
Музейг Хятадын зохиолчдын эвлэлийн үндэсний утга зохиол сэтгүүлийн орлогч ерөнхий найруулагч асан, монгол үндэстний нэрт зохиолч, утга зохиолын түүхч Т.Сайнбаяр ээлжийн амралтаа авсны дараа 2004 оны 10 сард Бээжингээс нутаг буцаж, Хятадын үндэстний цөөнхийн зохиолчдын судалгааны төвийг байгуулах ажлыг гардан эхлүүлсэн юм. 2005 оны 09-р сарын 15-ны өдөр Хятадын үндэстний цөөнхийн зохиолчдын судалгааны төвийг байгуулан, улмаар 2007 оны 05 дугаар сарын 30-нд хураан хадгалах, дэлгэн үзүүлэх, харилцан солилцох, судлан шинжлэх, сурган хүмүүжүүлэхийг уялдуулсан шинжлэх ухаанлаг чиглэлтэй, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжтэй, элбэг хүрэлцээтэй материалтай улсдаа анхны Хятадын үндэстний цөөнхийн утга зохиолын музейг ашиглалтад оруулж, 2009 оны 09 дүгээр сарын 15-нд барилгын нээлтээ хийж байв.
Музей нь 55 үндэстний цөөнхийн 1800 гаруй зохиолчийн 35 мянган зохиол бүтээл, захидал, гэрэл зургаас гадна Хятадын гурван их баатарлаг дууль “Жангар”, “Гэсэр хааны тууж”, “Манас” зэрэг эртний уран зохиолыг багтаасан үндэстний цөөнхийн эртний сурвалж бичгийг хадгалдаг. Мөн ясан сийлбэр бүхий “Монголын нууц товчоо” зэрэг нэн ховор зохиол бүтээлийг хадгалж байна.
2017 онд давхардсан тоогоор дотоод, гадаадын 4476, 2018 онд 5351 жуулчин тус музейг үзэж сонирхжээ. Одоо тус музейн хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтыг хийж байгаа ба ирэх 09 дүгээр сард музей байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ үеэр Өвөр Монголын Багшийн Их сургуулийн Монгол судлалын дээд сургууль, Бээжингийн Багшийн их сургуулийн Хэл утга зохиолын дээд сургууль хамтран “Хятад улсын үндэстний цөөнхийн уран зохиолыг судлан ярилцах хурал, эрдэм шинжилгээний солилцооны хурал зэрэг арга хэмжээ зохион явуулах гэж байна.











