийн нэг нь зураач, уран бичээч Энхболдын Мягмардорж байсан юм.
- Түүхэн сэдэвтэй зураг зурж байгаа маань уран бичлэг, монгол бичгээр бичиж байгаатай холбоотой. Зураг, монгол уран бичлэгээ хослуулан бүтээж байгаа. Нэгдүгээр ангиасаа монгол бичиг үзсэн. Өвөр Монголчууд монгол бичгээ сайхан хүлээж авч байна. Үзэсгэлэнд орсноор сайхан сайхан соёлын хүмүүстэй танилцана гэдэгт найдаж байна хэмээн ярьсан юм.

Монгол Улсын зураач, уран бичээч Энхболдын Мягмардорж
Энэ удаагийн соёлын аж үйлдвэрийн яармаг нь соёлын аж үйлдвэрийн солилцоо, хамтын ажиллагааны тавцанг бүтээхээр зорилго болгож, арга хэмжээний хүрээнд соёлын аж үйлдвэрийн үзэсгэлэн, худалдаа, солилцоо, шинэчлэл, хөрөнгө оруулалт, төслийн танилцуулга зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд соёлын аж үйлдвэрийн салбарын Хятад улсын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид арга хэмжээний дагуу зохиогдсон форумд оролцон, соёлын аж үйлдвэрийн бүтээлч хөгжил, соёл болон аялал жуулчлалыг уусган хөгжүүлэх зэрэг асуудлын талаар санал бодлоо чөлөөтэй солилцсон байна.
Арга хэмжээний ач холбогдлын тухай Д.Тайванжаргал хэлэхдээ:
- Ер нь уран бүтээлчдэд өөрсдийнхөө соёлыг танилцуулах боломжийг олгосон үзэсгэлэн зохион байгуулж байна гэдэг бидний хувьд маш том завшаан гэж бодож байна. Өвөр Монгол уран бүтээлчид өмнө нь хамтран ажиллах санал тавьж байсан. Хойшдоо мөн хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Хамтран ажиллаж, хоёр улсын хоорондын соёлыг, өөрийнхөө хийж бүтээсэн зүйлийг бие биендээ сонирхуулж хуваалцах хэрэгтэй байна гэлээ.
Үзэсгэлэнд оролцсон Монгол Улсын зураачдын уран бүтээлээс
Чөлөөт уран бүтээлч, зураач Доржсүрэнгийн Тайванжаргалын уран бүтээл


Зураач, уран бичээч Энхболдын Мягмардоржийн уран бүтээл
