solongonews
Усаар үр тариаг шимжүүлж, үр тариагаар ард иргэдээ баясгана
2022-07-01 09:30
Хүнсний аюулгүй байдал бол улс орны том асуудал.

Хэнань муж үндэсний хэмжээн дэх үр тарианы гол бүс нутгийн хувьд өндөр стандартын тариалангийн талбайн бүтээн байгуулалтыг түргэсгэж, тариалах газрын усны ашиглалтыг шинэчлэн, нарийвчилсан усалгааг сурталчлав. Ухаалаг газар тариаланг хөгжүүлэн, өргөн цар хүрээтэй, эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг түргэсгэж, үр тарианы ургацын тогтвортой, илүү их, чанар сайтай байдлыг баталгаажуулж байна.

Ус хэмнэх ухаалаг усалгаа

Хэнань мужийн Тайкан шяний Ү Ли Көү суурингийн Ван Си Ань тосгоны иргэн Цүй Жаньчан өглөө эртлэн тариалангийн талбайдаа ирлээ. Цүй Жаньчан тариалан дахь шүршүүр усалгааны хоолой болон цоргонуудыг нэг нэгээр нь холбосны дараа 200 метрийн зайд байрлах машин худгийн өрөөг чиглүүлэн алсын удирдлагаа дарахад тунгалаг ус цорго бүрээс шүршин гарч, буудайн тарианд жигд цацагдаж эхэллээ.

- Удирдлагыг ганц товшсоноор тариагаа усалж болно гэдгийг бид өмнө нь бодож ч үзээгүй гэж Цүй Жаньчан усалгааны төхөөрөмжийг харж сууснаа ихэд сэтгэл хангалуун ярьлаа.

2017 онд Цүй Жаньчан тосгоны 700 мү /ойролцоогоор 47 га газар/ тариалангийн талбайг шилжүүлэн ашиглаж, улаан буудай зэрэг таримал бүтээгдэхүүн тарих болсон байна.

- Эхний хэдэн худаг цөөхөн, услах шаардлагатай газар олон болох үед хүлээх хэрэгтэй. Хагас өдрөөр хүлээх үе ч гардаг байсан гэж Цүй Жаньчан эргэцүүлэн ярьлаа. Тухайн үед түүний хамгийн том хүсэл усалгааг хөнгөвчлөх асуудал байв.

Өндөр стандарт бүхий тариалангийн талбай бүтээн байгуулах ажлыг дээд түвшинд анхаарч, дунд, бага ургацтай талбайг шинэчлэхийг дэмжин, “Тэнгэрийн царайг хардаг” байсан тариаланг “Өндөр уналттай тариалан” болгон хувиргахын тулд Тайкан шянь 2019 оноос бүх бүс нутгийн хэмжээнд өндөр стандарт бүхий тариалангийн талбайн бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Улмаар 2019-2021 онуудад Тайкан шяний хэмжээнд нийт 325 мянган мү /ойролцоогоор 21.7 мянган га/ өндөр стандарт бүхий тариалангийн талбайг бүтээн байгуулсан байна.

Цүй Жаньчангийн даан ажиллуулж байгаа 700 мү тариалангийн талбай нь мөн өндөр стандартын тариалангийн талбайн бүтээн байгуулалтын хүрээнд хамрагдсан байна.

- Одоогоор айл болгоны тариаланд усалгааны хоолой, цорго тавигдсан учраас гандахаас айхгүй төдийгүй, хэт усалснаас болсон газар дэвтэх аюулаас ч айхгүй болсон. Картаа уншуулж тариагаа услах боломжтой. Алсаас удирдаж ч болно,  үнэхээр хялбар дөхөм болсон гэж Цүй Жаньчан хэллээ.

Эдний 700 мү тариалангийн талбайг өндөр стандартын тариалангийн талбай болгон өөрчилснөөс хойш газар тариалангийн техникчид байнга эргэж тойрон, хөрсний сорилт, томьёолол, иш сүрлийг дахин ашиглах, органик бордооны хэрэглээг нэмэгдүүлэх зэргээр мэргэжлийн зөвлөмж өгдөг болжээ. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд Цүй Жаньчангийн тариалан жил бүр элбэг ургац авах болов.

