solongonews
Алшаа ардын дууны их багш Л.БАДАМ
2016-07-21 15:47
Өнө өргөн Алшаа
Олдохуйяа бэрх нутаг
Шан далай шажны чимэг
Шалгагч шамдагч төрийн ёс…

    Дархан дуучин Л.Бадам гуай шавийн хамт "Өнө өргөн Алшаа" уртын дууг эхлүүлэхэд тэмээн жингийн хонх тэр холоос жингэнэх шиг, тэнэгэр говийн элгэнд "Үрс найр" жаргаах шиг болно.

Энэ бол Алшаа ардын дууг өвлөн уламжлах ангийн төгсөх сурагчдын тайлан тоглолтын торгон агшин болно.
Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн дээд сургууль 2011 оноос эхлэн Хорчин ардын дууны өвлөн уламжлах анги, Алшаа ардын дууны өвлөн уламжлах анги, Цоорын өвлөн уламжлах анги, Шилийнголын ардын дууны өвлөн уламжлах анги, Ордос ардын дууны өвлөн уламжлах анги гэж  үндэстний дуу хөгжмийг өвлөн уламжлах анги нээж таван жил дараалан сурагч элсүүлж, шилдэг уран бүтээлчдийг бэлтгэсээр байна.
        Алшаа ардын дууны өвлөн уламжлах ангидаа Хангай, Цэлмэг, Хонгорзул зэрэг зургаан сурагчийг элсүүлэн авч хичээлийн шинэ гараагаа эхлүүлж, мэргэжлийн багшаар дархан дуучин Л.Бадам багшийг дөрвөн жил урин ажиллуулж ийнхүү төгсөлтийн тайлан тоглолтоо хийж байгаа юм.
 

       Уртын дууны их багш Л.Бадам гуай Төрийн өргөмжлөлт дархан дуучин, улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн монгол үндэстний уртын дууны төлөөлөгч өвлөн уламжлагч, Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн зочин профессор юм. 1979 оны "Ардын дуу хөгжмийг аврах цуглуулах хурал"-д урилгаар оролцож, Өвөр Монголын анхны ардын дуучны чуулга дээр тэргүүн байранд оров.
"Хятад улсын ардын дууны чуулга-Өвөр Монгол боть"-д Алшаа, Торгууд, Халх уртын дуу, богино дуутай холбогдсон ховор нандин материалыг хангаж, 60 гаруй дуутай бичлэг хийж, радио телевизээр нэвтрүүлж байв.
2004 онд Хятад улсын Соёлын яамны үндэстний ардын соёл урлагийг хөгжүүлэх төвөөс "Уригдсан ардын дуучин" өргөмжлөл, 2007 онд "Хятад улс байгуулагдсанаас хойш шалгаруулсан уртын дууны нэгдүгээр үеийн  дархан дуучин" өргөмжлөл хүртсэн долоон дуучны нэг болж, 2008 онд Улсын Соёлын яамнаас "Улсын зэрэглэлийн биет бус соёлын өв болох монгол үндэстний уртын дууны төлөөлөгч өвлөн уламжлагч"-ийг тус тус хүртжээ.
Тэрээр бас "Алшаа ардын дууны чуулган"-г гаргаж, "Ачит гурван богд" цомог, Өвөр Монголын Үндэстний дуу хөгжмийн эрдэнэсийн сан-Дархадын цувралын тусгай бүтээл "Өнө өргөн Алшаа" цомгийг гаргажээ.
   Ардын дуу бол монгол соёлын нэг хэсэг. Л.Бадам энэ эрдэнэт өв- ардын дуугаа өвлөн уламжлах ажилд хүчин зүтгэж, ардын дуу дуулаачдын ур мэргэжлийг дээшлүүлэх бэлтгэх, ардын дууг цуглуулах ажилд ханцуй шамлан орсоор байна.

Зохиогч: Цолмон
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл