
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай 02-р сарын 03-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж талуудын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Элчин сайд Цай Вэньруй уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шинэ үүрэгт ажлаа хүлээн авсанд баяр хүргэв. Тэрээр мөн Хятад, Монгол хоёр орон бол найрсаг хөршүүд бөгөөд Хятадын Засгийн газар Монгол Улстай урт хугацааны найрсаг, хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа хөгжлийн таатай нөхцөл байдлаа хадгалсаар ирсэн. Ялангуяа, Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш хоёр улс харилцан тусалж, цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаар нөхөрлөлийн үлгэр жишээ болж, хоёр улсын ард түмний харилцаа бэхжиж байна. Хятад улс хоёр улсын өндөр дээд түвшний харилцаагаа хадгалж, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхээр Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна гэж илэрхийллээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
- Монгол, Хятад хоёр улс бол Иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд талуудын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг салбаруудын хамтын ажиллагаа өндөр үр дүнтэй байна. Өнгөрсөн жилээс хойш талууд цар тахлын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлж, “Ногоон гарц”-ыг нээж, худалдаа, эдийн засгийг тогтвортой сэргээн нааштай үр дүнд хүрсэнд Монголын тал сэтгэл хангалуун байна. Миний бие сайдын бүрэн эрхийн хугацаандаа Монгол, Хятадын харилцааг шинэ шатанд гаргахаар БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж хэллээ.