- Одоо зөвхөн улаан буудай гэхэд л мү бүрээс авах ургац нь өмнөхөөсөө 100 гаруй кг нэмэгдсэн гэж Цүй Жаньчан ярьлаа. Ургац хураалт нь тогтвортой болж, орлого нь нэмэгдсэнээр түүний газар тариалан эрхлэх хүсэл эрмэлзэл улам бүр нэмэгджээ.

Өндөр стандартын тариалангийн талбайг бүтээн байгуулах төслийг хэрэгжүүлснээр тариаланчдад ихээхэн үр өгөөж авчирлаа. Улмаар 2022 онд Ү Ли Көү суурин өндөр стандартын тариалангийн талбайн төслийг төлөвлөн хэрэгжүүлэх ажлын цар хүрээг улам бүр өргөтгөсөн байна. Тус суурингийн Намын хорооны нарийн бичгийн дарга Лян Зэнжы:

- Өндөр стандарт бүхий тариалангийн талбайг бүтээн байгуулах төсөлд Ү Дүн, Бао Жуан зэрэг засаг захиргааны таван тосгоны нийт 16 мянган мү /ойролцоогоор 1067 га/ тариалангийн талбайг хамарч, 13 мянга гаруй хүнд ашиг тус хүртээж байна гэж хэллээ.

Ургац нэмэгдүүлэх эрчимжсэн шинэчлэл

- Энэ хэсэг буудайн тариаланг саяхан дээд зэргийн бордоогоор бордсон учраас одоогоор маш сайн ургаж байна. Ургац сайн авах нь гарцаагүй боллоо гэж Хэнань мужийн Фү Гөү шяний Юн Жэнь фермийн эзэн Мү Юнжэнь тариалангаа харж сэтгэл хангалуун ярьлаа.

Энэ жилийн Төвийн 1-р тоот баримт бичигт бүх бүс нутгийн бага, дунд ургацтай тариалангийн талбайг өөрчлөх, тариалангийн талбайн хөрсний үржил шимийн түвшинг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай тодорхой дурдсан байна. Фү Гөү шянь нь мөн холбогдох хөнгөлөлттэй бодлого, дэмжлэгийн арга хэмжээг хэрэгжүүлж, улмаар тосгоны иргэдийг өрхийн тариалан эрхлэхээр дамжуулан бага, дунд ургацтай тариалангийн талбайг өөрчлөх, үр тарианы гарцыг нэмэгдүүлэхэд удирдан чиглүүлсэн байна.

- Улс орон маань олон сайхан бодлогууд хэрэгжүүлж, газар тариалан эрхлэгч бид нарт маш их итгэл найдвар авчирлаа. Тариачин хүн ч гэсэн гэгээн саруул ирээдүйтэй боллоо гэж надад санагдаж байна гэж ярих Мү Юнжэнь гэр бүлийнхэнтэйгээ ярилцсаны дүнд өргөн хүрээний, эрчимжсэн өрхийн тариалан эрхлэхээр болсон нь энэ аж.

Суваг нэвтрүүлэх, газар тэгшлэх, хөрсний доогуур утас татах, дусаагуураар болон шүршүүр усалгааны хоолой байрлуулах, агуулах барих, хүлэмж барих зэргээр шинэчлэл, өөрчлөлт хийсний дараа жижиг бөгөөд тархай бутархай тариалангийн талбай нь жигд, ургац сайтай тариалангийн талбай болсон байна.

- Тариалангийн талбай газар зүйн онцлогоос хамааран тариалалтын хоёр хэсэгт хуваагддаг. Том талбайг улаан буудай, эрдэнэшиш, шар буурцаг зэрэг хүнсний тариалангийн талбай болгон ашигладаг бол нөгөө хэсгийг нь сонгино, улаан лууван, цагаан ногоо зэрэг эдийн засгийн шинж онцлогтой тариалангийн бүтээгдэхүүн тарьж ургуулдаг байна. Ийм төрлийн тодорхой ангилал бүхий тарих загвар нь менежментэд дэмтэй, үр тарианы гарцын үнэ цэнийг сайжруулаад зогсохгүй эрсдэлийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Манай шянь хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг тогтмол хугацаатай томилон ирүүлж, бидэнд заавар зөвлөгөө өгдөг. Машин техник худалдаж авахад тэтгэлэг өгч, мөн тарианы үр, бордоо, эм зэргээр үнэгүй хангадаг гэж Мү ярьлаа.

Ард түмэнд ээлтэй үндэсний бодлогын тусламжтайгаар Мү Юнжений ферм автомат эм шүршигч, ургамал хамгааллын дрон 30 гаруй хөдөө аж ахуйн техникийг суурилуулж, үр тариа тариалах, арчлах, эм шүрших ажлыг бүхэлд нь механикжуулах ажлыг үндсэндээ биелүүлсэн байна.

Одоогийн байдлаар Фү Гөү шяний 512 өрхийн ферм, өрхийн фермийн 1920 ажилчид бүгд өрхийн аж ахуйн системийн динамик удирдлагад хамрагдаж, тариалах мэргэжлийн түвшин ч мэдэгдэхүйц сайжран, дунд, доод зэргийн ургацтай тариалангийн газраас аажмаар өндөр ургацтай тариаланд шилжин орсон байна.

Менежментэд зохицсон технологийн ашиглалт

Хэнань мужийн Шан Шүй шяний өндөр стандарттай тариалангийн талбайн ус хэмнэх өндөр үр ашигтай усалгааны үлгэр жишээ бүсэд дэвшилтэт технологи нь ердийн тариалангийн талбайн менежментийг илүү үр ашигтай болгож байна.

Тус бүс дэх тариалангийн талбай нь ухаалаг усалгаа, ус, бордоог зэрэг цацах нэгдмэл төхөөрөмж, хортой шавьж хянах төхөөрөмж зэрэг шинжлэх ухаан, технологийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Эдгээр тоног төхөөрөмж бүгд интернетэд холбогдсон, ухаалаг удирдлагын төвийн зохицуулалт, удирдлага дор бие даан, үр ашигтай ажиллаж чадахаар үл барам харилцан хамтран ажиллаж, тариаланчдыг бодит мэдээллээр хангах боломжтой.

- Өнөө үед тариалангийн талбайг манахад санаа зоволтгүй болсон, зүгээр л дэлгэц ширтэн, хуруугаа хоёр хөдөлгөхөд л бүх ажлаа амжуулчихна гэж үлгэр жишээ бүсийн холбогдох ажилтан хэллээ.

- Өмнө нь хүн хөлсөлж усалгаа хийдэг байсан. Нэг хүн өдөрт үсрээд 10 мү тариа л услах боломжтой байсан. Харин компьютерээр удирдах болсноос хойш нэг өдрийн дотор тариалангийн талбайг бүхэлд нь услах боломжтой болсон гэж Шан Шүй шяний Фэн Вэй тариалангийн хоршооны дарга Чю Шөүшянь автоматжуулсан усалгааны тухай олзуурхан ярьлаа.

Хэнань мужийн өндөр стандарт бүхий тариалангийн талбайг бүтээн байгуулах ажил нь тариалангийн талбай, ойн таримал, зам суваг, усалгаа зэргийг өөрчлөн шинэчлэх ажлаасаа аажмаар өндөр стандарт бүхий тариалангийн талбайн хөрсний үржил шимийн түвшинг дээшлүүлэх, хөрсний менежментийг сайжруулах, иш сүрлийг дахин ашиглах, органик бордоогоор бордох зэрэг тариалалтын мэргэжлийг ашиглахад анхаарах болж, хөрсний чанарыг сайжруулж байна. Хэнань мужийн Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны товчооны холбогдох албан тушаалтан энэ тухайд:

- Хөрсний чанарыг сайжруулахаар дамжуулан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулан, ард иргэдийг илүү чанартай, илүү аюулгүй амуу хүнсээр хангаж чадна гэж илэрхийллээ.

Зохиогч: БИ ЖИНЖИНЬ
Найруулагч: S.U
Эх сурвалж : Хятадын Өдөр тутмын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл